Хайх

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн даван туулах вэ?

Сэтгэл гутралтай нүүр тулсан ээжүүдийн бодит түүх

Text: А.Сарнай


Би 24 насандаа анхны хүүхдээ төрүүлээд бусад ээжүүдийн л адилаар гэртээ сууж хүүхдээ өсгөсөн ээж. Анхны хүүхэд учраас мэдэхгүй чадахгүй зүйлс их л гардаг байсан. Би энэ нийтлэлээрээ удахгүй төрөх гэж байгаа эсвэл яг одоо төрсний дараах сэтгэл гутралтай тэмцэж байгаа олон ээжүүдэд хандан энэ үеийг хэрхэн даван туулж байсан туршлагаасаа хуваалцахыг зорилоо. Би харьцангуй өөдрөг бас их хэнэггүй хүн учраас сэтгэл гутралын талаар сонсож байсан ч нээх их анхаарал хандуулж байгаагүй. Өөрийгөө өртөхгүй гэдэгт яагаад ч юм итгэлтэй байсан. Өмнө нь хэзээ ч яг ингээд гэртээ сууж үзээгүй, төрөлт эмэгтэй хүний бие болоод сэтгэл зүйд ямар их өөрчлөлт авчирдгийг мэддэггүй байсан учраас тоогоогүй байх гэж одоо бодогддог. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан болохоор сэтгэлээр унахаараа өөртөө итгэлгүй нэг л тийм "БҮТЭН" биш болчихдог юм байна лээ. Өөрийгөө ийм байдалд орсноо ойлгоод бага зэрэг судалгаа хийж үзэхэд дараах нийтлэг хүчин зүйлс болоод шинж тэмдэг байдгийг олж мэдсэн. 

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн даван туулах вэ? (фото 1)

Сэтгэл гутралыг үүсгэдэг нийтлэг хүчин зүйлс бол:

  • Дааврын өөрчлөлт
  • Нойргүйдэл
  • Чөлөөт цаггүй байх
  • Удаан гэрт суух
  • Гэр бүлийн хүмүүсийн туслалцаа бага
  • Хүүхэд асрах үеийн бие болоод сэтгэл санааны ядрал
  • Нийгмээс, бусдаас тусгаарлагдсан мэт мэдрэмж
  • Хүүхэд өвдөх
  • Төгс ээж/эхнэр байж чадахгүй байгаа дутуугийн мэдрэмж
  • Бусад хүмүүсийн хандлага
  • Өөртөө хэт өндөр шаардлага тавих

Сэтгэл гутралд орсныг илтгэдэг нийтлэг шинж тэмдэг бол:

  • Гуниглах
  • Уцаартай болох
  • Үргэлж нойрмоглож ядрах
  • Үнэ цэнэгүй болсон мэт санагдах
  • Хоолны дуршил багасах
  • Толгой их өвдөх
  • Эрч хүчгүй болох
  • Хүүхэдтэйгээ ойр холбоо үүсгэж чадахгүй байх
  • Ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй байх
  • Амархан уйлах
  • Гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлах
  • Өөрийгөө голох гэх мэт

Доор та бүхэнд өөрийн болоод өөр нэгэн ээжийн сэтгэл гутралыг хэрхэн даван туулж байсан бодит түүхийг хүргэж байна.


24 настай, анхны хүүхэд

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн даван туулах вэ? (фото 2)

Охиноо дөрвөн сар хүрэх үед би хэрэггүй зүйлс бодож стрессддэг, түргэн ууртай байж их уйлдаг, юу ч болж бүтэхгүй байгаа юм шиг санагддаг, зүгээр л муухайгаар хэлэхэд “ААШТАЙ АВГАЙ” болчихсон байсан. Яг ийм байдалтай бараг л бүтэн сар явснаа сүүлд л ойлгож байгаа юм. Хүүхдэдээ, нөхөртөө хайртай ч гэртээ хүүхдээ хараад сууж байгаадаа нөхөр л намайг ийм байдалд оруулсан юм шиг санагдаад хамаг л уур бухимдлаа түүндээ гаргах гээд байдаг аймар муухай цаг мөчийг өнгөрөөсөн. Маш удаан ийм байдалтай явсны эцэст нэг орой нөхөр охин хоёр унтсаны дараа яг ганцаараа суугаад болсон бүх зүйлийг бодоод өөртөө дүгнэлт хийсний эцэст надад postpartum depression гэдэг зүйл болоод байгаа юм байна гээд ойлгож эхэлсэн. Сэтгэл гутралаас гарах хамгийн том алхам бол өөрийгөө сэтгэл гутралд орчихсон байгаагаа “ОЙЛГОХ” юм байна лээ. Ерөөсөө ойлгохын тулд л өчнөөн муухай өдрүүдийг өнгөрөөсөн.

За ингээд өөрийнхөө асуудлыг тодорхойлсны дараа үүнээс хэрхэн гарах талаараа бодож төлөвлөж эхэлсэн. Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн зүйл бол “Маргаашийг яг ганцаараа зөвхөн өөртөө зарцуулах”. Охиноо таван сар хүрэх үед л анх удаа гэрээсээ ганцаараа гарч хүүхэдгүй өдрийг өнгөрөөж үзсэн. Найзтайгаа уулзаж өдрийн хоол идээд, хумсаа будуулаад, массажинд ороод, кофе шопд ганцаараа сууж тэр өдрийг өнгөрөөж байлаа. Ийнхүү ганцаараа суухдаа өөрийнхөө дуртай зүйлийг хийж эхлэхээр шийдэж бичих дуртай дээрээ ээж болоод их туршлага хуримтлуулж байгаа учраас энэ хоёрыгоо хослуулаад шинэхэн ээжүүдэд зөвлөгөө өгдөг инстаграм хаяг нээгээд хөтөлж эхэлсэн. Ямар ч завгүй хэцүү үе байсан хүн өөрийнхөө дуртай зүйлд цаг зав гаргаж түүнээсээ сэтгэл ханамж мэдэрдэг гэдгийг би энэ үеэс л ойлгож эхэлсэн. Ямар ч нөхцөлд хүн өөртөө цаг гаргаж сурах ёстой юм байна лээ. Завгүй бас боломжгүй гэдэг үгээр өөрийгөө үргэлж хойш тавиад байхаар удалгүй үүндээ бухимдаад эхэлдэг. Миний туршлагаас бол би сэтгэл гутралаас өөртөө цаг зав гаргаж, шаардлагатай үед бусдаас тусламж гуйж, дуртай юмаа олж хийж мөн “миний охин дандаа ийм жаахан байхгүй энэ цаг хугацаа маш богинохон, дандаа хамт байх энэ хугацаагаа гоё жаргалтай өнгөрөөе. Нэг мэдэхэд л хүүхэд том болоод манай гэр бүл өглөө гараад орой ирдэг тийм завгүй амьдралтай болчихно” гэдэг зүйлийг өөртөө маш сайн ойлгуулж байж гарч чадсан гэж боддог.

Шинэхэн ээжүүддээ өөрийнхөө дуртай зүйлийг олоод түүндээ цаг зав зарцуулж байгаарай гэж хэлнэ. Энэ таныг сэтгэл гутралд орохоос сэргийлэх, орсон байлаа гэхэд татаж гаргах маш том дэмжлэг байх болно. Оёх дуртай бол оёод, дасгал хийгээд, дуртай сэдвээрээ бичээд, онлайнаар хичээлд суугаад, шинэ хэл сураад, шинэ чадвар эзэмшээд, эсвэл хүүхэдтэйгээ агаар салхинд гарч гоё гоё зүйлс туршиж үзээд, ер нь л чамайг юу аз жаргалтай болгож байна тэрийгээ л олж хийгээрэй. Заримдаа юу ч хийхгүй бяцхантайгаа эрхлэлцээд, тоглоод өдөржин нялуурч хэвтэх хүртэл маш бүтээлч аз жаргалтай өдөрт тооцогдоно. Яагаад гэвэл хүүхэд ийм нялхаараа, зөвхөн танаас л хамааралтай байх цаг хугацаа маш богинохон шүү дээ.

Ээжийн сэтгэл зүй хүүхдэд шууд нөлөөлөх учраас аль болох асуудлыг хурдан шийдэх нь зүйтэй. Дээр би зөвхөн өөрийн туршлагыг л хуваалцсан бөгөөд сэтгэл гутралыг ээжүүд маш олон өөр өөр аргаар даван туулж байгаа. Шаардлагатай бол та мэргэжлийн эмч сэтгэл зүйчтэй холбогдож болно. Гэхдээ жижиг зүйлс амьдралд том өөрчлөлт авчирдаг үеүд зөндөө байдаг. Нүүрээ хөнгөхөн будаад, ойрд өмсөөгүй хувцсаа өмсөөд толинд харах төдийд л сэтгэл сэргээд ирдэг шүү. Нөхөртэйгөө болзох, найзуудтайгаа сэтгэлээ сэргэтэл сайхан ярилцах, хэцүү байвал санаа зоволтгүй бусдаас туслалцаа хүсэх, ижилхэн ээж найзуудтай болох зэрэг аргуудыг мөн хэрэгжүүлээд үзээрэй.


31 настай, анхны хүүхэд

Би сайхан амьдрал, ямар ч асуудалгүй жирэмслэлт, халамжтай нөхөр, дуртай ажлаа хийсэн аз жаргалтай эмэгтэйн амьдралаа хүмүүст харуулж байсан шигээ яг тэр чигт нь авч үлдэнэ л гэж боддог байсан. Төрөлтийн үе ч хэцүү байсангүй, хүүхдийн бие том байсан ч маш хурдан төрж хүүхэдтэйгээ ойлголцоход ямар ч асуудал үүсээгүй учраас би өөртөө бүх зүйл төгс байна гэж итгүүлж байлаа. Эмнэлгээс гараад хэд хоногийн дараа нөхөр маань ажилдаа буцаж орсон цагаас эхлүүлээд миний эцэс төгсгөлгүй санаа зовнил эхэлсэн. Зөв хооллож чадаж байна уу? Яагаад уйлаад байгаа юм болоо? Би юуг буруу хийгээд байна? Ямар нэгэн асуудал гарахад энэ бүгд миний буруу, би л юу ч хийж чадахгүй байна... Хүүхдээ салхилуулах гэж гарахдаа гудамжинд хүүхдээ тэврээд инээмсэглэж байгаа ээжүүдийг хараад би тэднээс шал өөр ертөнцөд ганцаараа амьдраад байгаа юм шиг санагдаж гэртээ буцаж ороод л уйлаад эхэлдэг байсан. Үнэнийг хэлэхэд хуучин амьдралаа эргүүлээд авмаар санагдаж байсан үе олон. Гэрээсээ гарах улам дургүй болж зарим өдөр хөшгөө ч нээхээ больсон.

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн даван туулах вэ? (фото 3)

Хүүхэд бол бурхны бэлэг, чиний ийм байх буруу гэж өөртөө их сануулдаг байсан ч яг үнэндээ энэ сануулга юуг ч өөрчилж байгаагүй. Бодит байдал дээр шинэ ээж болон сэтгэл гутрал хоёр нийлчхээрээ хүнийг юу ч үгүй сульдаадаг юм байна лээ. Манай хүү гэдэсний дүүрэнгээс болж шөнөжин нойргүй хоносон тэр өглөө миний тэнхээ барагдаж нөхрөө ажилд нь явуулсангүй. Азаар миний нөхөр гайхалтай хүн. Тэр маш шуурхай эмчтэй холбогдож цаг аваад цаашдын төлөвлөгөөг гаргаж эхэллээ.

Ингээд эмч долоо хоногийн гурван өдөр манай гэрт ирж үзлэг хийж зөвлөгөө өгч эхэлсэн бол нөхөр өдрийн цайны цагаараа гэртээ ирж хамт байдаг боллоо. Мөн би долоо хоног бүр яг над шиг асуудалтай байгаа ээжүүдийн уулзалтад очдог болсон нь надад маш их туслалцаа бас урам зориг болсон. Бага багаар би тайвширч эхэлж байлаа. Хүүхдээ унтаж байхад нь амьсгалж байгаа үгүйд нь санаа зовохын оронд хажууд нь хэвтээд хамт унтаж, дуртай хувцаснуудаа өмсөөд нүүрээ ч будаж эхэллээ. Зургаан долоо хоногийн дараа гэхэд шинэхэн ээжийн амьдралдаа дуртай болж эхэлсэн. Үнэн гэвэл би муу ээж биш зүгээр л өвдсөн, шаналсан бас гунигласан ээж байсан байна лээ. Хэрвээ би цаг хугацааг буцааж болдог бол өөртөө илүү зөөлөн хандах байсан, тайвшраад өөрийнхөө зөн совинд итгэ гэж хэлэх байсан. Энэ үеэс хойш найман жил өнгөрчээ. Би одоо хоёр хөөрхөн хүүтэй, дуртай ажлаа хийн жаргалтай амьдарч байна. Одоо ч хааяа надад би алдаа гаргаад байна уу гэх бодол төрдөг. Гэхдээ энэ чинь зөвхөн бодол болохоос бодит байдал биш гэдгийг ойлгодог болсон учраас намайг урт хугацаанд зовоохоо больсон доо.


Төрсний дараах сэтгэл гутрал яг л ийм зүйлээс үүсдэг, ингэж эмчилж урьдчилан сэргийлдэг гэсэн батлагдсан судалгаа байхгүй ч маш нийтлэг шинжүүдтэй байдаг. Дээр сэтгэл гутралыг үүсгэж болох хүчин зүйлс болоод давж гарах боломжит аргуудыг бодит жишээнүүд дээр үндэслэн бичсэн бол одоо урьдчилан сэргийлэхэд туслах зарим нэгэн аргыг өөрийн туршлага дээрээс хуваалцаж байна.

Хэнээс ч ямар нэгэн тусламж ирнэ гэсэн урьдчилсан хүлээлттэй байх хэрэггүй. Ийм найдлагатай байх нь дараа нь яг тэр хүнээс чинь тусламж дэмжлэг ирэхгүй байх үед таныг гомдоох, уурлуулах бүр цаашлаад сэтгэлээр унах эрсдэлд хүргэж болно.

Төрхөөсөө өмнө төрсний дараа хийж болох зүйлс, унших номууд, очих газруудаа төлөвлөж болно. Бүгдийг нь хийж амжуулж чадахгүй ч чөлөөт цагаараа хий дэмий юм бодож суух завгүй байхад тусална.

Төрсний дараах үед гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжийг урьдчилан бэлдэж болно. Санхүүгийн асуудалтай байж мөнгөний хувьд хараат байх нь бас сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг. Хүссэн зүйлээ гэртээ захиалаад сууж байх ч бас их сэтгэлийн дэм болдог шүү.

Жижиг асуудал байсан ч ярилцаж, цаг тухай бүрд сэтгэлээ онгойлгож сурах нь сэтгэл гутралд өртөхгүй байхад их тустай. Эсвэл ярилцахгүй байлаа гэхэд та стрессээ дуулж бүжиглэх, гэрээ цэвэрлэх гээд өөр ямар ч зүйлээр тайлдаг байсан тухай бүрд нь л асуудлыг шийдээд сурчихвал сайн.

Судалгаагаар “Baby blue” буюу төрсний дараах эхний хэд хоногт тохиолддог хөнгөн сэтгэл зүйн өөрчлөлт (амархан уйлах ,гуниглах, сэтгэл зүй тогтворгүй байх гэх мэт) шинэхэн эцэг эхчүүдийн 50-аас 80 хувьд тохиолддог бол “Postpartum depression” буюу төрсний дараах сэтгэл гутралд нийт төрсөн эмэгтэйчүүдийн 15% нь өртдөг гэжээ. Тэгвэл төрсний дараах сэтгэл гутралын хамгийн хүнд хэлбэр болох “Postpartum psychosis” буюу төрсний дараах сэтгэцийн эмгэг маш ноцтой бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж шаарддаг. Энэ эмгэг харьцангуй бага буюу 1000 хүн тутмын нэгт тохиолддог ч амиа хорлох, хүүхдээ гэмтээх зэрэг хор хөнөөл өндөртэй байдаг учраас яаралтай эмнэлэгт хэвтэж, эм ууж, сэтгэлзүйн эмчилгээ авах шаардлагатай байдаг. Энэхүү сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг нь сэтгэл гутралтай ижил хямрах, нойргүйдэх, итгэл найдвараа алдах зэргээс гадна хий юм харах, хэт хурдан ярих, сандрах, солиорох, хэт идэвхтэй байх зэрэг шинжүүдээр илэрч болдог. Аль ч төрлийн сэтгэл зүйн асуудал байсан хүүхдэд шууд нөлөөтэй байдаг учраас яаралтай арга хэмжээ авч эмчлэх нь хамгийн чухал.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх