Шинэ мөрөөдлийн цүнх: Кайя Гербер, Жижи ба Белла Хадид нар ямар цүнхэнд дурлаж байна вэ?
STALVEY
Нью-Йорк хотод суурилсан STALVEY тансаг зэрэглэлийн гар цүнхний брэнд нь 24 каратын алтыг дээд зэргийн чанартай матрын арьсанд суулгаж, орчин үеийн загвартай гоёмсог гар цүнхнүүдийг урлан загварын салбарыг байлдан дагуулж байна. Хамгийн анх 2014 онд тус брэндийг дизайнер Жейсон Столви үүсгэн байгуулж, тансаг зэрэглэлийн цүнхний зах зээлд цоо шинэ өнгө төрх нэмснээс хойш тэд өөрсдийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болоод амжжээ. Жишээ дурдахад өнөөдөр STALVEY брэндийн шүтэн бишрэгчдийн дунд Кайя Гербер, Жижи ба Белла Хадид гэх орчин цагийн супер моделиуд багтаж байна. Брэндийн түүх анх маш гэнэтийн бөгөөд сонирхолтой байдлаар эхлэж байжээ. Тухайн үед неврологийн салбарт ажиллаж байсан Жейсон өөртөө матрын арьсаар хийсэн гоёмсог загвартай цүнх худалдан авахыг хүссэн ч түүнд таалагдсан зүйл огт олдоогүй гэдэг. Тиймээс тэрээр өдөр тутам барьж болох гоёмсог загвартай, мөн хамгийн гол нь чанартай цүнх өөрийн гараар урлахаар шийджээ. Харин энэ цагаас эхлэн Жейсон Столви анагаах ухааны салбараас загварын талбар луу бүр мөсөн "урвасан" юм.
Жейсон Столви өөрийн брэндийн мөн чанарын тухайд "Матрын арьс бол хамгийн бат бөх, эдэлгээ сайтай материал. Тиймээс бид хүмүүсийн өдөр тутамдаа барихыг хүсдэг цүнх урлахыг хүссэн юм. Ер нь бол өндөр үнээс нь шалтгаалаад хүмүүс ийм төрлийн цүнхийг худалдаж авсныхаа дараа жилдээ ганц, хоёрхон удаа онцгой тохиолдолд бариад л шүүгээндээ далд хийдэг. Хэрэв та ямар нэг зүйлийг тодорхой хэмжээний мөнгө төлж авсан л бол үүнийгээ хэрэглэж, таашаал авч байх хэрэгтэй гэж би боддог" гэж дизайнер Норман Тантай уулзах үедээ хуваалцжээ.
Сонирхуулахад яг одоо супер моделиудын дунд жинхэнэ тренд болж байгаа STALVEY брэндийн цүнхнүүд $5,000-$100,000 үнэтэй худалдаалагдаж байна.