Хайх

Хананд тань үүрд өлгөгдөх урлагийн бүтээлийг хэрхэн сонгох вэ?

Text: Buro.Mongolia


Айл гэрт урлагийн уур амьсгал бүрдүүлж, гоо зүйн таашаал өгөх уран зураг худалдаж авна гэдэг хамгийн хүнд сонголтуудын нэг. Учир нь таны халааснаас багагүй мөнгө гарахаас гадна тухайн бүтээлээс авах таашаал тань өөрчлөгдвөл хэрхэх ёстойгоо давхар бодолцох хэрэг гарна. Тэр бүү хэл, эх хувилбарыг нь авахаар бол том тоотой хөрөнгө оруулалтын түвшинд ч яригдаж мэднэ. Тиймээс гарцаагүй зөв бүтээл сонгох мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хэдийгээр заримдаа бид урлагаас ангид, хол мэт тусгаарлагдсан мэдрэмж авдаг ч, хэрвээ сонголтоо зөв хийж чадвал тухайн уран зураг гэрийн тань хамгийн сэтгэл сэргээм хэсэг болохоос гадна гэр бүлийн үнэт хөрөнгө болж үлдэнэ. Ингээд BURO.-ийн уншигчдадаа хананд тань үүрд өлгөгдөх урлагийн бүтээлийг хэрхэн сонгох талаарх мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэе.


УРАН БҮТЭЭЛЧТЭЙ НЬ САЙТАР ТАНИЛЦ

Хананд тань үүрд өлгөгдөх урлагийн бүтээлийг хэрхэн сонгох вэ? (фото 1)
Yayoi Kusama

Хэрвээ та ямар нэг уран зургийг өөрийн овоо хараандаа авч, таалсан бол тухайн бүтээлийн эзэнтэй ямар нэг сувгаар холбогдохыг хичээх хэрэгтэй. Instagram-аар дагаж, үзэл бодлыг нь танин мэдэж, хүсвэл яриа үүсгэж ч болох шүү дээ. Учир нь та дэлгүүрийн лангуун дээр байдаг л нэг эгэл жирийн бараа биш тухайн уран бүтээлчийн зүрх сэтгэлээс амилсан мэдрэмж авах гэж буйгаа ямагт анхаараарай.


ИЛЭРХИЙ АСУУЛТ АСУУХ ГЭЖ БУЙГАА БҮҮ МЭДЭГД

Хананд тань үүрд өлгөгдөх урлагийн бүтээлийг хэрхэн сонгох вэ? (фото 2)
Han Choong Seok

“Үнэ нь хэд вэ?” гэдэг жижүүрийн асуулт асуух гэж бүү яар. Түүний оронд тухайн уран бүтээлч карьерынхаа хувьд аль түвшинд яваа эсэхийг нэрэлхэлгүй асуу. Ямар ч уран бүтээлч хийсэн ажил нь ярианы сэдэв болоход дуртай байдаг учраас тухайн бүтээлийн насжилт, утга агуулга, анхны сэдэл зэргийн тухай хүссэн бүхнээ асуух нь сонголт мэргэн байхад тусална.


УРАН БҮТЭЭЛЧИЙН ХАРАХ ӨНЦГИЙГ НЭЭЖ ИЛРҮҮЛ

Хананд тань үүрд өлгөгдөх урлагийн бүтээлийг хэрхэн сонгох вэ? (фото 3)
March Avery

Уран бүтээлч бүр өөрийн гэсэн харах өнцөг, ертөнцийг үзэх үзэлтэй байдаг. Түүнийгээ илэрхийлэх хамгийн энгийн, ер бусын арга бол урлаг учраас тэд бүтээл туурвидаг. Урлагийн бүтээл бүр заавал нүсэр, сүрдэм, ихийг агуулсан байх шаардлагагүй. Харин яагаад бүтээгдсэн, хаанаас үүссэн нь таны сонирхлыг татахуйц байвал та зөв сонголтын үзүүрийг атгасан гэсэн үг.


СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ДЭЭР ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛ

Хананд тань үүрд өлгөгдөх урлагийн бүтээлийг хэрхэн сонгох вэ? (фото 4)
Po Hsun Huang

Хэрвээ та агаарт жингүйдсэн бол сэтгэлийг тань догдлуулж байгаа зүйлд л төвлөрөх хэрэгтэй. Таныг эргэлзүүлж, гонсойлгож байгаа зүйлсийг алгасаад, танд мэдрэгдэж буй догдлол дээр төвлөрч чадвал та тухайн бүтээлийг насан туршдаа бишрэх болно.


ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ МАРТ

Хананд тань үүрд өлгөгдөх урлагийн бүтээлийг хэрхэн сонгох вэ? (фото 5)
Hiro Yokose

Хамгийн алдартай зураачийн тухай хот даяараа шуугьж байсан ч та бусдын үнэлэмжээр өөрийнхөө жанжин шугамаас гажих шаардлагагүй. Тухайн бүтээл алдартай, үнэтэй, нэр цуутай эрхмийнх учраас та худалдаж авах ёстой биш танд юу мэдрүүлж байгаа нь л хамгийн чухал билээ. Уг бүтээлтэй хамт “амьдрах” нь танд ямар мэдрэмж өгөх вэ? Түүний тухай гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцах мэдрэмж ямар байх вэ? Таны дотоод ертөнцтэй холбогдож байгаа зүйл нь юу вэ? гэх мэт асуултуудад яв цав хариулт олсныхоо дараа сонголтоо хийгээрэй.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх