Хайх

Өдгөө 50 настай Женнифер Лопесын хэрэгжүүлдэг дасгал болон хоолны дэглэм

Өдгөө 50 настай Женнифер Лопесын хэрэгжүүлдэг дасгал болон хоолны дэглэм

Бас түүний хэзээ ч хүрдэггүй зүйлс

Text: Buro.Mongolia


Хэдхэн хоногийн өмнө 50 нас хүрсэн жүжигчин, дуучин, продюсер Женнифер Лопес өө сэвгүй, торгомсог арьс, гоолиг биеэрээ үргэлж гайхагддаг. Харин түүний залуу төрх, гоо үзэсгэлэнгийн нууц юунд оршдог вэ гэж үү? Мэдээж дасгал хөдөлгөөн болон эрүүл хоолны дэглэм! Ингээд түүний баримталдаг хэд, хэдэн дүрмийг харцгаая.

Тэр хэзээ ч дахин боловсруулсан хоол хүнс хэрэглэдэггүй

Женнифер Лопес үргэлж органик хоол хүнс иддэг. Жишээ нь түүний өдрийн хоол ихэвчлэн яргай загас, брокколи, чинжүү, цуугаар амталсан ногоон хулуу (цуккини), буржгар байцаа, хулууны үр зэрэг ногоогоор баялаг салатнаас бүрддэг. Харин оройн зоогонд тэрээр уургаар баялаг хоол хүнс түлхүү иддэг байна. "Ялангуяа Пуэрто Рико стилийн гахай болон тахианы махыг киноа эсвэл жигнэсэн амтат төмсний хачиртай идэх дуртай" хэмээн US Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэр эрүүл зууш иддэг

Женнифер тогтмол аялан тоглолт хийдэг. 2016-2018 онд гэхэд л тэрээр Лас Вегас хотод суурьшин, тоглолтуудаа хийхийн зэрэгцээ жүжигчний карьертаа давхар анхаарал хандуулж, мөн "World of Dance" тэмцээний шүүгчээр ажиллаж байсан билээ. Тиймээс тогтмол хөдөлгөөнтэй байдаг тэрээр хөнгөн, эрүүл зууш идэх шаардлагатай гэсэн үг юм. Тэгвэл Женнифер Лопес "Жимс, ногоогоор баялаг эрүүл хөнгөн зуушийг би үргэлж биедээ авч явдаг" хэмээн People сэтгүүлд ярьжээ.

Тэр заримдаа өөрийгөө баярлуулдаг

Цаг үргэлж эрүүл хооллоно гэдэг уран зөгнөлд л гардаг байх. Женнифер ч мөн хааяа дуртай зүйлээ идэж, өөрийгөө баярлуулдаг. Жишээ нь тэрээр сүйт залуу Алекс Родригесийн хамтаар шоколадны үйрмэгтэй зайрмаг болон жигнэмэг идэх дуртай гэдгээ The View шоуны үеэр хуваалцжээ.

Тэр зөвхөн нэг төрлийн дасгал хийдэггүй

Тэрээр Лос Анжелес хотод байхдаа алдарт дасгалжуулагч Трейси Андерсоны удирдлага дор хичээллэдэг бол Нью-Йорк хотод ирэхдээ Дэвид Киршэд фитнессээ даатгадаг байна. Эдгээр хоёр хувийн дасгалжуулагч огт өөр арга барилууд ашигладаг бөгөөд энэ нь ч түүнд таалагддаг аж. Хэрэв Андерсон бокс, планк зэрэг дасгалуудад дуртай бол Кирш ихэвчлэн бага жин ашигласан хөтөлбөрүүд түлхүү ашигладаг байна.

Тэр зарим зүйлс дээр хатуу дүрэм баримталдаг

Жишээ нь тэр хэзээ ч тамхи татаж, согтууруулах ундаа болон кофеины агууламжтай зүйлс уудаггүй. Гэхдээ Женнифер маш ховор тохиолдолд кофеин агуулаагүй кофе уудаг хэмээн US Weekly-д ярьсан байна.

Тэр үргэлж нарны хамгаалалттай тос түрхдэг

Сайхан арьстай байх гол дүрмийг ч мөн Женнифер Лопес чандлан баримталдаг. "Би бараг наранд гардаггүй. Хэрэв гарсан тохиолдолд үргэлж нарны хамгаалалттай тос түрхдэг" гэж US Weekly-д онцолсон байна. Түүнчлэн тэрээр сайхан арьсаа удаан хугацааны турш хадгалж үлдэхийн тулд кофеин болон согтууруулах ундаанаас татгалзсан гэнэ. Тэрээр "Нас ахих тусам согтууруулах ундаа болон кофеин арьсыг гэмтээдэг" хэмээн хэлжээ.

Тэр жингээ барихын тулд уургаар баялаг хүнс иддэг

"Уургаар баялаг хүнс илүү удаан хугацааны турш цатгалан мэдрэмж өгдөг" хэмээн Лопес Hello! сэтгүүлд хуваалцсан байдаг. Үүгээр ч зогсохгүй Женниферийн өглөө ихэвчлэн түүний өөрийн Body Lab брэндийн жимс, йогурт, зөгийн балтай уургийн шэйкээр эхэлдэг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх