Кино ертөнцийн шилдэг загвар зохион бүтээгч нар
Милена Канонеро
"Милена бол шилдэг хувцасны дизайнеруудын нэг юм. Хэрэв би кино найруулагч байсан бол заавал түүнтэй хамтран ажиллах байсан" хэмээн Ральф Лорен нэгэн удаа дурдаж байсан удаатай. Энэхүү өндөр үнэлгээ нь гурван Оскарын шагналт дизайнер Милена Канонерогийн ур чадварыг бүрэн тодорхойлж чадсан юм. Италийн уугуул иргэн тэрээр Генуя хотод урлаг, загварын түүхийг судалж байсан бөгөөд Италийн гайхамшигтай архитектурыг үргэлж шүтэн биширдэг байсан нь ирээдүйд түүний бүтээлүүдэд нөлөөлсөн байдаг. Милена залуу насандаа Лондон руу нүүж, олон удаа театр, зар сурталчилгааны агентлагуудад зориулж хувцас бэлтгэдэг байсан нь нэрт кино найруулагчидтай танилцаж, хамтран ажиллахад нь нэмэр оруулсан билээ. Жишээ нь тэрээр Стэнли Кубрикийн найруулсан “A Clockwork Orange”, “Barry Lyndon” гэх кинонуудын өмсгөлүүдийг хариуцан ажилласан байна. Хэсэг хугацааны дараа Милена найруулагч Уэс Андерсон болон Фрэнсис Форд Копполагийн гэр бүлтэй дотносож, “The Godfather”, “Marie Antoinette”, “Paris Can Wait” кинонуудад зориулж дахин давтагдашгүй гоёмсог хувцас, өмсгөлүүд урлан бүтээсэн юм. Хамгийн сүүлд тэрээр 2018 онд найруулагч Жак Одиярын “The Sisters Brothers” гэх XIX зууны Зэрлэг Барууны тухай өгүүлэх киноны хувцаснуудыг бүтээжээ.
Коллин Этвуд
Коллин Этвуд шилдгийн шилдэг хувцасны дизайнераар тооцогддог нэгэн билээ. Тэрээр кино урлагт хувцаслалт ямар чухал байр суурь эзэлдгийг харуулж чадсан юм. Орчин үед түүн шиг дөрвөн Оскарын шагнал хүртээд дахиад найман удаа тус шагналд нэр дэвшсэн дизайнер бараг үгүй л болов уу. Коллин 1948 онд Вашингтон хотын ойролцоо төрсөн ба анхны томоохон ажлынхаа хүрээнд Английн Стинг дуучны Bring On The Night World Tour тайлан тоглолтод зориулж хувцас урлаж байсан билээ. Хөгжмийн ертөнц дизайнерыг ихээхэн татдаг байсан бөгөөд тэрээр My Chemical Romance хамтлагтай ч бас ажиллаад амжсан байна. Хэдий хөгжимчдөд хувцас урлах дуртай байсан ч Коллин кино урлагт ажилласнаар дэлхийд танигдсан дизайнер болж чадсан билээ. Тухайлбал, тэрээр “Alice in Wonderland”, “Memoirs Of A Geisha”, “Edward Scissorhands”, “Sleepy Hollow”, “The Silence of the Lambs”, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” гэх бүтээлүүдэд хувцас хариуцсан дизайнераар ажилласан юм.
Александра Бирн
Дөнгөж загвар зохион бүтээгчийн карьераа эхлүүлж байх үедээ Александра Бродвей театрт ажиллаж, тоглолт болон мюзиклд зориулж хувцас бүтээдэг байжээ. Түүний гоц авьяасыг найруулагч Кеннет Бран анзаарч хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Ингээд 1996 онд нээлтээ хийсэн “Hamlet” кино нь Александрагийн хувьд анхны ажилласан томоохон бүтээл болсон юм. Энэхүү кино орон, орны үзэгчдийн таалалд нийцэж, амжилт тогтоосон тул дизайнерт кинонд ажиллах саналууд их ирдэг болсон байна. Тэрээр “Elizabeth”, “Finding Neverland”, “Elizabeth: The Golden Age” (уг бүтээлээр Оскарын шагнал хүртсэн) гэх зэрэг олон кино бүтээлүүд дээр ажилласан туршлагатай. Гэхдээ нэр алдар нь 2010 оноос Marvel ертөнцийн кинонууд дээр ажиллаж эхэлснээс хойш улам л өсөж, дэлгэрсэн юм. Тэрээр Тор, Галактикийн хамгаалагчид, Доктор Стрэнж нарын ер бусын өмсгөлүүдийг урлан бүтээсэн дизайнер билээ.
Кэтрин Мартин
Австралийн Драмын урлагийн үндэсний их сургуулийн дизайнерын курсийг төгссөн Кэтрин Мартин суралцаж байх хугацаандаа л ирээдүйн нөхөр болох кино найруулагч Баз Лурмантай танилцсан байна. Тэд анхнаасаа хамт ажиллаж эхэлсэн бөгөөд Баз томоохон кино төслүүд дээрээ заавал эхнэрээ оролцуулж ирсэн юм. Ингээд Кэтрин нөхрийнхөө алдарт “Moulin Rouge!”, “Australia”, “William Shakespeare's Romeo + Juliet” болон дэлхийг шуугиулсан “The Great Gatsby” уран бүтээлүүдийн хувцасны дизайнераар ажиллаад хоёр Оскарын шагнал, гурван BAFTA шагналыг хүртсэн билээ.
Майкл Каплан
Хувцасны загвар зохион бүтээгч Майкл Каплан энд дурдсан бусад дизайнеруудын адил олон том шагналууд хүртээгүй ч түүний бүтээсэн хувцаснууд, мөн оролцсон кинонууд нь алдар нэрээ одоог хүртэл үе дамжин хадгалсаар байгаа билээ. Тэрээр 1980-аад оны эхээр “Blade Runner” кинонд зориулж хувцаснууд зохион бүтээснээс хойш ямар төрлийн кинонд ажиллах сонирхолтойгоо олж мэдсэн байна. Тухайлбал, шинжлэх ухааны уран зөгнөлт, адал явдалт, блокбастер кино Майкл Капланы оролцдог гол төрлүүд болжээ. Түүний бүтээсэн хувцаснуудыг та “Attack on Pearl Harbor”, “Fight Club”, “Star Wars”, “I Am Legend” гэх зэрэг кинонууд дээрээс харах боломжтой юм. Хэдий тэрээр адал явдалт кинонд илүү сонирхолтой ч, 2010 онд “Burlesque” мюзиклын Кристина Агилера, Шер нарын гоёмсог хувцаснуудыг хийсэн байна.
Патриция Филд
Нью-Йорк хотод өөрийн бүтик дэлгүүртэй, винтэж загварын шүтэн бишрэгч Патриция Филд 1942 онд төрсөн бөгөөд 18 настайгаасаа загварын салбарт зүтгэж ирсэн нэгэн юм. Тэрээр удаан хугацааны туршид кино урлагт дизайнераар ажиллахыг хүссэний эцэст 1980-аад онд бага төсөвтэй кино дээр ажиллаж эхэлсэн байна. Харин 1995 онд Патриция “Miami Rhapsody” киноны зураг авалт дээр жүжигчин Сара Жессика Паркертай танилцаад төд удалгүй сайн найзууд болсон билээ. Ингэснээр Сара Жессика Паркер “Sex and the City” цувралын хувцасны дизайнераар Патрицияг томилохыг зөвлөснөөр тэрээр алдарт цуврал дээр ажиллаж эхэлсэн юм. Мөн загвар зохион бүтээгч “The Devil Wears Prada”, “Ugly Betty”, “Confessions of a Shopaholic” гэх кинонуудын хувцсыг хариуцан ажилласан билээ. Дизайнерын карьераа амжилттай хөөж буй тэрээр Оскарын шагналд хэд хэдэн удаа нэр дэвшиж, хоёр удаа Эмми шагналыг хүртсэн юм.