Хайх

Vogue сэтгүүлийн редактор Met Gala үдэшлэгийн зочдод сонирхолтой асуултууд тавилаа

Андре Леон Телли загварын талаар сонирхож байна

Text: Buro.Mongolia


Энэ жилийн Met Gala үдэшлэг дээр Андре Леон Телли улаан хивсэн дээр алхаж буй зочдыг "Тачаангуй юу эсвэл сонирхолтой юу?" гэх асуултаар угтаж, тэдний сонгосон хувцаслалтын үндсэн санааг тодрууллаа. Vogue сэтгүүлийн алдарт редактортай Рианна, Эми Шумер, Женнифер Лопес, Ким Кардашьян, Серена Уильямс болон бусад алдартнууд ярилцжээ.

Тэрээр Рианнагаас "Авангард гэдэг нь чиний хувьд юу вэ?" гэж асуухад, дуучин бүсгүй "Би урлагт хайртай. Энэ нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд тусалдаг гайхалтай зүйл юм. Чи энэ орчинд хүссэнээ хийх боломжтой байдаг. Чи хэн ч, хаана ч, хэнтэй ч байж болно" хэмээн хариулж, авангард гэх ойлголтыг өөрийнхөөрөө тайлбарлажээ. Энэ дашрамд дурдахад Comme des Garçons брэндийн футуристик хэв маягтай цэцгэн даашинзаар гоёсон тэрбээр үдшийн хамгийн оновчтой хувцасласан цөөн хүмүүсийн нэг байсан юм.

Андре Леон Телли дараагаар нь Ким Кардашьянтай богино хугацаанд ярилцаж, түүний Vivienne Westwood брэндийн даашинзын талаар сонирхлоо. "Би өнөөдөр хүн бүрийг маш этгээд хувцаслана гэж таамаглаад илүү энгийн төрх бүрдүүлэхийг хүссэн" хэмээн Ким хариулсан байна.

Улаан хивсэн дээгүүр алхах зочид дундаас Женнифер Лопесийн сонгосон Valentino брэндийн цайвар цэнхэр өнгийн даашинз редакторт онцгойлон таалагджээ. "Энэхүү даашинз нь эртний дэгжин хэв маягийг санагдуулж байна" хэмээн Андре тодорхойлсон юм.

Tommy Hilfiger-ийн даашинзаар гоёсон Жижи Хадидаас Андре "Өглөө хувцаслахдаа тачаангуй төрх бүрдүүлэхийг зорьдог уу эсвэл сонирхолтойг уу?" гэж асуухад супер модель бүсгүй "Би биед эвтэйхэн хувцаслах дуртай тул ихэвчлэн тачаангуй гэхээсээ илүү сонирхолтой төрх бүрдүүлдэг" хэмээн хариулжээ.

Ингээд дизайнер Рей Кавакубогийн уран бүтээлд зориулагдсан Met Gala 2017 үдэшлэгийн бусад зочдын богино ярилцлагыг доороос үзнэ үү.

цааш үзэх