Хайх

Яагаад бүх зүйл дээр сайн байх гэж хичээх нь буруу вэ?

Яагаад бүх зүйл дээр сайн байх гэж хичээх нь буруу вэ?

Text: Buro.Mongolia


Яагаад бүх зүйл дээр сайн байх гэж хичээх нь буруу вэ? (фото 1)

Аливаа зүйлийг төгс хийх гэж хичээх нь эерэг зуршил мэт боловч амьдралыг тань бусниулж ч байж болзошгүй. Төгс төгөлдрийн хойноос чаргууцалддаг хүмүүс стресст өртөмтгий, түгших шинж тэмдэг түгээмэл илэрдэг, өөрийгөө доогуур үнэлэх хандлагатай байдаг. Хэрэв юмсыг төгс гүйцэтгэх хүсэл тань хувийн үнэ цэнэ, гаргасан амжилтуудаа хүлээн зөвшөөрөхөөс хойш татаж байвал үүнтэйгээ тэмцэх цаг нь иржээ. Энэ талаар бидэнд эмнэлзүйн сэтгэл зүйч, гэмтлийн сэтгэл засалч, арт терапигийн мэргэжилтэн Елизавета Черемохина зөвлөлөө.


ТӨГС ТӨГӨЛДӨР ЛҮҮ ТЭМҮҮЛЭХ НЬ ЭМГЭГ ҮҮ, ЗАН ЧАНАРЫН НЭГ ХЭСЭГ ҮҮ?

Энэ бол эмгэг биш. Харин хүмүүсийн амьдралынхаа төрөл бүрийн хэсгийг хэтийдсэн өндөр стандартаар хэмжих үзэгдлээр илэрдэг зан чанарын онцлог юм. Өндөр шаардлагыг өөртөө, ойр дотнын хүндээ, эсвэл үл таних хүмүүст тавих боломжтой. Үүнийг дотор нь эрүүл болон паталогийн гэж ангилдаг.

  • Эрүүл перфекционист хүн урдаа хүрч болохуйц бодит зорилго тавьж, үүн лүүгээ эерэг хандлагаар тэмүүлдэг. Тус зан чанар нь хөгжиж, урагшлахад түлхэц болж чадна.
  • Эрүүл бус перфекционизм нь хэзээ ч бүтэшгүй шаардлага тавих, үр дүндээ ямагт сэтгэл ханахгүй байх, тайвширч чадахгүйд хүрэх түгшилтийн хэлбэрээр илэрдэг.

ЯАГААД ТӨГС ТӨГӨЛДӨР ЛҮҮ ТЭМҮҮЛЭХ ХАНДЛАГА БИЙ БОЛДОГ ВЭ?

Энэ нь юун түрүүнд тухайн хүний нас, хүйс, эрхэлдэг ажилтай ямар ч хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй. Харин бага насны дурсамж үндсэн шалтгаан нь болдог. Ийм төрлийн хүмүүсийн эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдээ бага байхад нь дэмждэггүй, сайшаадаггүй, байгаагаар нь хүлээн зөвшөөрдөггүй, эсрэгээрээ шүүмжилж, өндөр шаардлага тавих нь түгээмэл. Үр дүнд нь хүүхдэд хайр халамж хүртэхийн тулд сайн үр дүн гаргаж, үргэлж шилдэг нь байх ёстой гэсэн сэтгэгдэл бүрэлддэг байна. Тэд эцэг эхийнхээ хүлээлтэд нийцэхийн тулд алдах эрхгүй гэдэгт итгэдэг.

Нөгөөтээгүүр эцэг эх, асран хамгаалаг ч нь хүүхдээ хэт их магтдаг бол “намайг магтсан үед л би сайн” гэх төсөөлөл бий болж перфекционист болох замдаа орох нь ч бий.


ТӨГС ТӨГӨЛДӨР ЛҮҮ ТЭМҮҮЛЭХ ҮЗЭГДЭЛ АЖЛЫН ОРЧИНД ХЭРХЭН ИЛЭРДЭГ ВЭ?

Ийм төрлийн хүмүүс үргэлж ажлаа хангалттай сайн хийгээгүй мэтээр мэдэрч, дарамтад байдаг. Хийж буй зүйлдээ өөрчлөлт оруулсаар, засаж янзалсаар хугацаандаа амжихгүй байх нь түгээмэл. Амжсан ч гэсэн хоосорсон, сэтгэл гонсойсон мэдрэмж авдаг. Тэд “бүгд, эсвэл юу ч биш” гэсэн лоозон баримталдаг тул өчүүхэн төдий бүтэлгүйтлээ хүндээр хүлээн авч, цаашид хөдлөх урам зориггүй болдог билээ.

Яагаад бүх зүйл дээр сайн байх гэж хичээх нь буруу вэ? (фото 2)

ЯАГААД БҮГДИЙГ САЙН ХИЙХИЙГ ХИЧЭЭХ НЬ МУУ ЗҮЙЛ ГЭЖ?

Бүх зүйлийг сайн хийх гэсээр олж авахаасаа илүү алдах эрсдэлтэй. Өөртөө хэт өндөр шаардлага тавих нь ажлын бүтээмж бууруулна, эрч хүч сорно, хий хоосон цаг үрэхэд хүргэнэ. Та 100% үр дүн хүссэн ч энэ байдлаараа ердөө 20%-д л хүрч чадна гэсэн үг. Харин өөртөө уян хатан байх боломж олговол 20% хөдөлмөрлөсөн ч үр дүнгийнхээ 80%-ийг хүртэх боломжтой гэдгийг Елизавета Черемохина хэллээ.

Алдахгүйгээр оршино гэдэг боломжгүй зүйл. Энэ бол бүтэлгүйтэл биш, харин ч нэг алхам дээшлэх шат болдог. Төгс хийх хүсэлдээ автан саатсанаас, алдаа гаргахыг өөртөө зөвшөөрч урагшлахыг сонгоорой.


ПЕРФЕКЦИОНИЗМ ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ ҮНЭЛЭМЖИНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Энэ төрлийн хүмүүс алдаа, дутагдал, бүтэлгүйтэл дээрээ хэт их анхаарсаар том зургаараа өөрсдийгөө амжилтгүй нэгэн гэж хардаг. Дараагийн удаа илүү сайн, илүү төгс хийх зүтгэл нь хүссэн шиг нь бүтэх тохиолдол нэн ховор. Тиймээс зорилго тавих тутамд тэдний өөртөө итгэх итгэл буурч байдаг. Эдгээр хүмүүс өөрсдийгөө идеалд хүрэх гянданд хорьдогтой адил юм.


ЯАГААД БҮГД, ЭСВЭЛ ЮУ Ч БИШ ГЭЖ?

Төгс төгөлдөр лүү тэмүүлдэг хүмүүсийн дотор маш хүчтэй шүүмжлэгч оршдог. Тэрхүү шүүмжлэгч нь бүгдийг хий, эсвэл юу ч битгий хий гэдэг зарчимтай. Тиймээс эдгээр хүмүүс аливаа ажлын ард гарахдаа маш их дотоод сэтгэлийн зөрчилдөөнтэй тулгардаг.


ЭНЭ НЬ ЮУНД ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ ВЭ?

Эдгээр хүмүүс түгшилтээс эхлэн сэтгэл гутралын эмгэгтэй хүртэл болох боломжтой. Мөн хүмүүстэй дотно харилцаа үүсгэхэд хүндрэлтэй байх нь бий. Урт хугацаанд хийсэн судалгаанаас харах юм бол перфекционизм нь хүний насжилтад хүртэл сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.


ТЭД ЕРТӨНЦИЙГ ХЭРХЭН ХАРДАГ ВЭ?

Идеалыг хүсэмжлэгчид амрах, алдах эрхгүй төгсгөл нь харагдахгүй марафонд гүйж байгаатай адил. Тэдний төсөөлөл “би-онц” гэдгээс “би-азгүй амьтан” гэх хоёр туйлын хооронд хэлбэлздэг.

Яагаад бүх зүйл дээр сайн байх гэж хичээх нь буруу вэ? (фото 3)

ПЕРФЕКЦИОНИЗМТОЙ ТЭМЦЭХ 3 АЛХАМ

1. Перфекционизм бол өөртөө сэтгэл гонсойхоос сэргийлэх нэг төрлийн арга тул юун түрүүнд өөртөө алдаж сурахыг зөвшөөрөх хэрэгтэй.

“Би үйлчлүүлэгчдэдээ зориудаар алдаа хийж сэтгэл хөдлөлөө анзаарах зан байдлын туршилт явуулахыг санал болгодог. Энэхүү туршилтыг анхлан  мэргэжлийн хүний хяналт дор аюулгүй газар хэрэгжүүлэх нь зөв. Улмаар үе шатаа дээшлүүлэн найз нөхөд, гэр бүлийнхээ дэргэд алдаа хийж тухтай бүсээсээ гарахыг зорино. Ийнхүү бид алхам алхмаар алдаа гаргаж болно гэдэг шинэ мэдрэлийн эс үүсгэх хүртлээ ажилладаг”.

2. Дараа нь өөрийн гаргасан жижиг гэлтгүй амжилтуудаа анзаарч сурах хэрэгтэй. Үүний тулд “ялалтын тусгай дэвтэр” шинээр нээж, тухайн өдөртөө гаргасан амжилтаа тэмдэглээрэй.

"Миний хувьд үйлчлүүлэгчдийн дотор буй шүүмжлэгч дуу хоолойг намжаах тал дээр анхаарч ажилладаг. Эхлээд тэр дуу хоолойг би өөрөө орлож, аажимдаа тухайн хүн бие даан удирдах чадвартай болдог".

3. Хамгийн сүүлийн бөгөөд чухал алхмуудын нэг бол амралт юм. Энэ бол бүх зүйлийг төгс хийх гэж хичээдэг хүмүүсийн хувьд хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү зүйл байдаг.

"Юун түрүүнд амралтаа эхлээд цаасан дээр төлөвлөөд, дараа нь бодитоор хэрэгжүүлэх талаас нь бодох хэрэгтэй".


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх