Тансаг зэрэглэлийн хуучин цүнх хөрөнгө оруулалт болж чадах уу?
Рисейл платформ дээр худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс
Энгийн нэг масс үйлдвэрлэгдсэн хувцас, эдлэлээс илүү удаан хугацааны турш эрэл хайгуул хийж авсан винтэж зүйлс байгальд ээлтэй, ухамсартай худалдан авалтыг эрхэмлэдэг болсон орчин үед илүү өндрөөр үнэлэгдэх болсон. Тэр ч бүү хэл “Кайли Женнерийн эзэмшдэг 100,000 фунт стерлингийн үнэтэй Birkin цүнх бол үл хөдлөх хөрөнгө өмчилснөөс ч илүү нэр хүндийн баталгаа болно” хэмээн Их Британийн Sellier рисейл платформын үүсгэн байгуулагч Ханушка Тори хэлсэн удаатай.
Хэчнээн тансаг зэрэглэлийн цүнхний хоёрдогч зах зээл өргөжин тэлж байгаа ч үүний хэрээр хуурамч, дуураймал хувилбаруудыг нь борлуулдаг найдваргүй платформууд ихэссээр байгаа юм. Тиймээс худалдан авагчдын өмнө улам сонор сэрэмжтэй байж, яаран мөнгөө зарлагдахаас өмнө сайтар судалгаа хийх хэрэгцээ үүсээд байна. Тэгвэл загварын салбарыг арван хуруу шигээ мэддэг хүмүүс эрсдэлийг хэрхэн даван туулж, өөрсдөдөө оновчтой, тэр ч бүү хэл ирээдүйд үнэ цэн нь өсөх зөв сонголтыг хийж байна вэ? Асуултын хариултыг Sellier платформын үүсгэн байгуулагч Ханушка Тори хуваалцжээ.
Юун дээр анхаарах ёстой вэ?
Нэр хүндтэй найдвартай компани сонгох
“Second hand”, аль эсвэл “pre-loved” цүнх гэж бичээд google дээр хайгаад үзэхэд хэдэн зуун онлайн платформууд гарч ирэх нь ойлгомжтой. Тэдгээрээс та юун түрүүнд итгэмжлэн баталгаажсан компаниудыг олж, маш сайн судалж, мэдээлэл цуглуулах нь чухал. Мөн тухайн платформ дээр тавигдсан цүнхнүүдийн үнэ өртгийг бусад онлайн дэлгүүрүүдийнхтэй жишиж үзэхэд илүүдэхгүй. Хэт ашигтай санал залилан байх нь олонтоо гэдгийг анхаараарай.
Түүнчлэн албан ёсны рисейл компаниуд цүнхнийхээ эх хувь болохыг батлах 2-3 шатлалт шалгалт явуулдаг. Эхлээд компанийн ажилчид, улмаар тухайн загварын ордонд ажилладаг мэргэжилтнүүд хянана. Тэр ч бүү хэл зарим платформууд хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтай давхар шалгалт хийх аргыг нэвтрүүлээд байна.
Элэгдэл хорогдлыг анзаарах
Хэчнээн олон жилийн түүхт винтэж цүнх олсон ч өдөр тутамдаа хэрэглэх зорилгоор худалдан авалт хийх гэж байгаа бол аль болох элэгдэл, хорогдол багатай загвараас сонголтоо хийсэн нь оновчтой. Тэр дундаа цахилгаан, цоож, түгжээ зэрэг металл эдлэлүүд болон арьсны бүрэн бүтэн байдал цүнхний үнэлгээнд ихээхэн нөлөөлдөг билээ.
Үнэ цэнийг нь тооцож үзэх
Цаг хугацааны эрхэнд үнэ цэнээ алддаггүй винтэж цүнх сайн хөрөнгө оруулалт болно гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Үүнд мэдээж Hermes загварын ордны Birkin, Kelly, мөн 1990-ээд онд гарч байсан Chanel-ын ховор загварууд багтана.
Ханушка Торигийн хэлж буйгаар Францын брэндүүд хоёрдогч зах зээл дээр хамгийн сайн үнэ цэнээ хадгалж чаддаг гэнэ. Тус жагсаалтыг Hermes, Chanel хоёр тэргүүлдэг бол араас нь Louis Vuitton, Christian Dior нар ордог байна. Харин Итали брэндүүдийн дийлэнх нь цүнхний загвараа трендэд суурилж гаргадагтай холбоотойгоор тус зах зээл дээр харьцангуй доогуур үнэлэгдэх нөхцөл үүсдэг билээ.
Боломжтой бол дэлгүүр дээрээс нь очиж үзэх
Рисейл дэлгүүр дээрээ өөрийн биеэр очин хүрч, мэдэрч худалдан авалт хийх нь компьютерын цаанаас томруулж үзэн, товч дарахаас илүү бодит мэдрэмж өгнө.
Хэт удаан бүү саат
Энэ бол маш хурдтай явагддаг зах зээл. Ховор, винтэж, цуглуулгын цүнхнүүд хормын дотор эзнээ олдог. Тиймээс хэрэв та хайж байсан зүйлээ олсон бол хэт удаан эргэлзэлгүйгээр худалдан авахыг зөвлөе.