Street style шүтээн болсон Off-White брэнд илүү боломжийн үнэтэй цуглуулга гаргалаа
Хүн бүрт зориулсан цуглуулга
2013 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Off-White өөрийн cool аястай, хаанаас ч харсан танигдах лого бичигтэй гудамжны хувцсаараа шинэ мянганыхны анхаарлыг нэн даруй татаж, алдартнуудын хамгийн дуртай брэндүүдийн нэг болсон билээ. Брэндийн юүдэнтэй цамц л гэхэд $300-$800 хооронд үнэлэгддэг нь тэрхүү амжилтын нэгэн баталгаа юм. Гэсэн хэдий ч ийм их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн биш байгаа хүмүүст зориулж брэндийн үүсгэн байгуулагч Виржил Абло илүү боломжийн үнэтэй капсул цуглуулга санал болгож байна.
"For All" буюу "Бүгдэд нь" хэмээн нэрлэгдсэн шинэ цуглуулгад юнисекс загварын футболка ба юүдэнтэй цамц багтсан бөгөөд үнийн хувьд $95-$170 хооронд хэлбэлзэж байгаа юм.
"Уг цуглуулгын үнийн түвшин нь шинэ хэрэглэгчдэд брэндийн нэгэн хэсэг болох боломжийг олгож, ерөнхий концепцийг нь ойлгоход тусална. Off-White тансаг зэрэглэлийн байж болох ч, мөн үүний зэрэгцээ илүү боломжийн үнээрээ өргөн хүрээний хэрэглэгчдэд ч бас хамааралтай байж болно" хэмээн Абло шинэ цуглуулгын талаар ярьжээ.
"For All" цуглуулга Off-White брэндийн Нью-Йорк, Парис, Торонто, Лондон, Хонг Конг болон бусад хотуудад байрших албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн байна.