Хайх

Quiet Luxury буюу энгийн, тансаг стиль яагаад тренд болов?

Quiet Luxury буюу энгийн, тансаг стиль яагаад тренд болов?

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Моод үргэлж эргэдэг зарчмаар 2000-аад оны буюу Y2K эрин үеийн загварууд бидний амьдралд нэг л мэдэхэд эргэж буцалтгүй орж ирсэн байлаа. Нам суудалтай жийнс, өнгө өнгийн панама малгай, кроп топыг төрөл бүрээр нь загварчлан өмсөн гудамжаар алхах Белла Хадид, эсвэл тансаг брэндүүдийн логог хүн харахгүй өнгөрчих вий гэсэн шиг нүүрнээсээ бусад хэсэгт бүрхэж орхисон инфлюэнсэрүүд үүнд нөлөөлсөн үү? Эсвэл пандемикийн үеэр гэрээсээ гараагүй удсан хүмүүс анхаарал татам хувцаслахыг хүссэн ч байж болно. Ямартаа ч илэрхийлэмж өндөртэй, чангаар тунхагласан максималист загварын трендүүд бидний өдөр тутмын хувцаслалтад нэвт шингэж, одоо ч эрчээ огтхон ч алдаагүй байна. Энэ бүх нүд эрээлжлэм загварын хажуугаар чимээгүй атлаа яг л цэвэр агаар мэт орж ирсэн хэв маяг бол Quiet Luxury юм.


Хэрвээ олон нийтийн сүлжээн дэх статистикийг шалгаад үзэх юм бол TikTok дээр “Quiet Luxury” гэсэн хэштэгтэй бичлэгүүд нийт 80,2 сая үзэлттэй байгаа бол “Old Money” гэх тодорхойлолттой видеонуудыг 5,5 тэрбум удаа үзжээ. Тэгэхээр та TikTok дээр тренд болж байгаа бичлэгүүдийг цаг тухайд нь үздэг бол эсвэл насанд хүрсэн хүн шиг хоёр долоо хоногийн дараа Instagram дээр дэлгэрэхэд нь олж хардаг бол “Old Money Aesthetic”, “Quiet Luxury” гэсэн нэртэй контентуудыг анзаарсан нь лавтай.


Quiet Luxury буюу энгийн, тансаг стиль яагаад тренд болов? (фото 1)

Жишээ нь хөлөөсөө толгой хүртлээ Brunello Cucinelli-гийн аяллын цуглуулгаар гоён, Италийн Комо арал дээр дарвуулт онгоцондоо оргилуун дарс шимэн суух хосууд, Английн эдлэндээ морин спортоор хичээллэх цэмцгэр залуу, Ralph Lauren брэндийн поло цамцтай, сонгодог Porsche унан давхих хижээл насны эр эсвэл ямар ч илүү дутуу детальгүй атлаа цаанаасаа л тансаг, нарийн хийцтэй даашинз өмссөн үзэсгэлэнт бүсгүйн видеонууд харц булааж, яг л тэдэн шиг удам дамжсан хөрөнгөтнүүдийн стилиэр шинэ үеийнхэн “Quiet Luxury” -г төсөөлж, ийм гоо зүйгээр хувцаслахыг хүсэх болжээ. Тэгвэл хурц тод өнгө, лого, дизайнгүй энгийн атлаа чанартай хувцаснуудаас бүрдсэн сонгодог стиль хэзээ ч моодноос гараагүй, үргэлж үнэ цэнтэй байсаар ирсэн ч яагаад заавал одоо тренд болох болов?

Quiet Luxury буюу энгийн, тансаг стиль яагаад тренд болов? (фото 2)
Гүнж Диана 1994
Quiet Luxury буюу энгийн, тансаг стиль яагаад тренд болов? (фото 3)
Жеки Кеннеди 1971

Магадгүй өөрийн стиль төдийгүй амьдралын хэв маягаа тэр чигт нь өөрчилж, “Холливүүдийн эрх танхи охин”-оос “Quiet Luxury” имиж рүү шилжсэн (саяхан Францад нүсэр хурим хийн анхаарлын төвд орсон) София Ричи үүнд нөлөөлсөн ч байж болох. Аль эсвэл HBO сувгийн тэрбумтан гэр бүлийн тухай өгүүлэх “Succession” хит цувралын костюм дизайнеруудын ач гавьяа ч байж магад. Үгүй юм аа гэхэд бид зүгээр л хаа сайгүй үзэгдэх лого-маниягаас ядарсан ч байж мэднэ. Аль ч тохиолдолд өнөөдөр хүмүүс илүү даруу төлөв харагддаг атлаа үнэ цэнтэй зүйлс рүү тэмүүлэх болжээ. Бүр биеийн галбираа тодотгож, үргэлж секси хувцаслах дуртай Кайли Женнер хүртэл сүүлийн хэдэн өдөр “Quiet Luxury” стилиэр туршилт хийж байгаа нь үүнийг батлах мэт...

Quiet Luxury буюу энгийн, тансаг стиль яагаад тренд болов? (фото 4)
Succession

Цаг хугацаа болоод трендэд үл захирагдах эд зүйлс эзэмших шинэ үеийнхний тэрхүү хүсэл ч загварын салбарт нөлөөгөө үзүүлж, Loro Piana, Brioni, Hermes зэрэг хайпер тансаг зэрэглэлийн брэндүүдийн зах зээлийн үнэлгээ дагаад огцом өсөж, Ermenegildo Zegna, Delvaux брэндийн дэлгүүрүүд худалдан авагчдын хөлд дарагдаад байгаа талаар эх сурвалжууд дурдсаар байна. Гэхдээ ийм стилийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүст сайн мэдээ дуулгахад “Quiet Luxury” стильтэй болохын тулд та заавал тэрбумтан эсвэл баян чинээлэг өв залгамжлагч байх албагүй юм. Энэхүү гоо зүй нь ямар нэгэн нийгмийн давхаргаар хязгаарлагдахгүй бөгөөд харин ч эсрэгээрээ таны өмсөж, зүүсэн эд зүйлсийн үнэ болоод шошгыг мэдэгдүүлэхгүй байх зорилготой. Жинхэнээсээ чинээлэг хүмүүс өмссөн хувцасныхаа шошгоос илүүтэй насан туршийн эдэлгээ, бат бөх чанар, өө сэвгүй дизайн зэрэг шинж чанаруудад ач холбогдол өгдөг. Тэгэхээр “Quiet Luxury” бол үнэтэй брэнд өмсөхөөс илүүтэй чанар болон уран хийцийн тухай ойлголт юм. Нөгөөтээгүүр хэзээ ч хоцрогдохгүй, он удаан жил өмсөгдөх эдэлгээ сайтай хувцсанд хөрөнгө оруулалт хийснээр байгаль орчинд ээлтэй, ухамсартай хэрэглээг ч давхар дэмжиж байгааг тэмдэглүүштэй.


Хэрхэн “Quiet Luxury” стилийг бүрдүүлэх вэ?

Дээр дурдсанчлан хормын зуур тренд болоод өнгөрөх богино настай эд зүйлс бус насан туршдаа өмсөх хувцсанд хөрөнгө оруулалт хийхэд “Quiet Luxury”-гийн утга учир оршиж байгаа учраас хамгийн түрүүнд материалын чанар, эсгүүр, оёдол, дизайнд анхаарлаа хандуулж, хүссэнээрээ загварчилж болох хувцасны шүүгээний үндэс суурь болсон минимал шик загваруудыг сонгоорой. Үндсэндээ худалдан авч буй хувцас тань анхаарал татахуйц бус мөртлөө дээд зэргийн чанартай байх учиртай. Жишээ нь сайн чанарын гадуур хувцас, ил тод логогүй цүнх, төгс суулттай хослол, сорочкан цамц, сонгодог загвартай даашинз, аксесуар зэрэгт анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх