Бидний өнөөдрийн хувцаслалтыг бий болгосон Мартин Маржелагийн алдарт цуглуулга
Яг 20 жилийн өмнө гарч байсан цуглуулга
Шинэ мянганы загварын түүхэнд хувьсгал хийж, жинхэнэ шинэ нээлт болж чадсан цуглуулга тун цөөн. Анхны тийм цуглуулгыг Мартин Маржела гаргасан юм. Түүний намар-өвөл 2000 цуглуулгын загварын шоу Парисын 19-р тойрогт болж байсан бөгөөд зочид шоуны байршил дээр очихын тулд тун сонирхолтой газруудаар дамжих шаардлагатай болж, орхигдсон ачааны галт тэрэг рүү хүртэл явж орсон гэдэг. Их Британийн Vogue тэрхүү загварын шоуг эргэн дурсахдаа тухайн үед орчин тойрон нь түнэр харанхуй байж, сэтгэлд түгшүүр мэдрэгдэж, аварга том дуу өсгөгчүүдээс цангинах "Twin Peaks"-ийн саундтрек нөхцөл байдлыг улам хачирхалтай болгож байсныг онцолсон байдаг.
Цуглуулгыг La mode du XXL («XXL Загвар») хэмээн нэрлэсэн бөгөөд дизайнер уг цуглуулга дээр ажиллахдаа италийн 78 размер бүхий аварга том манекенүүд дээр эсгүүрүүдээ гаргасан юм. Энэ цуглуулгын бүх загварууд тухайн үеийн гоо зүйн чиг хандлагаас тэс ондоо, олон нийтийн эрэлт хэрэгцээний эсрэг байснаараа ийнхүү загварын түүхэнд радикал гэх тодотголыг авч үлдсэн байдаг. Тодруулбал тэр үед Том Форд болон Жон Гальяно нар бие нүцгэлсэн загварууд урлаж байсан бол Маржела эсрэгээрээ биеийг аварга том хүрэмнүүд, ноосон цамцнууд болон жийнсэн өмднүүдээр далдалдаг байв. Түүний уралдаг загваруудыг тэр уаг үеийн хэрэглэгчид төдийлөн ойлгодоггүй байсан ч ямар ч галбирт маш сайн сууж өгдөг, биед эвтэйхэн бөгөөд практикт ойр гэдгийг нь бүгд хүлээн зөвшөөрч байсан билээ.
Тухайн үед Маржелагийн загварууд гламурыг ялан дийлж чадаагүй ч бараг хоёр арван жилийн дараа дэлхий түүнийг ойлгож, бүгд оверсайз хувцаслаж эхэлжээ. Одоо Vetements болон Balenciaga брэндүүдийн амжилтын үндэс болсон олон давхар, оверсайз загварууд яг л Маржелагийн энэ цуглуулгаас эхлэлтэй юм. Ер нь л өнөөдөр бидний өдөр тутамдаа хувцасладаг байдалд Маржела хамгаас илүү нөлөөлсөн гэж хэлж болно. Ингээд тэрхүү алдарт намар-өвөл 2020 цуглуулгын гол загваруудыг эргэн харцгаая.