Хайх

Синди Кроуфорд, Жонни Депп зэрэг оддын хүүхдүүд загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ

Синди Кроуфорд, Жонни Депп зэрэг оддын хүүхдүүд загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ

Гишгэсэн мөрөөр

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн үед одуудаас илүүтэйгээр тэдний хүүхдүүдийн талаар мэдээлэл их цацагдах боллоо. Тийм ч учраас бид моодонд орж байгаа шинэ баатруудын талаар дэлгэрэнгүй танилцуулахаар шийдлээ

Ален Делоны хүү Ален-Фабьен Делон

Бидний өмнөх нийтлэлүүдийн гол баатруудаар Патрик Шварценеггер, Скотт Иствуд болон Бекхэмийн ах дүүс байсан билээ. Тэгвэл энэ удаад эрэгтэй гол дүрийн баатраар францын секс билэг тэмдэг байсан Ален Делоны хүү Фабьен тодроод байна. Түүний эцэг нэгэн цагт Dior Eau Sauvage үнэртэй усны нүүр царай болж байсан билээ. Энэ удаад  харин 21 настай Фабьен гэр бүлийн уламжлалаа үргэлжлүүлэн Dior Homme-гийн нүүр царайгаар тодорсон байна. Энэ тухай Dior-ын эрэгтэй загварын бүтээлч захирал Крис Ван Аш Instagram хуудсаараараа дамжуулан мэдэгдлээ.

Аав, хүү хоёр хоорондоо хэр адил төстэйг хэлэхэд хэцүү юм. Тодорхой нэг өнцгөөс харахад яг адилхан харагдах авч, өөр өнцгөөс харахад огт ондоо санагдана. Эцэг хүү хоёрын харилцаа тааламжтай бус бөгөөд Фабьен гэрээсээ явахын тулд л кинонд тоглож, загвар өмсч эхэлсэн гэж хэлж байжээ. Энэ байдал одоо өөрчлөгдсөн үгүйг бид мэдэхгүй ч мөн гүнзгий судлахыг хүссэнгүй. Учир нь Ален-Фабьены хувийн амьдралаас илүүтэй загвар өмсөгчийн амьдрал нь бидний сонирхолыг ихэд татаж байгаа юм. Тэрээр анх 2013 онд францын Vogue Hommes сэтгүүлээс өөрийн загвар өмсөгчийн гараагаа эхлүүлжээ. Үүний дараагаар Gucci-гийн шалгаруулалтанд тэнцэж, загварын тайзан дээр гарсан бөгөөд дараа нь олон төрлийн сэтгүүлд зураг нь нийтлэгддэг болжээ. Харин Dior Homme-гийн сурталчилгаа түүний одоогоор гаргасан хамгийн том амжилтад тооцогдож байна. Цаашид хэрхэхийг харж л байя.

Синди Кроуфордын охин Кайя Гербер

Саяхан Синди Кроуфорд загварын ертөнцтэй салах ёс хийж байгаагаа мэдэгдсэн. Бид үүнийг ноцтой хүлээж аваагүй. Яагаад гэвэл тэр хэзээ ч бүр мөсөн салах ёс хийдэггүйг мэдэх учраас тэр юм. Харин хэд хоногийн дараагаар Кроуфордын гэр бүлээс дахин шинэ мэдээ ирлээ. Синди Кроуфордын залуу насыг санагдуулам 14 настай охин нь Chrome Hearts брэндийн шинэ нүүр царайгаар тодорсон байна. Хэдий тэрээр загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч гэлээ энэ бол түүний анхны зураг авалт биш ээ. Кайя өмнө нь 2012 онд Young Versace цуглуулгын сурталчилгаанд оролцож байжээ. Энэ бүхнийг харахад магадгүй Синди Кроуфорд зүгээр ч нэг загварын ертөнцөөс холдоогүй, харин охиндоо халаагаа өгөх гээд бэлдэж байсан мэт санагдав.

Кайя Гербер өөрийн анхны гэрээгээ 13 насандаа IMG Models-той хамтарч ажиллахаар зурсан байна. Гэхдээ түүний талаар сэтгүүлчид бүр өмнө ярьж эхэлжээ. Учир нь тэр ээжийнх шигээ алдарт мэнгэгүй ч түүнтэй тун адилхан харагддаг. Тиймээс Кайя Гербер загвар өмсөгч болох нь эртнээс тодорхой байсан гэж хэлж болно.

Памела Андерсоны хүү Дилан Ли

Памела Андерсон болон түүний хуучин нөхөр Томми Ли нар Buro24/7-гийн гол баатрууд биш ч гэлээ бидэнд Памела таалагддаг юм. Харин Эди Слиман тэдний хүүг өөрийн видео тэмдэглэлд тоглуулан "нээсний" дараагаар хүн бүр Диланыг сонирхох болсон. Hedi Slimane Diaries- гэх тэрхүү тэмдэглэлд Saint Laurent-ын бүтээлч захиралд таалагдсан шинэ дуучид, уран бүтээлчид оролцдог учиртай билээ. Тэгвэл энэ удаад 18 настай Дилан Ли гол дүрд тогложээ. Тус богино хэмжээний видеонд Дилан Ли гитар тоглон, серфингийн тавцан барин далайн эргээр алхалдаг. Зураг авалт түүний өссөн газар болох Малибуд хийгджээ. Малибу нь мөн түүний ээжийг нэр алдартай болоход гол үүрэг гүйцэтгэсэн газар юм.

Жуд Лоугийн охин Айрис Лоу

Өнгөрсөн удаа бид Жуд Лоугийн хүүхдийн талаар дурдаж байсан. Гэхдээ тэр үед бид Жуд Лоу болон Сэди Фрост нарын хүү Рафферти Лоугийн талаар ярьж байсан бол одоо түүний эмэгтэй дүү Айрисын талаар танилцуулья. Айрис одоогоор Illustrated People x Violetta Fancies You брэндийн капсул цуглуулгын сурталчилгаанд оролцсон байгаа. Тэрээр энэ сурталчилгаанд загвар өмсөгч Эванжелин Лингийн хамт тоглосон юм. Харин Раффертигийн хувьд бол Tiger of Sweden хэмээх Шведийн алдартай брэндээс загварын карьераа эхэлсэн бөгөөд DKNY-ын загварын тайзнаа алхаад амжсан нэгэн. Хамгийн анх тэд Vogue сэтгүүлд хамтдаа гэр бүлийн зураг авахуулж байсан юм. 

Айрис Лоугийн тухай илүү ихийг мэдье гэвэл түүний Instagram хуудаснаас олон зүйл харж болно. Жишээ нь тэр Adidas брэндийн хослол өмсөж, ангаахай самартай зайрмаг идэх дуртай гээд  өдөр тутмын амьдралыг нь илтгэх зургууд цөөнгүй.

Дэниел Дэй-Льюис болон Изабель Ажани нарын хүү Габриель-Кэйн Дэй-Льюис

Дэниел Дэй-Льюис болон Изабель Ажани нарын хамгийн том амжилт бол тэдний хорин настай хүү Габриель хэмээн ярьцгааж байгаа нь хүмүүс тэднийг олон төрлийн шагналууд авч байсныг мартсан бололтой. Тэдний хүү Габриель Chanel-ын кутюр загварын шоунд оролцсон нь одоогоор гаргаад байгаа түүний хамгийн том амжилт болоод байгаа юм. Тэр Карл Лагерфельдтай анх арваад настай байхдаа танилцжээ. Габриелийн хэлж буйгаар бол тэр Chanel-ын студийн ойролцоо, кофе авахаар зогсож байхдаа Лагерфельдыг дахин харсан ч тэр өөрийг нь таниагүй гэнэ. Тийм болохоор Габриель өөрийгөө дахин танилцуултал загвар зохион бүтээгч түүнийг хэчнээн том болсныг нь гайхширч, өөрийн загварын тайзан дээр харахыг хүсч байгаагаа хэлсэн гэнэ. 

Үүнээс гадна тэрээр мөн хөгжимчин юм байна. Хэрэв та Габриелийг дэмжихийг хүсвэл түүний SoundCloud хуудас руу нь орж сонирхоорой. Одоогоор тэнд хоёр л дуу байгаа бөгөөд нэг нь Жастин Биберийн ковер дуу юм.

Уилл Смит хүүхдүүд болох Уиллоу болон Жейден Смит нар

Тэд дөнгөж 15 болон 17 настай учир энэ жагсаалтад байгаа хамгийн залуу хүүхдүүдэд тооцогдож байна. Гэсэн хэдий ч тэд эцэг эхээсээ хамгийн хараат бус өсвөр насныханд тооцогдоно. Уиллоу, Жейден хоёр хөгжимчид, жүжигчид мөн нийгмийн идэвхитнүүд учир тэдний нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр байнга гарч байдаг. Уиллоу феминизмийг дэмждэг бол, Жейден хүйсийн ялгааг тэвчдэггүй бөгөөд байнга юбка өмсөж олон нийтийн өмнө гарч ирдэг билээ. Хэрэв тэдний бүх амжилтуудыг дурдвал маш их зүйл болох учир зөвхөн хамгийн сүүлийн үеийн мэдээг нь л хүргье. Жейдений хувьд саяхан Louis Vuitton-ы нүүр царай болсон байгаа. Харин Уиллоу Смит Marc Jacobs-ын сурталчилгаанд тоглож, загварын агентлагтай гэрээ байгуулж, өөрийн шинэ цомгоо танилцуулжээ. 

Жонни Депп болон Ванесса Парадигийн охин Лили-Роуз Депп

Chanel-ын загварын шоу дээр Жонни Депп болон Ванесса Паради нарын 15 настай охин гарч ирсэн нь жинхэнэ шуугиан дэгдээж байсан юм. Энэ шоуны дараагаар Лили маш алдартай болсон бөгөөд түүний нэр алдар өдөр ирэх тусам өссөөр байгаа. Шинэхэн төрсөн одоос ярилцлага авах нь нэр төрийн хэрэг байсан тул Oyster Magazine түүнтэй анхны ярилцлагыг хийжээ. Дараагаар нь түүний жүжигчны карьер эхэлж хэдэн жижиг дүр бүтээсэн бол эцэст нь "Planetarium" кинонд Натали Портманы хамт тоглосноор жинхэнэ том дүр бүтээсэн. Дээрээс нь Карл Лагерфельд Лилиг гайхалтай гэж боддог ба тиймдээ ч түүнийг Chanel-ын нүүр царай болгосон аж.

Энэ 2016 онд Лили-Роуз Деппийн тоглосон "Yoga Hosers", "Planetarium", болон "The Dancer" гэх гурван кино нээлтээ хийхээр товлогдсон байгаа. Тэр сүүлийн кинонд бүр Айседора Дунканы дүрийг бүтээнэ гээд боддоо. Хүмүүс түүнийг зөвхөн кино болон сэтгүүлийн нүүрэнд гардагт нь дуртай  биш харин Лилигийн нээлттэй байдал илүү сонирхолтой байдаг гэнэ. Тэр өөрийн гэр бүлийн асуудлын талаар илэн далангүй ярьдаг төдийгүй ЛГБТ нийгэмлэгийг дэмждэг аж. Түүнчлэн Лили-Роуз Депп хакерүүдаас болж олон нийтийн сүлжээнээс эмээдэг болжээ.

Пирс Броснаны хүү Дилан Броснан

Хуучин Жеймс Бондод гурван хүү бий ч тэдний зөвхөн нэг нь л загварын ертөнцтэй холбогдсон байна. Анх Эди Слиман 18 настай Диланыг загварын ертөнцөд хөтлөн оруулжээ. Тэд 2014 оны сүүлээр Малибуд танилцсан бөгөөд загвар зохион бүтээгч түүнийг шууд л загварын тайзнаа урьсан аж. Дилан өнгөрсөн зургаадугаар сард Saint laurent-ы Хавар, Зуны цуглуулгыг танилцуулсан ба Жек Килмертэй хамт тус ордны нүүр царай болжээ. Эди Слиман түүнийг төгс гэж үздэг учир нь тэр ааваасаа бүтэн толгой өндөр, туранхай, урт хөлтэйн дээр гитар муугүй тоглодгийнх гэнэ. Тэрээр хамгийн сүүлд Марио Тестиногийн авсан Burberry-гийн хаврын сурталчилгаанд тоглосон байгаа.

Вел Килмерийн хүү Жек Килмер

Хуучин Бэтмений хүүг ч мөн адил Эди Слиман "илрүүлжээ". Гэхдээ түүнтэй танилцахаас өмнө Жек "Palo Alto" кинонд Эмма Робертсын хамтаар тоглож бага зэрэг олны танил болсон байсан юм. Тэр одоохондоо энэ киноноос өөр том дүрд тоглож амжаагүй байгаа ч гэлээ өөрөө жүжигчний мэргэжилд аль хэдийнэ дурласан гэдгээ хэлжээ. Тэр өөрийгөө өмнө нь шоу бизнест орно гэж огт төсөөлөөгүй байсан ба одоо бол гарах сонирхолгүй байгаа аж. Тэгэхдээ харин загварын ертөнц рүү орох хүсэлгүй байгаа бололтой. Учир нь тэр зөвхөн Saint Laurent-ын загварын шоу болон сурталчилгаанд л тоглосон байна.

Гарри Олдманы хүү Чарли Олдман

Чарли Олдман ч гэсэн мөн л Saint Laurent-ы Хавар, Зуны загварын шоуны "нээлт" болсон нэгэн юм. Хэдийгээр түүний загварт гаргасан өөр амжилт одоогоор алга байгаа ч гэлээ түүний өмнө бүх зүйл нээлттэй байна.

цааш үзэх