Жянсү мужид +26 градус дулаан байна. Цэцэрлэгт хүрээлэнд маскгүй хүүхдүүд гүйлдэж, айл гэрүүд өвсөн дээр асар босгон, бүгд өдрийг агаарт өнгөрүүлэхийг зорьж байна. Машинууд түгжрэлд зогсож, зогсоолууд мопедуудаар дүүрчээ. Мөн булангийн нарийн боовны лангууны гадаа хүмүүс олноороо дараалан зогссон харагдана. Харин оройн цагуудаар хотын томоохон талбайнууд дээр бүжиг зохион байгуулагдаж, хүмүүс эргээд хөгжилдөж эхэлж байна.
Ерөнхийдөө хурцадмал байдал намжиж, Хятад улс одоо л гүнзгий амьсгал авж байх шиг байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд шинэ тохиолдол бүртгэгдээгүй (бүх шинэ тохиолдлууд өөр орноос ирсэн хүмүүс байгаа) бөгөөд коронавирусын халдвараас эдгэрсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр л байна.
Цар тахал болсныг олон нийтийн газруудын үүдэнд зогсох, нэвтэрч буй хүмүүсийн халууныг шалгах ажилтнууд, мөн хамгаалалтын хувцас өмссөн томоохон хүнсний дэлгүүрүүдийн кассчид л сануулах гэлтэй.
Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш хоёр сар өнгөрчээ. Аюул ард хоцорсон мэт санагдах ч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авагдсаар, хүмүүс сонор сэрэмжтэй байсаар л байна. Одоо хүн бүрийн гар утсанд тодорхой QR-код суулгагдсан ба энэ нь тухайн хүний эрүүл мэндийн байдал, аяллын түүх, паспорт дээрх мэдээлэл, цээж зураг зэргийг агуулах нэг төрлийн цахим эмнэлгийн бүртгэл юм. Дэлгүүр лүү, цэцэрлэгт хүрээлэн рүү, өөрийн орон сууц руу ч хүртэл орохдоо энэ кодыг уншуулах шаардлагатай болно. Би хувьдаа Орос пасспорттой тул бүртгүүлэхэд асуудал тулгарсны улмаас гэр лүүгээ орж чадахгүй байдалд ч орж үзсэн.
Хүмүүсийн халууныг болон QR-кодыг шалгаж байгаа бүх ажилтнууд гар ариутгагч, салфетка ба маск зэрэг шаардлагатай бүхнээр тоноглогдсон төдийгүй дэлгүүрүүдэд тусгай ажилтнууд бүх сагс, түрдэг тэрэгний бариул, хажуу хэсгүүдийг ариутган арчиж байгаа харагдсан.
Мөн хоол хүргэлтээр захиалахад тухайн хоолыг бэлтгэсэн тогооч, савлагч, хүргэлтийн ажилтан зэрэг үйл явцад оролцсон бүх хүний биеийн байдал, тэр дундаа халууныг нь заасан тусгай бичиг дагалдаж ирнэ. Халуун 37.3-аас доош бол санаа зовох асуудалгүй гэсэн үг.
Хүргэлтийн ажилтнууд одоо хүртэл дээш гарч ирэн хаалга тогшилгүй захиалгыг орон сууцын хүлээн авах хэсэгт үлдээж байгаа. Бүгд маск зүүсэн хэвээр байгаа ч зарим нь эрүү рүүгээ доошлуулсан, эсвэл бүр тайлсан харагдаж, ерөнхий уур амьсгал тайван болсон нь илт мэдрэгдэнэ.
Цар тахлын үеэр Хятад улсад байж таарсан гадаад иргэдийн визийг автоматаар хоёр сараар сунгаж байгаа. Харин улсад шинээр нэвтэрсэн бүх хүнийг хоёр долоо хоногийн карантин руу илгээж байна. Ингэхдээ тэдгээр хүмүүс карантинд байх хугацаанд гарах бүх зардлыг өөрсдөө даах шаардлагатай билээ.
Банкнууд, засгийн газрын байгууллагууд болон зарим боловсролын төвүүд одоохондоо хаалттай хэвээр байна. Хичээл эхлэх огноо харьяа газруудаасаа хамаараад өөр, өөр байгаа бөгөөд зарим сурагчид гуравдугаар сарын дундаас хичээлдээ аль хэдийнэ орж, зарим ахлах ангиуд энэ долоо хоногт хичээлээ эхлүүлж, зарим нь "Цинмин" буюу нас барагсдыг дурсах өдрийн дараа, дөрөвдүгээр сарын 7-нд хичээлдээ орох төлөвтэй байна.
Харин Хятадын гол зугаа цэнгэлийн газар гэгддэг караокенууд бүгд хаалттай байна. Түүхэн газрууд, кафе, ресторан, музей ба кинотеатрууд бага багаар нээгдэж, үйлдвэрүүд буцаад ажиллаж, барилгын ажлууд үргэлжилж байна. Шуудангийн газрууд захидал, илгээмжийг цаг тухайд нь хүргэж, дэлгүүрүүдэд хоосорсон тавиурууд үзэгдэхгүй байна. Амьдрал хэвийн байдалдаа орж байна.
Хэдхэн долоо хоногийн өмнө Хятадад дүр зураг тэс ондоо байсан. Яг л одоо дэлхийн бусад улс орнуудад байгаа шиг хоосон гудамжнууд, дэлгүүрүүд байсан. Хүмүүс логик сэтгэлгээг мартан бүхнийг их хэмжээгээр худалдан авч байлаа. Овьёос, гоймон, тахианы цээж мах ба гуя, бяслаг, хийжүүлсэн ундаа, хөнгөн зууш гээд бүгдийг боодол, боодлоор нь авцгааж байв.
Юутай ч одоо энэ бүгд тийм ч чухал биш. Хятад улс энэ цар тахалд хурдан хариу үйлдэл үзүүлж, хатуу хорио цээр тогтоож, иргэд нь болж буй үйл явцын талаар мэдлэг сайтай байсан учир ийнхүү давж гарч чадлаа. Хэдийгээр одоо дэлхий дахинаа гараа тогтмол угааж, нүүрэндээ хүрэхгүй байж, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй гэдгийг анхааруулж байгаа ч үүнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс олон байгаа нь гайхалтай. Орос улсад л гэхэд хүмүүс одоо хүртэл олон нийтийн тээвэрт шахалцаж, найз нөхөдтэйгөө олуулаа уулзаж, олон нийтийн сүлжээн дэх худал мэдээлэлд итгэн өөрсдийгөө стрессдүүлж байна.
Хэрвээ та өөрийгөө хайрладаггүй нэгэн бол эсвэл энэ аюул таныг тойроод гарна гэдэгт бат итгэдэг бол ядахдаа эргэн тойрны хүмүүс болон ойр дотнынхныгоо бодоорой. Вирусын оргил үе өнгөртөл гэртээ хүлээ. Найз нөхөд, хамаатан садантайгаа видеогоор холбогдон ярь. Бүхэл өдрийн турш хэрэггүй мэдээлэл уншиж сэтгэлээ зовоохын оронд өөрийгөө хайрлахад анхаарлаа төвлөрүүлж, өмнө нь хийж амждаггүй байсан зүйлсээ хий. Ямар ч ажил, зугаа цэнгэл эрүүл мэндээс чухал биш. Өөрийгөө хамгаалж, хайрла. Урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг мөрд. Ингэснээр бид ч коронавирусыг богино хугацаанд давж гарах болно.