Хайх

Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд 3 гишүүн шинээр нэгдлээ

Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд 3 гишүүн шинээр нэгдлээ

ATO3, Amulet болон March Nine Media студийн мэргэжлийн зурагчин Б.Болдбаатар

Text: Ө.Тодгэрэл


Монголын загварын салбарын шилдгүүдийг бүрэлдүүлж чадсан MPDU одоо нийт 15 гишүүнтэй боллоо.

Анх 2017 онд үүсгэн байгуулагдсан Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоо нь өнөөдрийг хүртэл 93 KidUlt, Anara's Make Up, Futuristic Type, Gold Hair Salon, Michel & Amazonka, Monalun Couture, Muse Art House, Ovdog, Queen Fashion House, Scuti Make Up, Soyo, Zoson гэх нийт 12 гишүүн брэнд болон байгууллагын бүрэлдэхүүнтэй Монголын загварын салбарыг хөгжүүлэн, уран бүтээлчдээ дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Энэхүү дөрвөн жилийн хугацаанд тус холбоо нь хамтарсан бүтик нээж, "MPDU Fashion Week" гэх албан ёсны нэгдсэн загварын долоо хоногийг эхлүүлж, саяхан Монголд анх удаа дижитал загварын долоо хоногийг зохион байгуулж, гишүүн брэндүүд бүгд олон улсын загварын хуваарьтай хөл нийлүүлэн улирал бүр шинэ цуглуулга танилцуулж, дотоодын дизайнерууд болон мэргэжилтнүүдийн эрэлт, үнэ цэнийг ихэд өсгөж чадсан. Тэгвэл одоо Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоо улам бүр өргөжиж, ам бүлээ гурван шинэ гишүүнээр нэмж байна. Тодруулбал хувцас дизайн чиглэлийн Amulet болон ATO3 брэндүүд, мөн мэргэжлийн гэрэл зурагчин Б.Болдбаатар холбоонд шинээр нэгдлээ.

Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд 3 гишүүн шинээр нэгдлээ (фото 1)
Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд 3 гишүүн шинээр нэгдлээ (фото 2)
Amulet брэндийн үүсгэн байгуулагч Б.Бэлгүтэй

Amulet брэндийн үүсгэн байгуулагч Б.Бэлгүтэй 2010 онд Дүрслэх Урлагийн дээд сургуулийг хувцасны дизайн, зураач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба 2014 онд Италийн Ром хотын Дүрслэх Урлагийн дээд сургуульд хувцасны дизайн болон түүний тогтолцоо мэргэжлээр магистрын зэргийг хамгаалсан билээ. Тэрээр суралцах хугацаандаа Японы хувцас загварын тэмцээнүүдэд амжилттай оролцон шагналт байруудыг эзэлж байсан ба 2014 онд Италийн "Riccione Moda Italia" тэмцээнд өөрийн цуглуулгыг танилцуулан, дизайнерын ур чадвараа сорин хөгжүүлж байсан туршлагатай. Харин сургуулиа төгсөж ирснийхээ дараа 2015 онд Б.Бэлгүтэй GOYO брэндэд хувцасны дизайнераар ажилласан ба энэ үедээ "Цагаан Сар", хавар-зун, намар-өвөл цуглуулгуудад загваруудаа гаргаж байжээ.

Б.Бэлгүтэй өөрийн брэндийг үүсгэн байгуулахдаа гэрээсээ хэдэн зуу, мянган бээр хол байсан ч гэртээ байгаа мэт тав тухыг мэдрүүлж чадах тийм л загварлаг атлаа тухтай хувцсыг бүтээх чин хүслийг тээж, брэндээ "Amulet" буюу азын сахиус хэмээн нэрлэсэн байдаг. Тэрээр Анхны "Free Bird" нэртэй хаврын цуглуулгаа 2018 онд танилцуулсан бөгөөд үүнээс хойш "Наадмын цуглуулга", "Butterfly Effect" зуны цуглуулга, "A Winter Symphony" шинэ жилийн цуглуулга, мөн "Oversized Paper" нэртэй цамцны капсул цуглуулга танилцуулаад амжсан юм.


March Nine Media студийн мэргэжлийн гэрэл зурагчин Б.Болдбаатар

Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд 3 гишүүн шинээр нэгдлээ (фото 13)
March Nine Media студийн үүсгэн байгуулагчдын нэг Б.Болдбаатар

Монголд загварын чиглэлээр мэргэшин ажилласан анхдагч гэрэл зурагчдын нэг Б.Болдбаатар нь өдгөө арваас олон жилийн туршлага хуримтлуулан загварын салбарын хамгийн том төслүүд, ихэнх загварын шоунууд дээр ажилладаг. Тэрээр March Nine Media студийг 2017 онд Б.Соронзонболд, М.Мөнхтэнгэр нарын хамт үүсгэн байгуулсан ба үүнээс хойш студийнхээ хүрээнд "Mongolia's Next Top Model", "Mongolia's Got Talent", "Shark Tank", "The Voice of Mongolia" зэрэг томоохон төслүүд дээр ажилласан төдийгүй өдгөө дотоодын бүхий л том компаниудтай хамтарч, сурталчилгаануудыг нь хариуцдаг билээ.  

Хамгийн анх 2004 онд гэрэл зураг сонирхож эхэлсэн тэрээр 2011 онд IC студийг хамтран үүсгэн байгуулалцан анхлан гэрэл зургийн "Бүтээлч ажил" хэмээх нэршлээр бусад мэргэжил нэгт залуусыг уриалан уран бүтээл хийн ажиллаж эхэлсэн. 2013 онд "Оны шилдэг бүтээлч зурагчин"-аар тодорч, энэ ондоо мөн Монголын анхны "Загварын" гэрэл зургийн үзэсгэлэнг 60-аад бүтээлээр IC студийнхээ хамт олонтой гаргасан байдаг. Түүнчлэн 2013 болон 2014 онуудад дэлхийн томоохон загварын долоо хоногуудын нэг "Mercedes-Benz Fashion Week Tokyo"-н хүрээнд Ariunaa Suri брэндийн загварын шоу, 2016 онд "Miss Tourism Queen", 2018 онд Монакод зохион байгуулагддаг Miss TheGlam Monaco зэрэг загварын арга хэмжээнүүд дээр ажилласан туршлагатай.  


Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд 3 гишүүн шинээр нэгдлээ (фото 20)
Монголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд 3 гишүүн шинээр нэгдлээ (фото 21)
ATO3 брэндийн үүсгэн байгуулагчид Л.Амаржаргал, А.Энхцацрал

Анх 2015 онд Монголын томоохон үйлдвэрийн нэг болох Гоёо ХХК-д дизайнераар ажиллаж байхдаа хоорондоо танилцан ажлын хамтрагчид болсон Л.Амаржаргал болон А.Энхцацрал нар улмаар ажлын талбар дээр хувь хүний үзэл бодол, загварыг харах өнцөг дээр санаа нэгдсэнээр нэг нэгнийхээ дутууг нөхөж бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг. Тэд 2017 онд тусдаа урлан нээж сүлжмэл загваруудын хажуугаар өөрсдийгөө хөгжүүлэн оёмол загварууд хийх болсноор АТОЗ брэндийн эхлэл тавигджээ.

"Энгийн атлаа эгэл бус" гэх гол зарчмыг баримталдаг АТОЗ брэнд нь prêt-à-porter буюу өдөр тутмын хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тэдний гол зорилго нь хэрэглэгчдэдээ нарийн хийц, нямбай оёдол, цөөн тооны чанартай загварыг хүргэхэд оршдог бөгөөд АТОЗ-ийн урлангаар гарч буй загвар бүр нь ямар ч нөхцөлд өмсөж болохоор, өөртөө итгэлтэй мэдрэмж, шинэлэг байдлыг бэлэглэдэг байх үндсэн зорилготой билээ.

цааш үзэх