Их Британийн загварын зөвлөл Met Gala-тай өрсөлдөнө
Өөрсдийн гэсэн буяны үдэшлэг зохион байгуулснаар
Жил бүр Нью-Йорк хотод зохиогддог, Анна Винтурын удирдлага доорх Met Gala үдэшлэг бол загварын ертөнцийн хамгийн хүлээлттэй арга хэмжээнүүдийн нэг юм. Алдартнууд Met Gala дээр өмсөх хувцсаа "Оскар"-д оролцох гэж буй мэт чухалчлан бэлддэг. Тэдний сонгосон төрх зүгээр ч нэг үзэсгэлэнтэй байгаад зогсохгүй мөн тэрхүү үдшийн ерөнхий сэдэвт зохицож байх ёстой тул тэд сонгох даашинздаа их өндөр шаардлага тавьдаг. Гэхдээ зарим тохиолдолд алдартнууд тогтсон сэдвээсээ эрс хазайсан байх тохиолдол ч байдаг. Өнгөрсөн жилийн арга хэмжээ дээрх Рианнагийн өмссөн шар өнгийн, аварга том хормойтой даашинзыг санаж байгаа биз дээ? Дуучны даашинз нэг талаараа Хятад соёлын сэдэвтэй нийцээд ч байгаа юм шиг, нөгөө талаараа шарсан өндөг шиг харагдаад ч байгаа юм шиг тун ойлгомжгүй байсан шүү дээ.
Тэгэхээр дээр дурдсанчлан Лондон энэ жилээс эхлэн "дэлхийн загварын нийслэл" нэршлийн төлөө тэмцэхээр шийдэж, Нью-Йорк хотод өрсөлдөөн зарлаж байна. Тодруулж хэлбэл Их Британийн загварын зөвлөл Global Fashion Awards гэх шинэ олон улсын загварын шагнал гардуулах ёслол үүсгэн байгуулж байна. BFC-гийн тэргүүн Натали Массенегийн хэлж буйгаар энэхүү ёслол нь "таны харж байсан хамгийн үзэсгэлэнтэй, гайхамшигтай, гялалзсан, дэгжин арга хэмжээ" болох аж.