Хайх

“Love bombing” буюу хайраар бөмбөгдөх тактикт өртсөн бүсгүйчүүдийн анхааралд...

“Love bombing” буюу хайраар бөмбөгдөх тактикт өртсөн бүсгүйчүүдийн анхааралд...

Тийм ч амархан хууртагдахгүй

Text: Г.Тэмүүлэн


Аливаа романтик харилцаа эхлэхдээ үргэлж сэтгэл хөдөлгөм байдаг. Анхны болзоондоо явахаар өмсөх хувцсаа бэлдэн догдолж, таалагддаг хүнээс тань ирэх дуудлага, мессеж бүрийг чих тавин хүлээж, хэлсэн үг бүрийг нь толгой дотроо хэдэн янзаар эргэцүүлж, биед нь шүргэх төдийд л цахилгаан гүйдэл гүйж, хэсэг хугацаанд яг л үүлэн дээр дүүлэн нисэж байгаа мэт мэдрэмж төрдөггүй гэж үү? Үүн дээр нэмээд шохоорхож буй хүн тань бэлэг сэлтээр таныг булж, хайрын үгсийг харамгүй хэлж, эрчимтэйгээр сэтгэлээ илэрхийлж нэг ёсондоо таны араас гүйгээд байвал танд маш хүчтэй мэдрэмж төрж тааламжтай санагдах нь гарцаагүй. Магадгүй та энэ дурлал байх ч гэж бодно. Үнэхээр ч ихэнх тохиолдолд энэ нь тухайн хүний чин сэтгэлээс ундран гарч байгаа үйлдэл байдаг хэдий ч сүүлийн үед дэлгэрээд байгаа “love bombing” буюу “хайраар бөмбөгдөх” гэх хэрцгий тактик байхыг үгүйсгэх хэрэггүй.

Тэгэхээр хайраар бөмбөгдөх гэдэг нь яг юуг хэлж байгаа вэ гэж үү? “Love bombing” бол хэн нэгнийг урхиндаа оруулж, өөрөөс нь хамааралтай болгох, хяналтыг гартаа авах зорилгоор ашигладаг манипуляцын тактик юм. Жишээ нь танд хэт их анхаарал халамжийг өгч, хэтрүүлэн магтаж, хэт идэвхтэй сэтгэлээ илчилж, ер нь л хийж буй бүх үйлдлүүд нь хэтэрхий үлгэрийн, итгэхэд бэрх санагдаж байвал та аюулын бүсэд нэвтэрчээ гэсэн үг.


Яагаад энэ үйлдэл нь аюултай вэ?

Дээр дурдсанчлан хайраар бөмбөгдөж буй хүн жинхэнээсээ дурлалцахаас илүүтэй нөхцөл байдлыг хяналтдаа авч, онилсон байгаа эрхшээлдээ оруулах гэсэн нарциссистик зан чанартаа хөтлөгдөн энэ тактикийг ашигладаг гэнэ. Энэ үйлдэл нь эхэндээ гэмгүй санагдаж болох ч хайрын бөмбөгийн бай болсон хүний сэтгэл зүйд асар их хор хөнөөлтэй гэдгийг сэтгэл зүйчид онцолж байна. Тэр ч бүү хэл Их Британийн Прокурорын алба (Crown Prosecution Service) шинэчилсэн удирдамждаа энэ үйлдлийг сэтгэлзүйн хүчирхийллийн нэг хэлбэрт тооцох болсноо саяхан зарласан билээ. Мэдээж уг байгууллагын шинэ удирдамж нь хортой харилцаагаа орхиж чадахгүй байгаа, гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хохирогч нарт чиглэж байгаа ч ийм үйлдлийг эртхэн таньж авахад илүүдэхгүй. Үүнээс гадна хайрын бөмбөгдөлт гэнэт зогсох үед “хохирогчийн” өөрийгөө үнэлэх үнэлэмж огцом буурч “Би яг юуг буруу хийсэн юм бол?” гэх бодол төрж, сэтгэл эзгүй, хоосон оргино. Аймшигтай сонсогдож байгаа биз?

Хайраар бөмбөгдөх тактикийг "Бал сарын" үе шатаас хэрхэн ялгах вэ?

Мэдээж хэрэг харилцаа эхэндээ буюу “Бал сарын” үе шатдаа үнэхээр романтик, агаарт хүртэл хайр мэдрэгдэж байдаг учраас хайрын бөмбөгдөлттэй андуурахад их амархан. Угийн сэтгэл хөдлөлөө сүр дуулиантай илэрхийлж, хүчтэй мэдэрч, чин сэтгэлээсээ дурлалцдаг хүмүүс байдаг учраас хайр дурлалд итгэл алдарч, шууд л зугтаах хэрэггүй болов уу. Гэсэн ч эдгээрийг хооронд нь ялгаж салгах хэд, хэдэн арга бий. Хамгийн түрүүнд тухайн хүний хэлж байгаа үг, хийж буй үйлдлийг нь сайтар ажиглаарай. Мөн хайраар бөмбөгдөх тактик хэд, хэдэн үе шаттай тул өөрийгөө алинд нь байгааг олж мэдэх боломжтой. Миний зүгээс зөвлөхөд зөн совиндоо итгэж, зүрх сэтгэлээ чагнаад үзвэл зөв сонголт хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

“Love bombing” буюу хайраар бөмбөгдөх тактикт өртсөн бүсгүйчүүдийн анхааралд... (фото 1)

Хайраар бөмбөгдөх тактикийн үндсэн гурван үе шат:

Хэт сайшаах- Энэ үеэр хамтрагч тань таныг хайраар булж орхино. Эхэндээ таныг магтан дуулж танаас төгс хүн энэ хорвоо дээр үгүй мэт мэдрэмж төрүүлж, зогсоо зайгүй мессеж илгээж эсвэл залгаж, сэрэмж алдуулахыг хичээнэ. Ерөнхийдөө үнэмшилгүй, үнэн байхад хэтэрхий сайхан санагдана.

Үнэгүйдүүлэх- Та эцэст нь анхаарал сэрэмжээ бууруулж, харилцаандаа илүү тухтай мэдэрч эхлэх үед анхны “Улаан туг”-ууд илэрнэ. Жишээ нь анхаарал халамжаар дүүрэн байснаа огцом хүйтэн хөндий болон хувирч, таныг янз бүрийн зүйлд буруутгаж, хянахыг хичээнэ.

Хаях- Та өөрийн хил хязгаарыг тогтоож, тэднээс эрүүл харилцааг хүсэх үед нарциссистууд шууд л уурлаж, ундууцан нүүр буруулж эхэлдэг. Ингээд нэгэнт хүссэн зүйлээ авч чадахгүй болохоороо шинэ бай олохоор таныг орхин одно. Эсвэл та өөрөө тухайн харилцааг таслахад хүргэх ямар нэгэн үйлдлийг албаар хийнэ. Үүний дараа та өөртөө итгэлгүй болж, хангалттай сайн хичээгээгүй мэт ойлгомжгүй мэдрэмжтэй үлдэнэ.

Хайраар бөмбөгдөгчийн хэлдэг түгээмэл үгс:

- Би чамд бүхнийг зориулна; чамайг эрхлүүлмээр байна (бэлэг сэлт дагалдана)

- Байнга чамтай хамт баймаар байна

- Юу хийж байгааг чинь мэдмээр байна (Цаг үргэлж хаана юу хийж байгааг тань шалгана)

- Чи миний заяаны хань; чи бид хоёр бие биедээ зориулагдсан; би чамд хайртай (харилцаа дөнгөж эхэлж байхад асар хурдан эдгээр үгсийг харамгүй хэлж байвал сэрэмжлээрэй)

- Үүрд хамт байна шүү

“Love bombing” буюу хайраар бөмбөгдөх тактикт өртсөн бүсгүйчүүдийн анхааралд... (фото 2)

Нэгэнт хайраар бөмбөгдүүлсэн бол яах вэ?

Юуны өмнө хайрын бөмбөгдөлтийн дараа харилцаагаа үргэлжлүүлэх боломжтой юу гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь ихэнхдээ тухайн хүнээс шалтгаална. Таны хувьд хэрвээ хайраар бөмбөгдүүлсэн ч цаашид харилцаагаа хадгалж үлдэхийг хүсэж байвал эхлээд гүнзгий амьсгаа аваад өөртөө орон зай өгч, сэтгэлдээ төрж буй мэдрэмжээ чагнан нөхцөл байдлыг сайтар дүгнээд үзээрэй. Дараа нь эрүүл харилцаа хүсэж байгаагаа тодорхой хэлж хил хязгаар тогтоогоорой. Үүний дараа хамтрагчийн тань ааш араншин, үйлдэл улам бүр дордож байвал харилцаагаа таслах нь зүйтэй гэдгийг сэтгэл судлаач, нийгмийн ухааны доктор Алэйна Тиани зөвлөлөө. Хэрвээ хамтрагч тань харилцаагаа тасалсан бол та өөрийгөө буруутгахгүй байх нь маш чухал юм. Угаас өөр хүний үйлдэл, ааш араншныг та өөрчилж чадахгүй шүү дээ. Эцэст нь энэхүү эмзэг үедээ гэр бүл, найз нөхөд болон дотнын хүмүүсээсээ дэмжлэг хүсэж, цаашлаад сэтгэл гутралд орж, түгшүүр мэдэрч байвал мэргэжлийн сэтгэл зүйч дээр очиж, сэтгэл заслын эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв шийдвэр байх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх