Хайх

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье”

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье”

Hermès–ийн гүйцэтгэх захиралтай хийсэн ярилцлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Hermès бол ер бусын загварын ордон юм. Тэдний бүтээгдэхүүнийг дэлхийн хүн амын маш бага хувь нь худалдан авах боломжтой байдаг хэдий ч брэндийн бүтикүүдийн гадаа үргэлж урт дараалал үүссэн харагддаг. Энэхүү парадоксын талаар мөн өөр олон сэдвээр ярилцах зорилгоор Мирослава Дума Hermès-ийн захиралтай уулзлаа

 

Энэхүү гэр бүлийн компани нийгэмд өрнөж буй өөрчлөлтүүдэд хурдан хариу үйлдэл барьж, орчин цагийнхаа шаардлагад нийцэж, өөрсдийгөө "шинээр бүтээдэг". Энэ хандлага байгаагүй бол 180 гаруй настай загварын ордон морин тэрэг хоцрогдож, автомашин зах зээл дээр гарч ирсэн үеийг даван туулахгүй байсан байх. Тэгсэн бол өнөөдөр бидний хайртай Birkin цүнх, Apple-тай хамтран гаргасан цаг, Фобур-Сент-Онор дахь бүтикийн гаднах дараалал зэрэг зүйлсийн аль аль нь бий болохгүй байхсан. Аз болж бүх зүйл сайнаар эргэсэн. Hermès морины тоног үйлдвэрлэхээ больж, гар цүнх, торгон алчуур болон бусад люкс бүтээгдэхүүн дээр төвлөрөх болсон юм. Түүнчлэн тэд XXI зуунд LVMH группын дайралтыг даван туулж, бие даасан байдлаа авч үлдсэн билээ.


Орос улсад тавтай морилно уу! Энэ таны анхны айлчлал уу?

Тийм ээ, би анх удаагаа Орос улсад айлчилж байна.

Тэгэхээр та урьд өмнө нь Санкт-Петербург хотод хэзээ ч очиж байгаагүй гэсэн үг уу?

Харамсалтай нь тийм. Би уул нь Оросын уран зохиол судлаж өссөн юм шүү дээ.

Таныг нэгэн үе банкны салбарт ажиллаж байсан гэж дуулсан юм байна. Амьдралынхаа тэр үеийн талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч? Ямар шалтгааны улмаас дараагаар нь гэр бүлийнхээ бизнест нэгдэхээр шийдсэн юм бэ?

Үнэнээ хэлэхэд би Hermès-д ажиллана гэж хэзээ ч бодож байгаагүй. Миний авга ах компанийн ерөнхий захирлаар ажиллаж, харин ээж маань үйлдвэрлэл хариуцдаг байсан юм. Өөрөөр хэлбэл манай гэр бүлийн хангалттай олон гишүүн компанид цаг заваа зарцуулдаг байсан. (Инээв.) Би 14 настайдаа хамгийн анх Hermès-д ажиллаж үзсэн. Би оёж сурах гэж оролдсон ч хэзээ ч тэгшхэн оёдол хийж чаддаггүй байлаа.

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 1)

Дадлагын ажилтан байсан гэсэн үг үү?

Тийм ээ. Надад үнэндээ юм оёх авьяас огтхон ч байхгүй юм байна лээ. Харин өнгөлгөөний тал дээр давгүй шүү. (Инээв.) Улс төр судлаачийн диплом авмагцаа би Хятад руу аялахыг мөрөөдөж эхэлсэн. Би Хятадын компаниуд руу өөрийнхөө анкетыг маш олноор нь илгээсэн. Эцэст нь надад банкны салбарт ажил санал болгож, би зөвшөөрсөн юм. Миний амьдралын тэр үе маш зугаатай байсан шүү.

Яагаад заавал Хятад гэж? Орос ч юм уу өөр орон руу явъя гэж бодож үзсэн үү?

Үнэнээ хэлэхэд Орос орон миний хоёрдугаар хувилбар байсан юм. Тэр үеийн сонголтод миний сонирхдог уран зохиол том нөлөө үзүүлсэн. Тодруулж хэлбэл Андре Мальрогийн "Man's Fate" гэх Хятадын хувьсгалын талаарх ном миний сонирхлыг бадраасан. Орос зохиолчдоос дурдвал надад хамгийн их таалагддаг нь Достоевский юм. Юутай ч би Лондон эсвэл Нью-Йоркд амьдрахыг хүсээгүй. Би илүү этгээд зүйл хүсдэг байлаа. Үр дүнд нь би Хятадад хоёр жил амьдарч, дараагаар нь хэсэг хугацаанд эргээд Парис хотод суурьшиж, банкны салбарт ажилласан. Түүний дараагаар би дөрвөн жилийн турш Нью-Йоркд амьдарсан. Яг тэр үед би авга ах Жан-Луитай маш их уулздаг байлаа. Тэр үед тэр компанийг удирддаг байсан хэдий ч бие нь муудаж эхэлж байсан юм. Тэр надаас гэр бүлийн бизнест орохыг хүсэж байна уу гэж асуусан. Би анхандаа их гайхсан ч зөвшөөрөхөөр шийдсэн.

Яагаад гэвэл Hermès-д үгүй гэж хэлэх боломжгүй болохоор уу?

Магадгүй миний зүгээс татгалзсан бол надад илүү ашигтай байх байсан болов уу. Учир нь тэд намайг илүү их ятгах байсан байх. Гэхдээ би зөвшөөрч, компанид ямар үүрэгтэй байх талаар ярилцаж эхэлсэн.

Та тэр даруйд нь компанийг удирдмаар байна гэж  зарлаагүй юм уу?


Үгүй ээ, би даруухан байсан. (Инээв.) Би компанид ач тус авчрах юу ч хамаагүй хийхэд бэлэн байна гэж хэлсэн. Гэхдээ би санхүүгийн тал дээр ажиллахыг хүсээгүй. Харин авга ах намайг яг санхүүгийн хэлтэст ажиллахыг санал болгож, жилийн дараа гэхэд би Францын худалдаа хариуцсан менежерээр томилогдсон. Дараагаар нь би тэр үедээ маш жижиг байсан үнэт эдлэлийн шугамыг хариуцаж ажилласан. Өнөөдөр тэрхүү шугам нь Hermès брэндийн хамгийн хүчтэй чиглэлүүдийн нэг болсон байгаа. Түүнчлэн нэг хэсэг би арьсан эдлэлийн хэлтэст ажиллаж байгаад, эцэст нь компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан юм.

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 2)

Та Hermès-ийн бие даасан байдлыг хадгалж үлдэж чадсан. Энэ бол том ололт, амжилт юм. Танай компанийн хамт олон үүнийг хэрхэн хийж чадсан бэ?

Юуны түрүүнд Hermès брэнд нь зургаан үе буюу 180 гаруй жилийн турш манай гэр бүлтэй салшгүй холбоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг сануулах хэрэгтэй. Бидний хувьд компани гэр бүлийн бизнес хэвээрээ үлдэх нь яагаад тийм чухал вэ гэж үү? Яагаад гэвэл бид Hermès-ийн үндсэн үнэ цэнийг хадгалж үлдэхийг хүсч байна. Тодруулбал, мэргэжлийн гар урлалын чадвар, өндөр зэрэглэлийн чанар бүх зүйлд шингэсэн байдаг тэр онцгой шинж алдагдаж болохгүй. Тухайлбал бидэнд маркетингийн хэлтэс гэж байдаггүй. Бид дэлгүүрүүддээ эрх чөлөөтэй худалдан авалт хийхийг зөвшөөрдөг. Ийм зэргийн өвөрмөц хандлага манай компанид маш олон бий. Тиймээс л бид гаднах хувьцаа эзэмшигчид болон банкнуудаас компаниа хамгаалж, бие даасан байдлыг нь авч үлдэх гэж тэгж их хичээсэн хэрэг. Ийм асуудал дээр бид маш няхуур байхыг зорьдог.

Hermès энэ утгаараа бусдаас маш онцгой. Загварын ордны энэ увидаст бараг хүн бүр автдаг шүү дээ.

Тийм шүү. Бүх зүйл энэ хэвээрээ үлдээсэй гэж хүсэж байна. Би Hermès-д маш их хайртай. Бусад хүмүүс ч гэсэн манай брэндэд хайртайг мэдэрдэг. Компанийн бие даасан байдал бидний хувьд санхүүгийн биш харин зарчмын асуудал байсан гэж хэлж болно. Манай гэр бүл нийт хувьцааныхаа 51%-ийг холдингийн компанид шилжүүлсэн ба тэр нь ойрын 20 жилийн хугацаанд зарагдах боломжгүй юм. Энэ бол маш чухал алхам. Тэгсэн хэдий ч энэ шийдвэрийг гаргахад манай гэр бүлд нэг цаг л зарцуулсан. Тэд Hermès-ийг авч үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан тул тэр дор нь гарын үсгээ зурцгаасан. Гэр бүл ба хамт олон маань компанидаа хичнээн үнэнч болохыг энэ алхам харуулж байгаа юм.

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 3)Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 4)

Таны бодлоор Hermès ирээдүйд өөрийн бие даасан байдлаа хадгалж үлдэж чадах болов уу? Та ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

Бид ингэхийн тулд шаардлагатай бүхнийг хийнэ. Тиймээс бид ирээдүйд ч гэсэн бие даасан байдлаа хадгалж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ би ирээдүйг зөгнөж чадахгүй шүү дээ. Магадгүй ирээдүйд биднийг өөр төрлийн тулаан хүлээж байгаа. Эсвэл хэн нэгэн дахиад л компанийг эзэмдэхийг хүсэх байх. Ажлаа бусдаас сайн хийхэд хүмүүсийн атаархал төрж эхэлдэг. Үүнээс зугатах боломжгүй юм.

Hermès шиг компани удирдахын тулд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

Миний бодлоор хоёр маш чухал асуудал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт компанийнхаа өв уламжлалыг заавал ч үгүй авч үлдэх хэрэгтэй. Бидний тохиолдолд тэр нь гар урлал ба түүх юм. Хоёрдугаарт өөрчлөгдөх ёстой зүйлсийг өөрчлөхөөс айх хэрэггүй. Амьдралаас хоцрохгүйн тулд зарим зүйл дээр зайлшгүй шинэчлэл хийж байх үүрэгтэй. Бид бол эртний компани. Гэхдээ бид орчин цагтайгаа нийцэж, үргэлж өөрчлөгдсөөр ирсэн.

Эмиль Эрмэс компанийн хувьд жинхэнэ шинийг сэтгэгч байсан. Тэр брэндийн хөгжилд том хувь нэмэр оруулах хоёр гол зүйл хийсэн. Тэр 27 насандаа Орос бол бидний хувьд чухал зах зээл гэдгийг ойлгож, Москва ба Санкт Петербург руу аялж, тэндээ хоёр жилийн турш хааны ордны нийлүүлэгчээр ажилласан. Энэ нь Hermès-ийн хувьд чухал амжилтыг авчирсан. Дараагаар нь автомашинууд морин тэргийг зах зээлээс шахан гаргах болсныг Эмиль ойлгосон. Энэ үед брэндийн хөгжлийн хоёр дах чухал алхам хийгдсэн. Бидний бизнес хаагдах өндөр аюул байсан. Учир нь Hermès 100 гаруй жилийн турш морин тоног үйлдвэрлэсэн шүү дээ. Эмиль Эрмэс компанийг шинээр бүтээсэн. Тэр гар урлалын өв залгамжлалаа авч үлдэж, түүнийгээ ашиглан эмэгтэй цүнх, торго, зангиа бас хувцас борлуулж эхэлсэн. 

Миний бодлоор Hermès-ийн яг л энэ чанар хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид өөрчлөгдөж, өөрийгөө шинээр бүтээж чаддаг. Зургаан үе дамжсаны дараа компанийг улам цааш хөгжүүлэхийг зорих үедээ би үүнийг л анхааралдаа авдаг. Чанар ба гар урлал гэх үндсэн үнэ цэнээ авч үлдэж, хажуугаар нь шинэлэг бүтээлч зүйл сэдэж олж байх хэрэгтэй. Орчин үед загварын мэргэжилтнүүд ямар их дарамт доор ажиллаж байгаа талаар шуугиан дэгдэх болсон. Hermès-д ямар ч дарамт байдаггүй гэж би хэлэхгүй л дээ. Гэхдээ өмнө хэлж байсанчлан манай компанид маркетингийн алба гэж байдаггүй. Бид уран бүтээлийн эрх чөлөөнд чухал ач холбогдол өгдөг. Бид дизайнерууддаа хатуу зааварчлага, тушаал өгдөггүй. Учир нь тэд дотоод ертөнцөөсөө улбаалж аливааг бүтээдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр бид брэндийн нэрийн дэлгүүрүүддээ худалдан авалтын эрх чөлөө олгодог. Тэгэхээр Hermès-ийн дэлгүүр бүр хүссэн бараагаа сонгон авч, худалдаалж болно. Тиймээс манай бүтикүүд хоорондоо их ялгардаг. Бидэнд бараа хүргэлтийн нэгдсэн систем гэж байхгүй. Энэ бүгдийн гол учир нь бид аж үйлдвэрийн үйлдвэрлэгч биш, харин гар урлалын брэнд гэдэгт оршиж байгаа юм.

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 5)



Ихэнх брэндүүд аж үйлдвэрийн дүрэм журмыг дагаж ажилладаг нь их сонирхолтой. Тренд агентлагууд дизайнеруудад ямар өнгө ашиглахыг зааж, харин загварын орднууд хуваарийн дагуу жилд тодорхой хэдэн цуглуулга гаргах ёстой байдаг. Гэхдээ энэ бүх дүрэм журам амжилт амлахгүй шүү дээ. Харин Hermès өөрийн гэсэн дүрэм зохиодог хэрнээ, дэлхийд хамгийн амжилттай компаниудын нэгт тооцогдож байна. Компанийн нууц юунд байна вэ?


Аливаа амжилтад даруухан хандлага гаргах хэрэгтэй. Намайг хүүхэд байхад Hermès өнөөдрийнх шиг ээ тийм ч их алдартай компани байгаагүй. Том амжилт ирмэгц, өөрийн үнэ цэнээ авч үлдэх улам хэцүү болж эхэлдэг. Компанийн өсөлт, дэвшил бидэнд том боломжууд нээж өгдөг. Бид өмнө нь мөрөөдөж ч чаддаггүй байсан зүйлсээ хийх боломжтой болдог. Гэхдээ энэ нь эргээд сонголт хийх шаардлага үүсгэдэг. Өөртөө, өөрийн зорилгодоо үнэнч үлдэх хэцүү ч, үүнийг л бид дүрэм журмаа болгон ажилладаг. Hermès-ийн зорилго нь уран бүтээл ба гар урлалын алтан дунджийг олоход оршдог.

Hermès бол гар урлалын чадамжийг харуулсан, тансаг байдлын мөн чанар юм. Зарим тохиолдолд люкс компаниуд шинэ техник, технологи ашиглахаас эмээдэг. Харин Hermès 2001 онд бусдаас түрүүлж цахим худалдаа гаргасан. Тэр үед бүгд л "Бид хөгжил дэвшлийн эринд амьдарч байна. Интернет бол бидний ирээдүй" хэмээн ярьдаг байсан ч бодит байдал дээр энэ салбарт ямар нэгэн нөлөө бүхий зүйл хэрэгжүүлсэн хүн тун ховор байсан. Ихэнх том брэндүүд цахим худалдаа эхлүүлээгүй байлаа.

Орчин үеийн дижитал технологи хэр хурдтай хөгжиж байгааг бид бүгд сайн мэднэ. Та компанийн уламжлал ба шинэ санаачлага хоорондын тэнцвэрийг хэрхэн олдог вэ?

Аливаа зүйлийн тэнцвэрийг олоход хэцүү байдаг. Миний бодлоор дижитал технологи хөгжихөд зөвхөн технологийн салбарын шинэ санаа нөлөөлөөд байгаа юм биш. Хамгийн гол нь дэлхий ямар чиглэлээр хөдөлж байна гэдгийг ойлгож, түүнийг эсэргүүцэх биш, хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Анх 2001 онд миний авга ах Пьер-Алексис цахим худалдаа үүсгэхээр шийдсэн юм. Бид хоёр тэр үед их залуу байсан. Бид интернет орчинд хөгжиж, бусдын юу хийж байгааг сайтар ажиглах хэрэгтэй байна хэмээн ярилцдаг байлаа. Бүгд л авга ахыг Hermès-ийн түүхийг харуулсан вебсайт нээх хэрэгтэй гэж ятгаж байсан. Харин тэр "Hermès-ийн түүхийг ярьж, тайлбарлаж байх ямар ч шаардлага байхгүй. Хүмүүс өөрсдөө тэр түүхэнд гар бие оролцож, тэр түүхийг мэдэрч амьдрах хэрэгтэй. Бид худалдааны бизнес хийдэг учир дэлгүүр нээцгээе" хэмээн хариулдаг байсан. Бид цахим дэлгүүр нээсэн цөөн хэдэн газрын нэг болж, эхэндээ зөвхөн АНУ-д борлуулалт хийдэг байлаа.

Бидний өнөө үеийн бизнес хэлэлцүүлэг 1970-аад оныг надад санагдуулдаг. Тэр үед мэдээж хэрэг цахим хувьсгалын талаар яригдаж эхлээгүй байсан. Бид илүүтэйгээр олон улсын зах зээлийг хэрхэн эзэмдэх талаар ярилцдаг байсан. Ихэнх нь "Тийм шаардлага байхгүй ээ, дэлхийн бүх л хүмүүс Парист ирдэг шүү дээ" гэж маргадаг байсан. Олон улсын хөгжил тэр үед их эрсдэлтэй байж, тэрхүү эрсдэл нь эргээд ашиг авчрах үгүйг таамаглахын аргагүй байсан юм. Гэхдээ аз болж бүх зүйл амжилттай болсон. Хараад байхад орчин үед ихэнх брэндүүд ийм үзэл бодолтой байна. Дэлгүүрүүдийн борлуулалт сайн байгаа юм чинь цахим дэлгүүр нээх шаардлага байна уу? Онлайн дэлгүүрт брэндээ илтгэх тансаг орчин бүрдүүлж болно гэж үү гэх мэтээр ханддаг. Тэгтэл нэг л зүйл маш тодорхой байна. Арав юм уу хорин жилийн дараа худалдан авагчид таныг цахим сүлжээнд харахыг хүснэ. Тэд үүнийг худалдан авалт хийхийн тулд, тантай харьцахын тулд, эсвэл зүгээр л мэдээлэл авахын тулд хүснэ. Тиймээс та эртнээс тэрхүү орон зайг бэлдэж, брэндийнхээ үзэл бодол, стилийг шингээж байх хэрэгтэй.

1970-аад оныг санагдуулам бас нэгэн ижил төстэй зүйл энэ асуудалд байна. Франц брэндүүд олон улсад гарч эхлэхдээ эрсдэлээ багасгахын тулд ихэвчлэн лицензийн аргачлалыг сонгодог байсан. Харин бид бүх зүйлийг өөрсдөө хянахыг хүсч, жижиг хүрээнээс эхэлсэн. Энэ нь цахим технологийн эрин үед ч мөн чухал ач холбогдолтой асуудал гэж бодож байна. Хэрвээ таны онлайн тавцан брэндийн тань стратеги алхмын нэг бол түүнийгээ бусад хүмүүст битгий даатгаарай. Та үүнийг өөрөө хийх ёстой. Магадгүй бид жижиг хүрээнээс эхэлж, олон алдаа гаргасан байх. Гэхдээ бидэнд бүх зүйлийг өөрсдөө хянах боломжтой нь их таалагддаг байсан. Тиймээс л бид цахим чиглэлээ ч мөн адил компани дотроо хөгжүүлж, том компаниудын өмч болгохоос хамгаалдаг.

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 6)

Бид бүгдийн өдөр тутмын амьдралыг өөрчилж байгаа интернет төслүүдтэй юу болж буйг та сонирхдог уу? Бид өглөө сэрэнгүүтээ шүдээ угаахаасаа өмнө Instagram, Facebook, цахим шуудангаа шалгадаг болоод байна шүү дээ. Интернет бидний амьдралыг бүхэлдээ өөрчлөөд байна. Би саяхан Сан-Францискод болсон New Establishment гэх форумд оролцоод ирсэн. Тэнд Илон Маск, Марк Андриссен ба Марк Цукерберг гэх зэрэг гайхалтай хүмүүс яриа хийж байсан. Тэднийг сонсож байх үед тэд яг л XXII зуунд амьдарч, харин бид XXI зуундаа оршин тогтнож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Тэд сансар огторгуйтай холбоотой төсөлд хөрөнгө оруулах, виртуал болон нэмэгдэлтэй бодит байдал, Oculus Rift төсөл зэргийн талаар ярилцаж байсан. Зах зээлд Google Glass ба Apple Watch гэх шинэлэг бүтээгдэхүүнүүд гарч ирээд байна. Та Apple-тай хамтарч байсан талаараа яриач?

Бид үргэлж Apple-ийг их хүндэлдэг байсан. Тэд ч бас биднийг үнэлдэг болж таарсан. Apple-ийн дизайн хариуцсан захирал Жонатан Айвд Hermès-ийн том цуглуулга байдаг юм билээ.

Түүний Hermès-тэй хамтрахыг хүссэн нь таны хувьд магтаал мэт санагдсан байх.

Би ямар нэгэн хамтын ажиллагаанд дурлаад байдаг хүн биш л дээ. Apple ч гэсэн тийм хандлагатай байдаг. Жонатан Айвтай уулзахдаа бид өөрсдийн үзэл бодлыг хоорондоо хуваалцсан. Бидний хандлага нэлээд адилхан болж таарсан. Тэгээд л бид хамтраад үзэхээр шийдсэн. Яагаад үгүй гэж? Бидний хамтарсан бүтээгдэхүүн маш гоёмсог болсон шүү. Түүнд бидний гар урлалын өндөр чанар, нарийн деталь бүхий ажиллагаа мөн Apple-ийн орчин үеийн технологи сайхан зохицсон. Энэ нь бидний хувьд төлөвлөсөн стратегийн алхам байгаагүй. Бид харилцан хүндлэлцэл, харилцан гайхшралын үр дүнд уг бүтээгдэхүүнийг гаргасан юм. Би ийм учраас л Apple-д хайртай. Apple үргэлж шинэлэг зүйл бүтээдэг гэдгээрээ бусдаас ялгардаг. Энэ компани бүтээгдэхүүн бүрдээ сэтгэлээ шингээж, хүн бүрийг бүтээгдэхүүнд нь донтоход хүргэдэг. Өдрийнхөө ихэнх цагийг Iphone-тойгоо өнгөрүүлдэг бол энэ их чухал юм. Apple одоо ч гэсэн Iphone-ы бүтээмжийг ихэсгэх, таны амьдралд хэрэг болох олон жижиг деталиуд сэдэж суугаа. Тэдний энэ хандлага биднийхтэй төстэй.

Бид Жонатаныг манай мэргэжилтнүүдтэй уулзуулахаар урин авчирж, цагны анхны дизайныг өөрчилсөн. Хүний хэрэглээнд илүү ойртож, гарт эвтэйхэн болгохын тулд ганц хоёр зүйлсийг өөрчлөх шаардлага байсан. Бид хамтын ажиллагааныхаа үр дүнд супер загварлаг зүйл бүтээхийг зориогүй.

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 7)

Компютерийн суут ухаантнуудыг дэлхийн загварын нийслэлд цуглуулж чадсан тань их сайхан зүйл. Apple Watch Hermès-ийн нээлтийн өдөр Парис хотод болж өнгөрсний дараа би Apple-ийн багтай нэг онгоцонд Сан-Франциско руу форумд оролцохоор явсан. Тэд яг л Диснейлендэд очсон жоохон хүүхдүүд шиг байсан гээч! 

Тийм ээ, бидний ертөнцүүд хоорондоо их ялгаатай. Бид нээлт болохоос өмнө бүх хамт олондоо зориулж хамтарсан сургалт явуулсан юм. Хоёр өөр туршлагатай хэрнээ нэг өнцгөөс дэлхийг хардаг хоёр баг хамтран юм сурч, хамтран ажиллаж байхыг харах сайхан байсан шүү. Хэн нь хэн болохыг ялгахад тун хялбар байсан. Зарим нэг нь футболк өмссөн байхад зарим нэг нь хослол ба зангиа өмссөн байлаа. Хамгийн чухал нь бид энэхүү төсөл дээр ажиллаж байх үедээ цагийг маш үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлж чадсан.

Хэрэглэгчидтэйгээ харилцах боломжийг нээсэн орчин үеийн олон нийтийн сүлжээний талаар та юу гэж боддог вэ? Таны хувьд чухал ач холбогдолтой санагддаг уу?

Энэ тал дээр бидэнд хийж амжаагүй зүйл их байгаа гэж бодож байна. Hermès өөрийн шинэлэг санаанууд, тэднийгээ хүмүүст хэрхэн хүргэх тал дээр маш нямбай ханддаг. Харин олон нийтийн сүлжээнд бүх зүйл хурдан өрнөж, тогтмол өөрчлөгдөж байдаг. Тэр процессыг хянах ямар ч боломжгүй байдаг. Тиймээс энэ нь брэндэд бага зэргийн тавгүй байдал үүсгэдэг юм. Бид өөрийн гэсэн харилцах хэлийг бодож олж, тэгсэн хэрнээ нууцлаг байдлаа хадгалж үлдэх хэрэгтэй гэж би үздэг. Бид албаар бүхнийг дэлгэдэггүй. Сайн рестораны гал тогоог харуулах хэрэггүй байдаг гэж авга ах минь надад захидаг байсан. Гэхдээ биднийг тойрон хүрээлсэн атаархал, хэл амаас зайлсхийх хэрнээ нууцлаг байдлаа авч үлдэнэ гэдэг хэцүү. Бид зөв тэнцвэрийг хайж байгаа. Бидэнд Instagram бий. Бүх сүлжээнүүдээс хамгийн их дүрс зурганд анхаарал хандуулдаг сүлжээ тул бидэнд таалагддаг юм.

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 8)



"Гал тогооны" талаар ярихад танай гал тогоо маш үзэсгэлэнтэй тул хэнд ч харуулсан бардам байдаг байх. Би нэгэн удаа Hermès-ийн үйлдвэр дээр очиж үзсэн юм. Тэр үед цагаан халаат өмссөн чадварлаг мэргэжилтнүүд гар аргаар Kelly цүнхийг урлаж, мөнгөлөг чимэг нэмж байсан. Дараа нь би танай баримтат киног үзсэн. Үнэхээр гайхамшигтай. Та энэ бүгдийг нуулгүй хүмүүст үзүүлж байх хэрэгтэй гэж би бодож байна. Бүгд л Hermès-ийг маш өндөр чанарын гар аргаар урласан цүнх бүтээдгийг мэддэг ч тэр бүгдийг нүдээрээ харвал брэндийг хүлээж авах төсөөлөл тэс ондоо болдог.

Биднийг бусдаас онцгой байлгадаг гурван зүйл бий. Нэгдүгээрт бид деталь бүрд нарийн ажиллагаа гаргаж, өндөр анхаарал хандуулдаг. Үйлдвэрлэлийн үндсэн мөн чанар үүнд л оршиж байгаа юм. Миний авга ах Жан-Луи тэдгээр процессыг хэнд ч үзүүлэх хэрэггүй гэж боддог байсан. Мөн тэр сайхан зүйл бүтээхийн тулд сайхан орчин хэрэгтэй гэж байнга хэлдэг байсан. Тиймээс л бидний хувьд архитектур их чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хоёр дах чухал зүйл нь гэвэл бид үйлдвэрлэлээ бага хэмжээгээр хийдэг. Бидэнд том үйлдвэрүүд байдаггүй. Зөвхөн жижиг мануфактурууд л бий. Ажилчдын тоо 200-250 хүнээс хэтрэхгүй байх дээр бид анхаардаг. Учир нь олон ажилтантай болох тусам менежерууд тэднийг нэрээр нь танихаа больж, хамаг үйл явц өөрчлөгдөх болно.

Эцэст нь эсгүүр гаргахыг эс тооцвол цүнх бүр нэг мэргэжилтний гараар бүтээгддэг. Бид мэдээж хэрэг энэ процессыг илүү стандартчилсан болгож, чанарыг нь алдагдуулалгүйгээр цүнхнүүдээ үйлдвэрлэж болох байсан. Тэр тохиолдолд мэргэжилтэн бүр тодорхой нэг үүргийг гүйцэтгэж, цүнх олон мэргэжилтний гараар хийгдэх байсан. Гэхдээ бидэнд нэг мэргэжилтэн нэг цүнхийг бүхлээр нь хариуцаж хийх нь маш чухал. Мэргэжилтэн бүтээлээ дуусгаад эцэст нь гарын үсгээ цүнх дээр тавьдаг. Үүгээрээ бид мэргэжилтнүүдээ хэр их хүндэлдэг нь, мөн бүтээгдэхүүн болгонд сэтгэл шингэсэн байдгийг харуулж байгаа юм. Зарим мэргэжилтнүүд хийсэн бүтээлдээ өөрөө дурлаж, түүнээсээ хагацахад хэцүү тохиолдол хүртэл гардаг шүү. Заримдаа хэрэглэгч цүнхээ өнгөлүүлэхээр буцаагаад илгээхэд мэргэжилтэн өөрийн бүтээлийг таньдаг. Ажилтнууд маань олон сонирхолтой сэтгэл хөдлөл харуулдаг. Үүнд л Hermès-ийн ид шид оршиж байгаа юм.

Аксель Дюма: “Hermès-ийн бүтикүүдэд үүсдэг дараалалд хүлцэл өчье” (фото 9)

Та бүхэн цүнхний шугаманд маш их хөдөлмөр, их сэтгэл шингээж, өндөр амжилт олсон. Би бол танай бүтээгдэхүүний шүтэн бишрэгчдийн нэг юм. Нэг удаа миний хамтрагч Hermès-ийн цүнх авахыг хүссэн юм. Дэлгүүрийн урд урт дараалал үүссэн байсан. Дотор нь ороод хүссэн цүнхээ асуутал худалдагч бүсгүй энэ загварыг олоход маш хэцүү байх хэмээн хариулсан. Би тэр үед та бүхэн үнэхээр гайхамшигтай үзэгдэл бий болгож чадсан гэж бодож байлаа. Дэлхий нийт хүн амын харьцангуй бага хувь нь Hermès брэндийн энэ их үнэтэй бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Гэтэл дэлгүүрүүдийн гадаа дараалал үүссэн байдаг. Та бүхэн бусад сая, сая компаниудын хийж чадаагүй зүйлийг хийж чадсан, гайхалтай брэнд.

Таны түүхийг сонсоод би хоёр л зүйл хэлэх байна. Юуны түрүүнд дэлгүүрийн гадаа үүссэн байсан дараалалд хүлцэл өчье. (Инээж байна.) Магадгүй бид Фобур-Сент-Онор дахь бүтикээ томсгох хэрэгтэй байх.

Үгүй дээ, тэгэх ямар ч шаардлага байхгүй. Миний хэлэх гэсэн зүйл бол ердөө хэрэглэгчдийн дунд ийм өндөр эрэлттэй байдаг нь ер бусын санагдах юм.

Тийм ээ, гэхдээ би дэлгүүрүүдийн гадаа үүссэн дарааллыг харах бүрдээ дотроо эвгүйцдэг шүү. (Инээж байна.)

Хэрэглэгчийн хувьд бид үүнд зөвхөн брэндийн амжилтыг л олж харж байгаа!

Баярлалаа! Би бас нэгэн зүйл хэлэх гэсэн юм. Бидний цүнхийг худалдан авах ийм өндөр эрэлт үүсэх үед компани одооныхоос хамаагүй жижиг байсан. Бид маш их баяртай байсан. Тэр үед ямар ч хүлээлтийн жагсаалт байгаагүй. Бидний төлөвлөөгүй байсан эрэлт үүсэх үед тийм жагсаалт үүсдэг юм. Харин одоо бусад компаниуд цүнхээ худалдаанд гаргамагцаа эхний өдрөөс эхлэн хүлээлтийн жагсаалт үүсгээд эхэлдэг. Үүнийг харахад зугаатай байдаг шүү. Hermès-ийн том ялгаа бол бид хэрэглэгчиддээ эртний уламжлалын дагуу хийгдсэн, жинхэнэ чанартай бүтээгдэхүүн хүргэдэг. Хэрэглэгчид маань ч үүнийг сайтар ойлгож, хүлээхээс татгалздаггүй.

цааш үзэх