Тэгш өнцөгт хэлбэртэй нүдний шил анхаарлын төвд орлоо
Miu Miu загварын ордон трендүүдийн цувааг манлайлсаар. Тэдний толилуулсан намар-өвөл 2023 цуглуулгад багтсан төрхүүдийг зурвас харахад хээнцэр эмэгтэйчүүдийн оффис хувцаслалт үзэгдэх боловч, хэсэг ажихад тийм ч эрхэмсэг, төгс төгөлдөр биш гэдэг нь анзаарагдана. Учир нь моделиуд цамцныхаа хормойг өмд биш, харин дээш татсан триконыхоо дотуур далдалж хийсэн, үсний засалт нь үл ялиг сэгсийчихсэн Миучча Прадагийн тодорхойлж буйгаар “залуу насыг мэдрүүлэх” төрх бүрдүүлсэн байв. Давхардсан мэдрэмж өгөх энэхүү гоо зүйг харин нэгэн аксесуар сайтар төлөөлж чадсан нь тэгш өнцөгт хэлбэртэй нүдний шил байлаа.
“Devil Wears Prada” дээр Жизель Бюндхены зүүдэг нүдний шил бол тус трендийг илэрхийлэх төгс жишээ юм. Мөн загварын хорхойтнуудын шимтэн үздэг “Ugly Betty” цувралын Беттигийн өөрөөсөө салгадаггүй улаан хүрээтэй тэгш өнцөгт шил тухайн үедээ үзлийн муухайд тооцогддог байсан бол одоо Белла Хадид таашаадаг чиг хандлага болон сайшаагдаад байна.
Мөн та TikTok, Instagram, Pinterest платформ дээрх #librariancore буюу номын санчийн хэв маяг, #secretarycore буюу нарийн бичгийн хэв маяг гэх хайлтаас тэгш өнцөгт шил зүүсэн 2000-аад оны эхэн үеийн завгүй эмэгтэйчүүдийн гоо зүй эргэн ирснийг олж харах боломжтой.
Түүнчлэн Miu Miu-гээс гадна Gentle Monster болон Парист төвтэй аксесуарын брэнд D’heygere нарын хамтралаас төрсөн тэгш өнцөгт болон зууван хүрээтэй нүдний шилний цуглуулга инфлюенсерүүдийн дунд маш эрэлттэй байгаа юм. Эдгээр загвар нь мөнгөлөг өнгө, хурц үзүүртэй гээд футуристик, дижитал хэв маягт давхар нийцсэн гэдгээрээ онцлог билээ.