Хувцасныхаа шошгыг уншиж сурцгаая
Нэртэй брэндийн үнэтэй даашинз, хүрэм, хослол, эсвэл дурлаж авсан хайртай хувцсаа өнгийг нь гандааж, чанарыг нь алдуулахгүйгээр цэвэрхэн, удаан эдлэхийг хэн хүнгүй л хүсэх нь мэдээж. Шүүгээ дүүрэн хувцсаа хир буртаг болох бүрд нь хими цэвэрлэгээ рүү барьж гүйх нь цаг зав хийгээд мөнгө санхүүгийн хувьд ч хүндрэлтэй шүү дээ. Тиймээс шинэ хувцас авахдаа шошго дээрх тэмдэглэгээнүүдийг анхаарч, хэр зэрэг арчилгаатай болохыг нь тодорхойлсныхоо дараа сонголтоо хийх нь зүйтэй. Харин нэгэнт шүүгээнд байраа эзэлсэн хувцаснуудын хувьд бол асуудал өөр. Хэдийгээр сүүлийн үеийн бүх автомат угаалгын машинууд хувцсыг ангилж угаах олон төрлийн сонголтуудтай байдаг ч та шошгыг нь зөв уншиж, зааврынх нь дагуу арчлахгүй бол сайхан хувцаснаасаа салах цаг төд мөдгүй л ирж магад. Тиймээс хувцас загварын талаар өргөн мэдлэгтэй BURO-гийн уншигчдадаа "дүрмийн дагуу" хувцсаа зөв арчилж, хувцасныхаа шошгыг уншиж сурах зөвлөгөөг хүргэж байна.
Угаах тэмдэглэгээний хөтөч
Аливаа хувцасны шошго нь тухайн хувцсыг ямар материалаар хийснийг болон яаж арчлах тухай ерөнхий мэдээллийг өгдөг. Хувцас арчилгааны хамгийн чухал алхам бол зөв зохистой угааж цэвэрлэх явдал юм. Ингэхийн тулд хамгийн түрүүнд тухайн хувцсыг угаалгын машинд угааж болох эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ болох бол хэдэн градусын хэмд, ямар эргэлттэйгээр угаах эсэх нь тэмдэглэгдсэн байгааг анзаараарай. Эргэлтийн төрлийг ерөнхий хувин тэмдэглэгээний доор зураас хэлбэрээр заасан байдаг.
Нэг зураас байвал синтетик материалд тохирох эргэлтээр угаана.
Хоёр зураас байвал ноос ноолууран материалд тохирох зөөлөн эргэлтээр угаана гэсэн үг. Ноос ноолууран хувцас, зарим нэг сүлжмэл, цагаан өнгөтэй болон наалт орсон хувцсыг угаалгын машинаар угааж болдоггүй бөгөөд гараар угаахдаа мушгиж болохгүй гэсэн заавар байвал сэгсрэгчид хийж усыг шавхах нь зүйтэй. Ингэхдээ 40 болон түүнээс доош хэмийн бүлээн усанд угаахаа мартуузай.
Эсвэл “гараар угаах” гэсэн тохиргоотой угаалгын машинтай бол асуудлыг амархан шийдэж болох юм.
Хувцас өнгө оруулах, цайруулах үедээ анхаарах зүйлс
Цагаан цайвар хувцасны өнгө алдана гэдэг том аюул ч гэлээ цайруулах бодисыг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Хэрвээ шошго дээр хэрээстэй гурвалжин дүрс байвал өнгө сэргээх, цайруулах аливаа бүтээгдэхүүн ер хэрэглэж болохгүй гэсэн үг.
Эсрэгээрээ хоосон гурвалжин байвал санаа зовох шаардлагагүй.
Харин ташуу зураастай гурвалжин байвал хлоргүй цайруулагч бодис хэрэглээрэй.
Хувцас хатаахад учир их бий
Хувцсаа зүгээр л хатаагч дээр сэгсрээд тавьчихад болохгүй юм байхгүй л дээ. Бас угаалгын машины тань сэгсрэх, хатаах гэсэн функц хувцас хатаах бүх асуудлыг шийдчихдэгийг ойлгож байна. Гэхдээ хэт их нарны нөлөөнд, эсвэл тусгай тэмдэглэгээг хайхралгүй дүрмээрээ биш дураараа хатаах нь тухайн хувцасны хэлбэр хэмжээг алдагдуулж, агшиж сунах үйл явцад нөлөөлдөг тул шошго дээрх мэдээллийг зөв ойлгох нь зайлшгүй чухал юм.
Дөрвөлжин доторх хоосон дугуй дүрс нь тухайн хувцсанд ямар нэг халалт өгөхгүйгээр чөлөөтэй эргүүлж (мушгиж) хатааж болно гэсэн ерөнхий тэмдэглэгээ юм. Харин дөрвөлжин доторх дугуй дүрсэнд цэгүүд байвал ямар температурт халааж хатаахыг заадаг байна.
Нэг цэг байвал бага
Хоёр бол дунд
Гурав бол өндөр температурын халаалтаар хатааж болно гэсэн үг.
Хатаалтыг илэрхийлэх тэмдэгтийн доорх зураас нь даралт буюу шахалтыг илэрхийлдэг бөгөөд нэг зураастай бол хүчтэй дарах.
Хоёр бол зөөлөн дарах гэсэн заавар юм.
Харин улаан хэрээсэн тэмдэглээтэй байвал угаалгын машинд эргүүлж, эсвэл гараар мушгиж хатааж болохгүй, өөрөөр нь хатаах хэрэгтэй гэсэн үг.
Дөрвөлжин дүрс дотор босоо гурван зураас байвал ус дуслах хэмжээнд хүртэл хатаана гэсэн дохио.
Ганц хөндлөн зураас нь өлгөлгүйгээр тэгшхэн хатаах, дээд талд нь тахир зураас байвал өлгөж хатаах гэсэн зааварчилгаа билээ.
Хувцас индүүдэх зааврыг үл хайхарч болохгүй
Хувцас индүүдэх гэдэг нарийн төвөгтэй ажлыг гүйцэтгэхээсээ өмнө шошго дээрх тэмдэглэгээг заавал нягталж шалгаарай.
Индүүний дүрс доторх цэг нь хэдэн градусын халуунаар индүүдэхийг заадаг бөгөөд нэг цэгтэй бол дээд тал нь 110 хэм хүртэл бүлээн уураар индүүднэ гэсэн дохио.
Хоёр цэгтэй байвал 150 хэм хүртэл дундаж халуунаар индүүднэ.
Гурван цэгтэй байвал 200 хэм хүртэл өндөр температураар индүүднэ.
Мэдээж улаан хэрээстэй нь индүүдэх шаардлагагүй хувцас байдаг.
Индүүний дүрсний доод талд хэрээстэй хоёр зураас байх нь огт индүүдэж болохгүйг заадаг тул эдгээр тэмдэглэгээг бүү үл хайхраарай.
Хуурай цэвэрлэгээнд өгөхдөө анхаарах зүйлс
Зарим хувцсыг гэртээ угаалгын машинаар, эсвэл гараараа цэвэрлэж болдог бол зарим хувцсыг мэргэжлийн хими цэвэрлэгээнд өгч хуурай цэвэрлүүлэх шаардлагатай байдаг.
Ерөнхийдөө дугуй дүрс нь хуурай цэвэрлэгээг төлөөлөх бөгөөд хоосон дугуй байвал зөвхөн хуурай цэвэрлэгээгээр л арчилна
Улаан хэрээстэй дугуй дүрс нь хуурай цэвэрлэгээг хориглох заалт юм.
Дугуй доторх А үсэг нь бүх төрлийн зөөлрүүлэгч бодистой хуурай цэвэрлэж болно.
Р үсэг трихлорэтилен гэдэг бодисоос бусад зөөлрүүлэгч бодисоор
F үсэг нь петролиум зөөлрүүлэгчээр л хуурай цэвэрлэнэ гэсэн үг ажээ.
Түүнчлэн шошго дээр дараах тэмдэглэгээнүүд байгаа бол хувцсаа хуурай цэвэрлэгээнд өгөхдөө анхааруулж хэлэхийг зөвлөе.
Жишээ нь, дугуй дүрсний баруун доор нэг зураас байвал бага эргүүлэхийг,
Зүүн дээр нэг зураас байвал чийгшлийг бууруулахыг,
Зүүн доор нэг зураас байвал бага халаахыг,
Баруун дээр нэг зураас байвал цэвэрлэж дуусах үедээ уураар утахыг хориглох заалт юм.