Мөнхийн залуу Женнифер Лопес Versace брэндийн шинэ сурталчилгаанд
Хавар-зун 2020
Өдгөө 50 настай дуучин Женнифер Лопес загвар өмсөгч Кендалл Женнерийн хамт Versace брэндийн шинэ цуглуулгын сурталчилгаанд оролцлоо. "The Matrix" киног санагдуулам киберпанк уур амьсгалтай сурталчилгааны гэрэл зургийг загварын салбарын алдартай гэрэл зурагчид болох Мэрт Алас, Маркус Пиггот нар даржээ.
"Миний хувьд Versace брэнд хүчирхэг байдлыг илэрхийлээд зогсохгүй дэлхий дахинаа гоо үзэсгэлэнгийн тухай ойлголтыг түгээдэг. Эртний найз Донателла Версачетай хамтран гайхалтай сурталчилгаанд оролцсондоо баяртай байна" хэмээн Женнифер Лопес сурталчилгааны тухай сэтгэгдлээ хуваалцсан байна.
Сонирхуулахад Женнифер Лопес Versace брэндийн хавар-зун 2020 шоуны хаалтыг хийсэн ба ингэхдээ брэндийн алдарт "Jungle Dress" буюу "Ширэнгэн ойн даашинз"-ыг өмссөн юм. Тэрээр уг даашинзыг анх 2000 оны Грэмми наадамд оролцохдоо өмсөж байсан нь түүний карьер дахь хамгийн хүндтэй гоёлуудын нэг болон үлдсэн байдаг. Тэр ч бүү хэл дуулиан дагуулсан уг даашинз нь Google Images хайлтын тавцан үүсэх гол шалтгаан болсон гэдэг.
Ерөнхийдөө өнгөрсөн жил дуучин Женнифер Лопесын хувьд хувцас загварын салбартай салшгүй холбоотой байсан гэж хэлж болно. Тодруулбал тэрээр Versace брэндийн хавар-зун 2020 шоуны хаалтыг хийхээс гадна, загварын салбарын "Оскар" гэх тодотголтой CFDA шагнал гардуулах ёслолын "Загварын бэлгэ тэмдэг"-ээр шалгарсан билээ. Ингээд түүний оролцсон Versace брэндийн шинэ сурталчилгааг хүлээн авна уу.