Хайх

Дэлхийн загварыг Монгол уруу: Net-A-Porter, Nordstrom, Farfetch, StyleBop

Дэлхийн загварыг Монгол уруу: Net-A-Porter, Nordstrom, Farfetch, StyleBop

Онлайн захиалга

Text: Ө.Тодгэрэл


Бид хүндэт уншигчиддаа зориулж Монгол улс уруу тээвэрлэлт хийдэг томоохон брэндүүдийн борлуулагчдын талаар дэлгэрэнгүй бичлээ

Бюро 24/7 Монголын хамт олон загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор цаг үргэлж дэлхийд өрнөж буй үйл явдал, томоохон брэндүүдийн шинэ цуглуулга болон сурталчилгаанууд, мөн шинэ улирлын трендүүдийн талаар мэдээлэл хүргэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Магадгүй манай уншигчид намрын шилдэг пальтонуудын жагсаалтад орсон Gucci-гийн пальто, Burberry-гийн хаки өнгийн нүдний тень эсвэл Миланы загварын долоо хоног дээр харсан Prada-гийн цүнхийг худалдан авахыг хүсдэг байх. Тэгэхээр тэдгээр уншигчиддаа хандан хэлэхэд гэрээсээ гаралгүйгээр дэлхийн брэндүүдээр shopping хийх боломж бий. Заавал хүнээр дамжуулж, нэг бол өөрөө хил давж, эсвэл хоёрдогч вебсайтаас захиалахын оронд манай улс уруу шууд тээвэрлэлт хийдэг дэлхийн алдартай дэлгүүрүүдээс хүссэн бараагаа захиалж болдог билээ. Бюрогийн танд санал болгож буй Net-A-Porter, Nordstrom, Farfetch, StyleBop гэх олон улсын дэлгүүрүүд нь Монгол улс уруу албан ёсоор тээвэрлэлт хийдэг бөгөөд танд аль нэгэн банкны олон улсын карт байхад л бүх зүйл боломжтой. 

Net-A-Porter

Net-A-Porter бол зөвхөн вебсайтаараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг, мөн зөвхөн эмэгтэйчүүдийг чиглэдэг, дэлхийн тэргүүлэх дээд зэрэглэлийн загварын борлуулагч юм. Анх 2000 онд Натали Массенегийн санаачлагаар нээгдсэн энэхүү байгууллага өнөөдөр дэлхий даяар алдартай загварын шилдэг тавцан болон хувирсан. Дэлхийн шилдгүүд болох Dolce & Gabbana, Dior, Yves Saint Laurent, Gucci, Tom Ford, The Row, Victoria Beckham, Valentino болон олон алдарт брэндүүдийн барааг таны гарт хүргэх болно. Зөвхөн хувцас гэлтгүй аксесуар, цүнх, гутал, гоо сайхан болон бэлэг дурсгалын зүйлсийг эндээс олох боломжтой.

www.net-a-porter.com

Дэлхийн загварыг Монгол уруу: Net-A-Porter, Nordstrom, Farfetch, StyleBop (фото 1)

Nordstrom

Энэхүү Америк гаралтай, дундаас дээш зэрэглэлийн загварын борлуулагч нь АНУ болон Канад улсуудад нийт 310 дэлгүүртэй бөгөөд компанийнхаа албан ёсны вебсайтаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, олон улс уруу хүргэлт хийдэг билээ. Саяхнаас манай улс ч мөн адил Nordstrom-ын хүргэлт хийдэг орнуудын жагсаалтад нэмэгдлээ. Эндээс та Topshop-оос авахуулаад Moschino хүртэлх эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн олон төрлийн хувцас, аксесуар, гэрийн хэрэглэлүүд олох болно.

shop.nordstrom.com

Дэлхийн загварыг Монгол уруу: Net-A-Porter, Nordstrom, Farfetch, StyleBop (фото 2)

Farfetch

Farfetch бол дэлхийн 300 гаруй бие даасан бутикуудийн барааг борлуулдаг олон улсын загварын вебсайт юм. Энэхүү онлайн тавцан нь зөвхөн нийтлэг загварууд биш мөн онцгой сонирхлын бүлэгт зориулан хувцас урладаг дизайнер, брэндүүдийг хамруулснаараа бусдаасаа онцгойрдог. Олны мэдэхгүй, жижигхэн, нууц бас дээд зэрэглэлийн Голландын Nanushka брэнд эсвэл Stylesuite бутикээс авахуулаад дэлхийн хэмжээний Chloé, Givenchy, Lanvin зэрэг брэндүүд бий. Тэгэхээр та жишээ нь адилхан загвар нь гудамжинд хэзээ ч тааралдахааргүй тийм онцгой, содон эрэгтэй эсвэл эмэгтэй пальто хайж байвал ийшээ хандаарай.

www.farfetch.com

Дэлхийн загварыг Монгол уруу: Net-A-Porter, Nordstrom, Farfetch, StyleBop (фото 3)

StyleBop

Герман гаралтай StyleBop гэх байгууллага нь бас нэгэн дээд зэрэглэлийн загварын борлуулагч онлайн тавцан юм. Net-A-Porter-ын араас орох энэхүү вебсайт 250 гаруй брэнд хамруулсан бөгөөд үйлчлүүлэгчиддээ өндөр чанарын бараа, үйлчилгээ санал болгодог. Balmain, Jil Sander, Valentino, Alexander McQueen, Maison Margiela болон бусад олон брэндүүдийн эрэгтэй, эмэгтэй загваруудыг эндээс сонирхоорой.

www.stylebop.com

Дэлхийн загварыг Монгол уруу: Net-A-Porter, Nordstrom, Farfetch, StyleBop (фото 4)

цааш үзэх