Бюро 24/7 тойм: Tom Ford, хавар-зун 2019
“Энэ бүх трендүүдийн улмаас бид эмэгтэйчүүд ба эрчүүд үнэн хэрэгтээ юу өмсөхийг хүсэж байгааг мэдрэхээ больжээ”
Загварын салбарынхан ухаалаг хувцас эсвэл гудамжны стиль зэргээр өвчилсөн байгаа энэ үед дизайнер Том Форд өөрийн нэрийн хуудас болсон өдөөн хатгасан, тачаангуй, глэм хэв маягт үнэнч хэвээр байна. Гэхдээ энэ удаад тэрээр загварын шоугаа 1920-иод оны Веймарын Бүгд Найрамдах Улсыг дүрсэлдэг "Babylon Berlin" цуврал киноны аяар эхлүүлсэн бөгөөд хувцаснууд декаданс хэв маяг бүхий тансаг хийцтэй болжээ. Торгон даашинз дээгүүр өмссөн савхин пиджак, өдөн оруулгатай юбка, хамба хилэн даашинз зэрэг нь цуглуулгын онцлох загварууд байлаа. Дашрамд дурдахад декаданс гэдэг үг нь cadere гэх латин үгнээс гаралтай бөгөөд үзэсгэлэнт зүйлсээр дүүрсэн уналтын үеийг хэлдэг. Яг л энэ санааг Том Форд илэрхийлэхийг хүссэн бололтой. "Миний бодлоор загварын салбар бага зэрэг төөрөгдөлд орсон байна. Энэ бүх трендүүдийн улмаас бид эмэгтэйчүүд ба эрчүүд үнэн хэрэгтээ юу өмсөхийг хүсэж байгааг мэдрэхээ больжээ" хэмээн Том Форд цуглуулгын талаар хэлсэн юм.