Vogue Italia түүхэнд анх удаа хоосон нүүртэй дугаар гаргалаа
Эмч нарт хүндэтгэл үзүүлэх үүднээс
Италийн Vogue сэтгүүл энэ дөрөвдүгээр сарын дугаараа гаргахдаа сэтгүүлийн нүүр хуудсыг зураггүй, хоосон үлдээхээр шийджээ. "Ийм цаг үед хоосон нүүр хуудас нь аливаа үгс, зургаас ч илүү утга санааг илэрхийлнэ" хэмээн сэтгүүлийн бүтээлч захирал Фердинандо Вердери тайлбарласан юм.
Цагаан өнгө нь цэвэр ариун чанар, хүч чадал, хүндэтгэл ба итгэл найдварыг илтгэдэг. Энэ нь мөн бусдын төлөө өдөр бүр амь насаа эрсдэлд оруулж буй эрүүл мэндийн салбарын ажилчдын дүрэмт хувцасны өнгө юм. "Хоёр долоо хоногийн өмнө бид урьдчилан бэлдсэн байсан зурагт нүүр хуудсаа хэвлэлтэд өгөх гэж байлаа. Гэхдээ хүмүүс амь насаа алдаж, эмч нар ба эрүүл мэндийн салбарын бусад ажилтнууд бидний төлөө өөрсдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж, дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж буй энэ үед үүнээс өөр зүйлийн талаар ярих нь бидний мөн чанар биш юм. Бид өмнө бэлдсэн байсан төслөө хойш нь тавьж, шинэ дугаарынхаа ажлыг тэгээс эхэлсэн. Бид зургийн сонголт дутмаг байсан учраас хоосон нүүр гаргасан юм биш. Харин ч эсрэгээрээ хоосон нүүр нь бидний илэрхийлэхийг хүссэн бүх санааг нэг доор илэрхийлж чадсан тул ийм шийдвэр гаргалаа" хэмээн Италийн Vogue сэтгүүлийн Instagram хуудсанд тайлбар хийгджээ.
Дөрөвдүгээр сарын дугаар дээр нийт 40 зурагчин хамтран ажилласан байна. Тэдгээр зурагчид дунд Девид Симс, Петра Коллинс, Тайлер Митчел, Мерт Алас, Маркус Пиггот, Исамайя Френч, Вилли Вандерперре, Паоло Роверси зэрэг алдарт бүтээлчид багтжээ. Тэд бүгд сэтгүүлийн контент дээр гэрээс гаралгүй ажилласан байна.