Teen Vogue сэтгүүл дахин хэвлэгдэхгүй
Арваннэгдүгээр сарын 9-ны дотор Condé Nast 80 гаруй ажилчдыг цомхотгоно
WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар америкийн Condé Nast хэвлэлийн газарт бүтцийн өөрчлөлт явагдсаар байна. Энэ удаад компанийн удирдлага долоо хоногийн дотор 80 гаруй ажилчдыг цомхотгож, жилд таван дугаар гардаг байсан Teen Vogue сэтгүүлийг хэвлэлтээс хасахаар шийджээ.
Баттай эх сурвалжийн мэдэгдсэнээр хэвлэлийн газрын эзэмшилд байдаг GQ, Glamour, Allure ба AD сэтгүүлүүд өмнө нь жилд 12 удаа хэвлэгддэг байсан бол одоо 11 болж, Bon Appétit 11-ийн оронд 10, W Magazine ба Condé Nast Traveler сэтгүүлүүд 10-ийн оронд 8 удаа гарч байхаар болжээ.
WWD-гийн таамагласнаар Teen Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Элейн Уэлтерот Condé Nast компанид өөр албан тушаал эзлэх бөгөөд тун удахгүй нээлтээ хийх гэж буй шинэ онлайн тавцанг хариуцах өндөр магадлалтай байгаа гэнэ.