Хайх

Хэрхэн хэтрүүлэн идэхээ зогсоож эрүүл зуршил бий болгох вэ?

Хэрхэн хэтрүүлэн идэхээ зогсоож эрүүл зуршил бий болгох вэ?

Text: Buro.Mongolia



Хэрхэн хэтрүүлэн идэхээ зогсоож эрүүл зуршил бий болгох вэ? (фото 1)

Бид хэтрүүлэн хооллолтын шалтгаан болон хоолны эрүүл зуршилтай болох аргуудын талаар салбарын мэргэжилтэн Натали Макиенкогоос асуулаа.


Хэтрүүлэн хооллолт ба сэтгэлзүйн эрүүл мэнд

Хоол бол хүн төрөлхтний таашаал мэдрэх хамгийн хялбар эх үүсвэрүүдийн нэг билээ. Хүн стресстэй байх үедээ огт юу ч идэхгүй байснаас хоолоор сэтгэлээ дэвтээсэн нь илүү дээр гэдгийг Макиенко юун түрүүнд санууллаа. Хүчтэй сэтгэл хөдлөлийн цочролоос шалтгаалан хооллох дур хэдэн хоног дараалан алга болох нь сэтгэл гутрал, хэтрүүлэн хооллолт, хооллох дур өөрчлөгдөх эмгэгт хүргэх боломжтой. Харин хэтрүүлэн идэх нь бие махбодод сөрөг үр дагавартай хэдий ч сэтгэлзүйг хэвийн байлгадаг гэнэ. Энэхүү үйлдэл нь бидний стресстэйгээ тэмцэх гэсэн дутуугаа нөхөх оролдлого юм.

Гэвч гуниглах бүртээ хэтрүүлэн идэх нь өөрийгөө зөвтгөх шалтгаан биш. Ихээр идсэний дараа хөнгөрсөн мэдрэмж төрж болох ч энэ нь хэсэгхэн хугацааны дараа сарнин алга болох худал дохио гэдгийг санаарай. Эхний халбагадалт тайвшрал авчирч, харин дараа дараагийнх нь гэмшил мэдрүүлснээр уйтгар гуниг тань ужгирах боломжтой. Та өөрийгөө “гуниглана-иднэ-эргээд гуниглана” гэх хэзээ ч зогсохгүй морин тойруулга дээр хүчээр суулгаж байна л гэсэн үг.

Хэрхэн хэтрүүлэн идэхээ зогсоож эрүүл зуршил бий болгох вэ? (фото 2)

Хэтрүүлэн идэх нь ямар шалтгаантай вэ?

  • Зуршил болон сэтгэл хөдлөлөө хооронд нь ялгахгүй байх

Хүн өөрийн хоолны дадал зуршил болон сэтгэл хөдлөлөө хооронд нь ялгахгүй байх нь хэтрүүлэн идэхэд хүргэдэг шалтгаануудын нэг билээ. Сэтгэлээр унах үед бидний бие махбодод хэвийн бус бичил биетүүд хэвийн бичил биетийн тоог давамгайлснаар хоолны дуршил, тэр дундаа чихэрлэг зүйл идэх хүсэл нэмэгддэг байна. Тиймээс та биш, таны биед үүссэн бактериудын хариу урвал хоолны дуршил нэмэгдэх хэлбэрээр илэрдгийг анхаарах нь зүйтэй.

  • Хооллолтын горимд өөрчлөлт орох

Нойрны дутагдал хэтрүүлэн хооллоход хүргэдэг дараагийн шалтгаан юм. Хүний бие махбод нойрсож буй үедээ хуримтлуулдаг энерги, эрч хүчээ авч чадахгүй болсноор хурдан хугацаанд энерги нөхөх чихрийн агууламж өндөр амттан, эсвэл кофейн агуулсан хоол хүнс эрэлхийлж эхэлдэг байна.

Хэрхэн хэтрүүлэн идэхээ зогсоож эрүүл зуршил бий болгох вэ? (фото 3)

Хэрхэн энэхүү асуудлаа даван туулах вэ?

1. Хүлээн зөвшөөрөх

Та юун түрүүнд сэтгэл хөдлөлөө хоолоор аргацааж дардаг, мөн хялбар арга замаар таашаал авахын тулд хоолыг хэтрүүлэн хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Асуудал хэт даамжраагүй тохиолдолд та энэ үе шат дээр хорт зуршлаа анагаах боломжтой.

2. Хоолноос өөр сэтгэлийн таашаал өгдөг зүйлсээ тодорхойл

Хоолноос өөр сэтгэлийн таашаал өгдөг зүйлсээ тодорхойлон нэг бүрчлэн бичиж авах хэрэгтэй. Байгальд амрах, нохой эрхлүүлэх, шинэ арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авах, массажинд орох зэргээр хүн тус бүрийн сонирхол өөрөөр илрэх боломжтой. Ийнхүү зүсэм бялуу идэх хүсэл төрөх үедээ урьдаас бичсэн жагсаалтаа нээж хараад тухайн мөчид хийх боломжтой зүйлсээсээ хэрэгжүүлээд үзээрэй. 

3. Бүү хоригло

Өөртөө ямар нэгэн зүйл хориглосон мөчөөс тухайн зүйлээ илүү ихээр хүсэж эхэлдэг нь бичигдээгүй дүрэм. Тиймээс аль нэг хоол хүнснээс бүхэлд нь татгалзахын оронд бие махбоддоо дассан амтыг нь бага багаар мэдрүүлж байх хэрэгтэй. Эс бөгөөс таны "ямар ч чихэр идэхгүй" гэсэн зорилго тань ихдээ хэдэн долоо хоног үргэлжлэн, тэвчээр тань гэнэт тасарч бүх зүйлийг умартан хэтрүүлэн хооллолт руугаа эргэн орох боломжтой. Үр дүнд нь илүүдэл жин, хаван үүсэж, өөрийгөө үнэлэх үнэлэмж доошилж, эрч хүч буурдаг билээ.

4. Тэнцвэргүй хооллолтоо зогсоох

Тэнцвэргүй хооллолт, илчлэг багатай хоолны дэглэм, хэт бага хэмжээтэй хоол, ургамлын гаралтай тос болон сайн нүүрс усны дутагдал нь хэтрүүлэн идэх зуршил бий болгодог бас нэгэн шалтгаан юм. Тухайлбал, амттан идэх дуршил өндөр байгаа нь D амин дэм, төмөр, ферритины дутагдалд орсныг илтгэж байж болзошгүй. Хүний бие хоол хүнснээсээ хангалттай эрдэс бодисоо авч чадаагүй тохиолдолд энергиэ нөхөхөөр чихэрлэг зүйлсийг хүсэмжилдэг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх