Эдвард Хоппер - коронавирусын үеийг төгс илэрхийлэх зураач
Түүний зургуудаас ганцаардал, тусгаарлалт мэдрэгдэнэ
The Guardian сонины урлагийн буланг хариуцдаг сэтгүүлч Эдвард Жонс Америкийн реалист зураач Эдвард Хопперын бүтээлүүд энэхүү коронавирусын гамшгийн үед ямар утга учир илэрхийлж буй талаар эргэцүүлжээ. Зураачийн хүнгүй хоосон хот болон тусгаарлагдсан хүмүүсийн дүр зураглал одоо дэлхийн өнцөг булан бүрт ажиглагдаж буй бодит байдал болоод байна.
"Яг одоо бид бүгд Эдвард Хопперын уран зураг болж хувираад байна. Хаягдсан кинотеатр доторх ганцаардмал эмэгтэй, гэртээ ганцаараа суун бодолд автсан эрэгтэй, хоолны газар бие биенээсээ хол суух хүмүүс гээд энэ бүгд бодит дүр зураг" гэх тайлбартайгаар урлаг сонирхогчид Хопперын бүтээлүүдийг олон нийтийн сүлжээнд нийтэлсээр байгаа юм.
Сэтгүүлч Эдвард Жонсын үзэж буйгаар Covid-19 гамшгийн нийгэмд үзүүлж буй хамгийн том сөрөг нөлөөнүүдийн нэг бол "ганцаардлын хямрал" юм. Дотно хүмүүстэйгээ шууд харилцаж, хүрэлцэх боломжгүй байна гэдэг эмгэнэлт үр дагавар үүсгэж болзошгүй аж.
"Үнэндээ энгийн үед ч бид кафед ганцаараа суудаг. Мэдээж ухаалаг утасны ачаар бид өөрсдийгөө хүмүүстэй, нийгэмтэй ойр байгаа мэт хуурдаг. Бид энэхүү орчин үеийн ганцаардлыг эрх чөлөөтэй байхын тулд өөрсдөө сонгодог. Гэтэл орчин үеийн амьдралын эрх чөлөөнүүд үгүй болсон үед бидэнд ганцаардлаас өөр юу үлдэх вэ?" хэмээн Эдвард Жонс бодлоо хуваалцжээ.
Юутай ч нөхцөл байдал сайжирч, карантин удахгүй дууссанаар бид удаан хугацаанд уулзаагүй хүмүүсээ тэврэх боломжтой болно гэдэгт найдацгаая. Тэр үед бид хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг мөч бүрийг илүү үнэлдэг болсон байх биз ээ.