Хайх

Madame Seguin: Монголоос Европын хуримын салонуудад

Madame Seguin: Монголоос Европын хуримын салонуудад

Хуримын нөмрөг

Text: Buro.Mongolia


Madame Seguin брэнд монгол ноолуураар хуримын нөмрөг, цамц бүтээж Европын зургаан орны хуримын салонд нийлүүлдэг. Энэ бүхэн 2002 онд Монголоор аялсан Клартже Гэнбрэгийн аяллаар эхэлж, өнөөдөр Dries Van Noten-ы нэхмэлийн дизайнер Элла Де Востой хамт улам хөгжин, дэлгэрч байна

Ноолуурыг дизайнерууд маш тансаг материал гэж үнэлж, түүгээр ихэвчлэн сонгодог хувцас хийдэг билээ. Гэвч загварын ертөнц өндөр хөгжсөн Европын орнуудад тийм ч хүйтэн болдоггүй болохоор илүү нимгэн ноолуур, илүү дэгжин сүлжмэл хээтэй загварууд үгүйлэгддэг. Яг энэ хоёр гол онцлогт таарсан эрэлттэй бүтээгдэхүүн бол хуримын нөмрөг байж болно гэдгийг Madame Seguin брэндийн үүсгэн байгуулагч Клартже Гэнбрэг олж харжээ. Тиймээс тэр хуримын дараа ч өмсөж болох, эсвэл бүр хүүхдээ өлгийдсөн ч болох нандин хувцсыг органик монгол ноолуураар бүтээж байна.  

Хаврын цэнгэг цагт Монгол нутгаас самнасан ноолуур Улаанбаатарт эцсийн бүтээгдэхүүн болоод Бельгид хүрдэг. Энэ хооронд Элла Дэ Вонс өөрөө Улаанбаатарт ирж, загварууд дээрээ ажиллан ноолууран цамц, нөмрөг зэргийг  Европын салонууд руу илгээхэд бэлэн болгоно. Энэ бүхэн хэрхэн явагддаг талаар бид тус брэндийн үүсгэн байгуулагч Клартже Гэнбрегтэй ярилцлаа.

Та яагаад монгол ноолуур сонгосон энэ бизнесийг эхлүүлэх болсон талаараа ярьж өгөхгүй юу?

Манай гэр бүлийнхэн арван жилийн ѳмнѳ Санкт-Петербургээс Бээжин рүү галт тэргээр аялсан юм. Тэгэхэд би анх Монголын үзэсгэлэнт нутгийг үзсэн ба хоёр өдрийг энд өнгөрөөхдөө Монголын хүмүүс, аж амьдралд нь дурласан. Тухайн үед би оюутан байсан болохоор нэг л өдөр илүү урт хугацаагаар эргэж ирнэ дээ гэж бодсон. Дараа нь сургуулиа төгсөхдөө би "Монголд юу хийж болох вэ" гэж судалж эхэлсэн юм. Миний анхны санаа монгол гэрийн ѳнгѳлѳг тавилгууд хүүхдийн ѳрѳѳнд маш тохиромжтой гэсэн бодол байв. Гэвч Европт нийлүүлэх бүтээгдэхүүн хүүхдэд аюулгүй, ээлтэй байдлын шинжилгээ хийлгэсэн байх ёстой болохоор будсан будаг нь хоргүй байх хэрэгтэй зэрэг урт хугацаа зарцуулах ажиллагаа шаардлагатай болсон юм. Удалгүй эгч маань хуримаа хийх болсон ба тэр үед Бельгид яг хүйтний улирал таарсан байлаа. Тэгэхэд би сүйт бүсгүйчүүд хуримын даашинз дээрээ ѳмсѳж болох дулаан нөмрөг маш ховор байдгийг анзаарч, үүнийг Монгол ноолуураар хийж болно гэж санаад загвар гаргахаар шийдсэн. Тэгээд л энэ чиглэлээр компьютер дээр нэхээсний хээний загвар гаргахад сурч эхэлсэн.

Madame Seguin: Монголоос Европын хуримын салонуудад (фото 1)

Madam Seguin-ий хуримын загварууд одоо аль хотуудад худалдаалагдаж байгаа бэ?

Манай бүх бүтээгдэхүүн эхлээд Монголд үйлдвэрлэгдэж, дараа нь Бельгид хамгийн түрүүлж очдог. Тэндээс Франц, Герман, Австри, Голланд, Дани, Их Британи гэх Европын зургаан улсын хотууд дахь хуримын салонуудад хүрч, худалдаалагдаж байна. 

Madam Seguin брэндийн гол онцлог нь юунд оршдог вэ?

Ноолуур бол маш удаан эдэлгээтэй, гайхалтай бүтээгдэхүүн. Мөн ихэнхи сүйт бүсгүйчүүд хуримандаа 3-9 сарын ѳмнѳѳс бэлдэж эхэлдэг шүү дээ. Тиймээс бид урьдчилсан захиалга авч, хэрэглэгчийнхээ хүсэлтээр, биед нь тохирсон хувцас бүтээж өгөх боломж бүрддэг. Загвараа гаргахдаа бид зѳвхѳн хуриман дээрээ ѳмсѳѳд зогсохгүй, дараа нь ямар ч үед ѳмсѳх боломжтой байхад нь их анхаардаг. 

Танай хувцаснуудын сүлжмэл нь үнэхээр өвөрмөц, шинэлэг санагдсан. Та дизайнераа танилцуулахгүй юу, ямар хүн хийдэг вэ?

Манай дизайныг чадварлаг, залуухан Бельги дизайнер Элла Де Вос хариуцан ажилладаг. Элла одоогоор Европт амьдардаг бѳгѳѳд Dries Van Noten брэндэд нэхмэлийн дизайнераар ажилладаг. Бид жилд нэгээс хоёр л хуримын загвар гаргадаг учраас бусад prét-à-porter хувцасны цуглуулгатай харицуулахад бага ажиллагаа ордог л доо. Элла жилдээ нэг удаа Монголд ирж, яг үйлдвэр дээр загваруудаа гарган ажилладаг. 

Монголд бизнес хийхэд танд ямар байна вэ? Тааламжтай болон хүндрэлтэй зүйлс юу байна вэ?

Бидэнд маш их дэмжлэг болдог зүйл гэвэл Монголоос Европ руу ноолуур оруулахад импортын татвар байдаггүй. Мөн монголчууд үнэхээр хамтран ажиллах сонирхолтой, мэрийлттэй байдаг нь урамтай санагддаг. Тулгардаг асуудал гэвэл Европт тийм ч хүйтэн болдоггүй учраас хүмүүс ихэвчлэн нимгэн ноолуур сонирхдог. Монголд харин нимгэн ноолуураар бүтээгдэхүүн хийдэг машин ховор бѳгѳѳд заримдаа тэд маш их захиалгатай байдаг. 

Та Монголын ноолуурны салбар, түүний бизнесийн орчны талаарх өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

Монголын ноолуурын зах зээлд хѳгжих  орон зай маш их бий. Одоогоор загвараа улам сайжруулах, сүлжмэлээ сонирхолтой болгох, технологио шинэчлэх, сайн чанарын олон ѳнгийн ноолууран утас үйлдвэрлэдэг болох зэрэг бүх нөөц бололцоогоо ашиглаж эхлээгүй байна. Мөн миний анзаарсан нэг зүйл бол Монголын ноолуурны компаниуд хоорондоо бүгд ижилхэн зүйл үйлдвэрлэдэг. Миний бодлоор өѳрсдийн онцлогийг тодорхойлсон, нэг чиглэлийн бүтээгдэхүүнээ улам сайжруулж, мэргэших хэрэгтэй санагддаг. Та аль ч ноолууран хувцасны дэлгүүрээр орсон бай эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас гээд бүгд л хоорондоо адил, төстэй байдгийг хардаг шүү дээ. Нѳгѳѳ талаар ноолууран утас маш чухал. Дэлхийн зах зээл дээр сайн утас хийдэг Итали, Хятад, Шотланд, Их Британи зэрэг улсуудтай өрсөлдөхийн тулд сайн чанарын ноолууран утас үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. Уг нь бол Монгол улс ѳѳрѳѳ дэлхийн зах зээл дээр ноолуурны түүхий эд нийлүүлтээрээ тэргүүлдэг орон шүү дээ. 

 

цааш үзэх