COS-ын хуучин дизайнер өрсөлдөгч брэнд рүү шилжлээ
Ребекка Бэйгийн шинэ ажлын байр
Тавдугаар сарын 1-нээс эхлэн Ребекка Бэй Японы масс зах зээлийн Uniqlo брэндэд ажиллана. Тэрбээр тус брэндийн Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг шинийг санаачлагч төвийг удирдахаар болжээ.
Ребекка Бэй 2006-2011 онуудад COS брэндийн бүтээлч захирлын суудлыг хашиж байсан бөгөөд 2012-2015 онд Gap брэндийн загварын хэлтсийн захирлаар ажилласан туршлагатай. Үүний дараагаар Бэй Америкийн Everland онлайн дэлгүүр лүү шилжиж, 2017 оны хоёрдугаар сар хүртэл бүтээгдэхүүн ба дизайны захирлаар ажилласан юм.
Uniqlo брэнд Ребекка Бэйг багтаа элсүүлснээр Хойд Америкийн зах зээлд амжилт олох найдлагатай байгаа гэнэ. Тэд өмнө нь европ хэрэглэгчдийн таалалд нийцэх үүднээс мөн Францын дизайнер Кристоф Лемерийг брэндийн уран сайхны захирлаар томилж байсан юм.