Mschf брэнд талхны үртэс шиг хэмжээтэй бичил цүнх гаргалаа: Та худалдаж авах уу?
Mschf брэнд Astro Boy-с сэдэвлэн бүтээсэн аварга том улаан гутал, дусал цус агуулсан пүүз гэх зэрэг санал зөрөлдөөнтэй, этгээд бүтээгдэхүүн урлахдаа гаргууд билээ. Тэгвэл тэд маргаан дагуулсан аяллаа зогсоох болоогүй гэдгээ сүүлд гаргасан бичил цүнхний загвараараа дамжуулан илэрхийллээ.
Микро цүнхний чиг хандлагыг дараагийн, бүр эцсийн ч гэж хэлж болохоор түвшинд аваачсан тус бүтээгдэхүүнийг гэрэлд мэдрэмтгий полимер материалаар хийсэн бөгөөд 0,657 : 0,222 : 0,700мм хэмжээтэй байна. Хэдий жижиг ч гэсэн микроскопоор томруулсан зурагт цүнхний дийлэнх деталиуд нарийвчлалтай гарсан нь харагдана. Загварын хувьд Louis Vuitton ордны OnTheGo цүнхийг дуурайлган хийжээ. Mschf брэнд Louis Vuitton-оос ямар нэг зөвшөөрөл аваагүй бөгөөд энэ нь тэдний албан ёсны хамтрал биш юм.
Цүнхийг хараад анхандаа тохуурхах сэтгэгдэл төрөх ч брэндийн зүгээс энэ бол дан ганц аксесуар биш, харин урлагийн бүтээл мэт үнэлэгдэж болохыг хөндөхийг хүссэн бололтой. Мөн тэд тансаг зэрэглэлийн цүнхний төлөө хүмүүсийн хийдэг туйлшралыг егөөдөхийг зорьжээ. “Цүнх гэдэг практикал зүйлийн хэмжээ жижгэрэх тусам энэхүү объектын статус цэвэр брэндийг тодорхойлох таних тэмдэг болтлоо улам хийсвэр болсоор байна” хэмээн Mschf-ийн зүгээс онцолсон байна.
Бичил цүнхийг энэ сарын 20-24 өдрийн хооронд Парисын Matignon галерейд битүүмжилсэн гелэн хайрцагт хийж микроскопын доор урьдчилан байршуулан олон нийтэд харуулах гэнэ. Улмаар удахгүй зохион байгуулагдах Just Phriends дуудлага худалдаагаар борлуулахаар товложээ. Эхлэх үнийн мэдээлэл одоогоор ил болоогүй байгаа хэдий ч цүнхний практикал бус шинж чанар, арт цуглуулгын статус нь бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.