Хайх

Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Гэр бүл доторх хурцадмал яриаг намжаах шалгарсан арга

Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Гэр бүл доторх хурцадмал яриаг намжаах шалгарсан арга

Text: Buro.Mongolia


Буруу ганц үгийн зөрөөгөөс болж гэр бүлийнхэнтэйгээ том маргаан дэгдээх үе цөөнгүй. Хааяа зүс таних хүнтэйгээ дурын сэдвээр чөлөөтэй ярилцах нь хайртай дотно хүмүүстэйгээ ярилцахаас илүү хялбар санагдах нь ч бий. Учир нь дотно харилцаатай хүмүүс нэг нэгнийхээ сайн муу талуудыг мэдэх тусам шүүмжлэх хандлага бий болж байдаг. Хэдийгээр энэ хандлага нь тухайн хүнийхээ сайн сайхны төлөө боловч буруу хоолойны өнгө, үгийн сонголт ба өргөлт, биеийн хэлэмж, бодол санаагаа илэрхийлэх арга зам зэргээс шалтгаалж эсрэгээрээ эргэж, сөрөг үр дүн дагуулах тохиолдол бий. Бусадтай харьцахдаа бүрдүүлдэг уур амьсгал, ярианд оролцох идэвх, байр сууриа илэрхийлэх манераас гадна хариулт өгөх, бусдыг сонсох чадвар бидний мөн чанарыг, цаашлаад амжилт, аз жаргалыг хөнгөхөн тодорхойлчхож дөнгөнө. Charis Institution-ий сэтгэлзүйч Николь Урх гэр бүлийн гишүүдийн дундах маргааны галыг намжаах энгийн бөгөөд шууд хэрэгжүүлж болох практик аргыг зөвлөж байна.


Сөрөг харилцан яриа, маргааны үед хүмүүс ихэвчлэн хоёрдугаар биеэс буюу “Чи” гэсэн үгээр хариултаа эхэлж, өөрийн бодлоо нотлох гэж улайрдаг. Үнэндээ энэ нь гал дээр тос нэмэхээс хэтэрдэггүй. Үүний оронд, нэгдүгээр биеэс өгүүлэх арга буюу “Би”-гийн байр сууриас яриагаа эхэлж, зөвхөн өөрийн мэдрэмж, харах өнцгөөр дамжуулан нөгөө хүнийхээ бурууг ойлгуулах нь шалгарсан шилдэг арга гэнэ.

Жишээ нь:

"Чи"-гийн байр суурь: Чи хэзээ ч аягаа угаадаггүй. Би энэ гэрийн зарц биш.

“Би”-гийн байр суурь: Хэрвээ чи надад аяга угаахад тусалбал би баярлах болно шүү. Заримдаа би л ганцаараа энэ бүхнийг хийх ёстой юм шиг мэдрэмж төрөх юм.

"Чи": Чи намайг үргэлж уурлуулж байх юм.

"Би": Чиний ярианы өнгө миний сэтгэлийг жаахан тавгүйтүүлээд байна.

“Чи”: Чи дандаа надаас хэзээ хүүхэдтэй болохыг асуух юм. Чамд ямар хамаа байна аа?

“Би”: Чамайг надаас хэзээ хүүхэдтэй болохыг асуух үед би жаахан тухгүй мэдрэмж мэдэрдэг. Ахиж асуухгүй байвал баярлана шүү.


Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Гэр бүл доторх хурцадмал яриаг намжаах шалгарсан арга (фото 1)

Яагаад “Би”-гийн байр сууриас ярих нь чухал вэ?

Энэ бол маргааны дарин дээр давс нэмэхээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга. Буруушаасан, шүүмжилсэн, доромжилсон ярианд ямар ч хүн өөрийгөө хамгаалах, өөрийн өнцгөө нотлох хариултыг шууд өгөх хандлагатай байдаг. Энэ хариу урвалын дараа “энэ хүн намайг мэдэхгүй, миний амьдралыг ойлгохгүй байж өөрийнхөө өнцгөөс шүүмжлэх ёсгүй” гэсэн давхар хамгаалалт үүсдэг. Чухам ийм учраас “Чи”-гийн байр сууриас ярих нь маргааныг улам дүрэлзүүлдэг. Эцэст нь өөр өөрийнхөө өнцгийг батлах гэж улайрсаар хэн хэнээ сонсох чадваргүй болж, улмаар ялагчгүй тулаанд хоёул шархалдаг.


Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Гэр бүл доторх хурцадмал яриаг намжаах шалгарсан арга (фото 2)

“Би”-гийн байр сууриас ярихдаа анхаарах зүйлс

Хамгийн эхний анхаарууштай зүйл бол тухайн хүнийхээ үг үйлдлийг ярихаас урьтаж, тэрхүү үг үйлдэл нь чамд ямар мэдрэмж төрүүлж байгааг эхэлж хэл. Дараагийн сануулга бол хариултдаа хүч нэмэх зорилгоор гуравдагч этгээдийг хэзээ ч битгий иш тат. Энэ нь нөгөө хүндээ төрүүлэх сөрөг мэдрэмжийг хоёр дахин нэмэгдүүлж, маргааны хамрах хүрээг улам тэлэхээс өөр шидгүй.

Сэтгэлзүйчийн зөвлөгөө: Гэр бүл доторх хурцадмал яриаг намжаах шалгарсан арга (фото 3)

Санууштай жишээ:

А: Хөөх, уулзаагүй уджээ. Аав ээжтэйгээ ч (найзуудтайгаа ч) уулзах завгүй байгааг чинь харвал чи ч нойр хоолгүй ажиллаад цөм баяжиж байгаа бололтой шүү.

Б: Чи миний амьдралыг мэдэхгүй. Би гэр бүлээ тэжээх гэж ямар их хичээдгийг чи ойлгохгүй л дээ. Дандаа ингэж ярьдаг аа боль...

Энэ тохиолдолд А, Б хоёул өөр өөрсдийнхөө байр суурийг батлах гэж маргааны эрчийг улам нэмэгдүүлсээр ямар ч шийдэлд хүрэхгүй салах бөгөөд хамгийн хортой нь дараагийн удаа энэ нөхцөл байдал нь илүү хүндэрсэн хэлбэрээр дахин тохиох болно.

А: Хөөх, уулзаагүй уджээ. Аав ээжтэйгээ ч (найзуудтайгаа ч) уулзах завгүй байгааг чинь харвал чи ч нойр хоолгүй ажиллаад цөм баяжиж байгаа бололтой шүү.

Б: Үүнийг байнга сонсох нь надад үнэндээ амаргүй байдаг шүү. Би гэр бүлээ тэжээх гэж маш их хичээдэг ч чамайг ингэж ярихаар миний хамаг хичээл зүтгэл ямар ч үнэ цэнгүй мэт санагдах юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх