Виржил Аблогийн дурсгалд: Louis Vuitton брэндийн хавар-зун 2023 цуглуулга
Louis Vuitton загварын ордон дизайнер Виржил Аблогийн дурсгалд зориулсан гурав дахь цуглуулгаа өргөн барилаа. Луврын музейн Cour Carrée төв талбайд зохион байгуулагдсан тус загварын шоуг нээж Флоридагийн A&M их сургуулийн “Marchin 100” найрал хөгжмийн чуулга үзүүлбэрээ толилуулсан юм. Энэхүү сургуульд Виржил Аблогийн санаачилсан, урлагийн чиглэлээр мэргэшиж буй өнгөт арьстай оюутнуудыг дэмжих зорилготой Post-Modern тэтгэлэгт хөтөлбөр хэрэгждэг байна. Мөн шоун дээр рэппер Кендрик Ламар “Виржил, хэдэн милийн цаана байна вэ?” хэмээн дуулж үзэгчдийн дунд харуусал, догдлолыг зэрэг төрүүлж чадсан юм.
Хавар-зун 2023 цуглуулгыг Аблогийн баримталдаг итгэл үнэмшилд тулгуурлан бүтээжээ. Тэрээр “хараахан толбо суугаагүй хүүхдийн үзэл бодлоор” хувцсаа урлаж, уран сэтгэмж, бүтээлч байдал нь эрх чөлөөтэй орчинд бий болдог гэдэгт итгэдэг байсан. Тиймдээ ч Louis Vuitton брэнд загварын шоуны тайзыг тоглоомон галт тэрэгний замаас сэдэвлэн бүтээж, хоёр талд нь аварга том бөмбөлгүүд суурилуулан яг л хүүхдийн өрөөтэй ижил орчныг бүрдүүлжээ. Түүнчлэн шинэ цуглуулгад хуванцар тоглоом, цаасан шувуу зэрэг бага настай салшгүй холбоотой эд хэрэгслээр чимэглэсэн тейлор хийцтэй цэмцгэр хослол, хуниастай юбка, газар шүргэсэн куртка, цэцгэн хатгамалтай пальто болон тэгш бус хэмтэй савхин хүрмийг багтаасан байна.
Дийлэнх хүмүүсийн таамаглаж буйгаар энэ бол Виржил Аблогийн дурсгалд зориулан хийсэн сүүлийн цуглуулга бөгөөд Louis Vuitton тун удахгүй шинэ бүтээлч захирлаа танилцуулах гэнэ. Аблогийн орыг хэн залгах нь одоогоор тодорхойгүй байгаа ч салбарын мэргэжилтнүүд хамгийн өндөр магадлалтай хүмүүсээр Мартин Роуз, Грейс Уэльс Боннер, Эерри Лоренцо нарыг нэрлэжээ.