Монголын загварын ертөнцөд шинэ нэр: Японд танигдсан дизайнер Б.Явууцагаан
Picasso & Japonismo
Токио хот, Шинжикү болон Шибуяа дүүргийн хэд, хэдэн тансаг зэрэглэлийн үнэтэй хувцас худалдаалдаг дэлгүүрт монгол дизайнер Б.Явууцагааны улирлын болон кимоно цуглуулга худалдаалагдаж байна. Б.Явууцагаан олон жил японд амьдрахдаа кимоног шинэчлэх өөрийн арга барилыг олж авчээ. "Picasso & Japonismo" гэж нэрлэсэн түүний цуглуулга гарсан даруйдаа япончуудын анхаарлыг татаж, олон тооны худалдан авагчтай болж чаджээ. Тэр хамгийн тансаг материалаар хийгддэг, олон зуун жилийн түүхтэй кимоног орчин үеийн уур амьсгалтай болгож, тансаг мөртлөө өдөр тутамд өмсөхөд энгийн харагдахуйц болгон хувиргасан юм.
Б.Явууцагааны загварын ертөнцөд орж ирсэн түүх энгийн байгаагүй. Архелеогич аав нь эртний үлэг гүрвэлийн ул мөр илрүүлэх ажилд томилогдон Баянхонгор аймаг руу шилжсэнээр Б.Явууцагаан Улаанбаатарт биш Хонгор нутагт төржээ. Ээжийнхээ хувцсыг эвдээд хажуу айлын охиддоо хувцас урлаж өгөх дуртай байсан тэрээр 1999 онд Урлах эрдэм дээд сургуульд загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшихээр элссэн ба 2014 онд Японы Вантан дизайн институтид магистраа хамгаалсан байна. Дараа нь өөрийн нэрийн Yavuu брэндийг үүсгэн байгуулахаар шийдэж, 2013 онд Mercedes-Benz Fashion Week Tokyo-д оролцож, анхны гараагаа хийсэн юм. Одоо харин тэрбээр Yavuu брэндийнхээ улирлын болон кимоно цуглуулгыг танилцуулах загварын шоуг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна. Тиймээс Б.Явууцагаан гэх эрч хүчээр дүүрэн энэ дизайнер бүсгүйн уран бүтээлийн онцлог юундаа оршиж байгааг уншигч танд хүргэхээр түүнтэй дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.
Шинжүкү, Шибуяа дүүрэгт таны урласан хувцас зарагдаж байгаа гэж сонсоход их таатай байсан шүү. Тэгэхээр тэнд ямар бүсгүйчүүдэд зориулсан загварыг Yavuu брэнд санал болгож байгаа юм бол?
Баярлалаа. Манай Yavuu брэндийн эмэгтэй бол мэдлэгтэй бөгөөд дайчин, бие даасан, ажил хэрэгч, ихэмсэг бүсгүй байгаа. Тэдэнд би улирлын болон кимоно цуглуулга зориулан хийдэг юм.
Японд жижиг брэндүүд улирлын цуглуулгаа танилцуулахад томоохон дэлгүүрүүдээс ирж үзээд, таалагдвал авч борлуулдаг л даа. Миний загварууд ийм л замаар тэдгээр дэлгүүрт очсон байгаа юм.
Та томоохон худалдан авагчдыг анх хэрхэн татаж чадсан тухай хоёулаа эхлээд ярилцъя.
Би японы үндэсний хээг энгийн хувцсан дээр оруулж, өдөр тутамд болоод оффист өмсөх боломжтой загварууд гаргасан юм. Хэрэглээгээ бодоод би нэлээн дэгжин загварын хувцас сонирхдог бүсгүйчүүдийг чиглэж байсан. Хуучны хэв маягтай зүйлсийг энгийн бөгөөд орчин үеийн болгосон маань хүмүүст их таалагдсан байх. Анх бүх хүн маш өвөрмөц байна гэж хүлээж авсан л даа.
Энэ нь таны анхны загвар байсан уу? Ер нь таны загварт орж ирэх анхдагч санаа юу байсан бэ? Бид таны 2014 оны цуглуулгын зургийг харахад сонирхолтой шийдэл нэлээдгүй үзэгдсэн.
Би Японд амьдраад багагүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд кимоно надад маш их таалагддаг. Кимоно гэж юу болох, хэрхэн өмсдөг тухай нь мэдэхээр би сургалтанд сууж, усыг нь уувал ёсыг нь дага гэдгийн адилаар өөрийгөө хөгжүүлэхэд багагүй анхаарсан. Кимоно тансаг, сайхан харагддаг нь зүгээр ч нэг үнэтэй материал, гоё хийцэндээ байдаггүй, түүнийг бүтээх гэж бий болгосон олон зуун жилийн өв соёлын илэрхийлэл байдаг. Кимонод зориулсан даавуу хийдэг хүмүүс, кимоно оёж, шиддэг хүмүүс тав, зургаан үе дамжиж ирсэн байдаг учраас үнэ цэнэ нь зөвхөн Японд гэлтгүй олон улсад ч маш өндөр. Энэ бүхнийг судалсан ажлаараа би 2013 онд мастер хамгаалж, дараа нь гаргасан загвараараа Mercedes-Benz Fashion Week Tokyo-д оролцсон юм.
Явуу брэндийн түүхийг би алгуур боловч хичээнгүй хөдөлмөрлөн бүтээж байгаа.
Хамгийн тансаг хатгамалтай хувилбарыг нь сонгож Европ хувцас руу шилжүүлсэн. Энэхүү анхны цуглуулгаа би "Picasso & Japonismo" гэж нэрлэсэн юм. Тэнд зөвхөн япон заншлаар, алдартай торгоор кимоно хийдэг хүмүүс олон учраас би Европ дизайнтай болгож ялгарахыг бодсон. Ингэхдээ өрнийн хамгийн алдартай зураач Пикассогийн олон талт ертөнцийг загвартаа шингээхийг хүссэн юм. Түүний бүх бүтээл, зургийнх нь өнгө надад маш их таалагддаг болохоор би Пикассогоос урам авч, өөрийн кимоно цуглуулгаа гаргасан.
Пикассо болон Японы өв соёл таны хувцсан дээр хэрхэн нэгдэж байгаа вэ? Үзэгч, хэрэглэгчид таны хувцаснаас кубизмын олон талт байдлыг олж харна гэсэн үг үү?
Пикассо амьдралынхаа турш маш олон эмэгтэй хүний ертөнцийг зурсан шүү дээ. Түүний үерхэж, хайрласан эмэгтэй бүрийн ертөнц өөр байдаг. Тэгвэл би эмэгтэй хүний нүдээр Пикассог өөрийг нь харж, түүний ертөнцийг хувцсандаа гаргая гэж бодсон л доо.
Таны цуглуулгад туссан энэхүү өрнө, дорнын нэгдэл дараа, дараагийн загваруудад тань үргэлжлэн орох уу?
Явуу брэнд маань анхнаасаа нэг дүр төрхтэй эмэгтэйчүүдэд нэг л концепц санал болгож байгаа. Аль ч улс оронд бие даасан, ирээдүйн төлөө урагш тэмцдэг, мэдлэг өөд тэмүүлсэн эмэгтэйчүүд бий. Өөрийгөө хөгжүүлж чадсан хүн аливаа юмны чанарыг мэдэрдэг шүү дээ. Би яг тийм л бүсгүйчүүдэд зориулж хувцсаа хийдэг. Тэдгээр эмэгтэйчүүдийн гоо сайхныг харуулах зорилготой хувцас хийхдээ мэдээж улирал бүр загварыг шинэчилж тоглоно. Би эмэгтэй хүнд байгалиас заяасан гоо үзэсгэлэнг кимоногоор дамжуулж улам тодотгохыг хүсдэг. Ингэхдээ гар урлалын нарийн ажиллагааг оруулсан хэрнээ өдөр тутмын амьдралд өмсөхөд тохиромжтой энгийн болгож өгсөн.
Манай брэндийн улирлын цуглуулга олон нийтэд зориулагдан гардаг бол кимоно цуглуулгын загварууд бараг л нэг ширхэг л гарах болно. Тансаг бөгөөд дахин давтагдашгүй зүйл хэрэглэхийг хүсдэг бүсгүйчүүдэд зориулж байгаа юм. Тэгэхээр улирлын цуглуулга нь ерөнхий дизайн болон дүр төрхөө улирал бүр шинэчлэх ба кимоно цуглуулгаас харьцангуй боломжийн үнэтэй байна.
Хэрэглэгчид таны загварыг хараад шууд таних гол шинж тэмдэг юу вэ?
Миний гол элемент бол олон өнцөгтэй эсгүүр гаргаж, яг л Пикассогийн зураг шиг олон талт байдал үзүүлэх юм. Би уран зурагт дуртай бөгөөд Японы сүми зурагт (нүүрсээр зурдаг) их дуртай. Бийрээр татсан тэдгээр зургууд хүний сэтгэл хөдлөл, импровазацийн гоё илэрхийлэлтэй. Тиймээс ийм зурагтай тансаг торгыг олж авч цуглуулгадаа оруулдаг. Анхны цуглуулгадаа би аз жаргалыг бэлгэддэг тогорууг зурж оруулсан. Аав маань шаггүй зурчихдаг байсан нь надад нөлөөлсөн болов уу. Эсгүүр дээр би өөрөө ажиллаж, өвөрмөц байхыг эрмэлздэг бөгөөд шилбэ товч зэрэг деталиудаар би өөрийнхөө дизайныг тодотгохыг хичээсэн байгаа.
Та цуглуулгаа ямар давтамжтай шинэчлэх вэ?
Үндсэн эсгүүр маань Пикассогийн зургууд шиг хэрчсэн хэлбэртэй хэвээр байх боловч цаашид би эрэл хайгуул хийсээр байна. Япон эмэгтэйчүүд их мэдрэмжтэй тул тэдэнд тохируулж, худалдан авагчийн хүсэл эрмэлзлэлийг харгалзан үзнэ.
Таны бодлоор япон хүний загварын таашаал юун дээр төвлөрдөг вэ?
Энэ бол олон зүйлийг хөндөх өргөн хүрээний сэдэв л дээ. Товчоор хэлэхэд япончууд бол өндөр зэрэглэлийн брэндүүд хэрэглээд үзсэн, хувцасны өндөр мэдлэг, мэдрэмжтэй хүмүүс. Дэлхийн бүх брэнд Япон руу анхаарлаа хандуулна гэдэг бол тэнд хэрэглээ байна гэсэн үг. Японд ямар ч брэнд хөлөө олж чаддаг худалдан авалт сайтай газар. Япон хүмүүст зориулж юм хийхийн тулд маш сайн технологитой байх хэрэгтэй. Дээр нь тэд их голомтгой бөгөөд юмнаас хурдан уйдамтгай хүмүүс.
Тэгвэл та тэр том өрсөлдөөнтэй зах зээл дээр хэрхэн удаан оршин тогтноно гэж боддог вэ? Таны алсын хараа юу вэ?
Шинэ санаа гаргаж ирэх нь магадгүй тийм ч хэцүү зүйл биш. Харин үүнийгээ хэрхэн удаан хугацаанд оршин тогтнуулж чадах вэ гэдэг амжилтын хамгийн гол шалгуур юм. Би технологи, эсгүүр, оёдол, зургаа өөрөө хийдэг байхад Японд нэг хүн зөвхөн нэг л ажил гүйцэтгэдэг. Тэгэхээр миний өөрөө бүх зүйлдээ гар бие оролцдог нь, үйл ажиллагааныхаа шат дамжлага бүрийг мэддэг байдал чанараа алдахгүй байх боломж олгодог. Цаашдаа би энэ чанараараа оршин тогтнож үлдэх зорилготой. Манай брэнд дөрвөн жилийн өмнө гарч ирсэн бөгөөд түр зуурын ашиг орлогын төлөө хөөцөлдөхийг эрхэмлээгүй. Харин нэг цуглуулга гаргахын төлөө нэлээд хугацаа зарцуулдаг. Одоо харин илүү хүртээмжтэй байдлаар үйлдвэрлэл явуулах нөхцөл бүрдэж эхэлсэн. Манай брэндийн лого өлзий хээтэй байгаа. Дундаршгүй ундарч байх гэсэн энэ утга агуулгаар миний бүтээл ч бас үргэлж хүмүүст хүрч дэлгэрч байгаасай гэж боддог.
Монгол эмэгтэйчүүд таны хувцасыг хараад хэрхэн хүлээж авдаг вэ?
"Биед их суулт сайтай, даавууны зохицлыг их сайн сонгосон байна" гэж хэлдэг. Эхний үйлчлүүлэгчид маань монгол дахь бусад брэндийн хувцастай харьцуулахдаа манай загварыг илүү тансаг даавуутай, өндөр зэрэглэлийн брэндүүдтэй энэ зэрэгцсэн байна гэж их сайн үнэлгээ өгсөн.
Таны нэр бас их өвөрмөц бөгөөд сонсголонтой юм. Ямар учиртай вэ? Та брэндээ өөрийн нэрээр нэрлэсэн болохоор би үүнийг асууж байгаа юм шүү.
Ээж, аав маань хүүхдүүдээ бүх зүйлсээс хамгаалагдаж байг гэж дээлийнх нь ард явуу зүүж өгдөг байсан юм билээ. Гэвч намайг төрөхийн алдад явуу алга байсан учраас аав минь Явуу нэрийг надад өгсөн.
Таны дизайнер болсон түүх бас гэнэтийн хүчтэй шийдвэрээс болсон гэж сонссон. Өөрийн нэрээр нэрлэсэн маркийг Японд байгуулна гэдэг том зорилт гэж бодогдож байна. Таныг зорьсондоо хүрэхэд юу урамшуулж, идэвхижүүлсэн бэ?
Би анхандаа Японд хэлний бэлтгэл хийж, нэлээд удаан хугацаанд сурахын хажуугаар ажил хийдэг байсан. Нэг л өдөр ээжийн минь бие муудах хүртэл би тэнд ажил хийгээд, мөнгө хураагаад байж болох л юм байна гэж итгэж явлаа. Гэтэл ээж маань өвдөж, бүх хуримтлал маань эмчилгээний зардалд явсан ба мөнгө нэг өдөр л дуусах юм байна гэдгийг би ухаарсан. Хэдий би ээжийгээ эдгээсэй гэж хичээсэн ч ээж маань надтай уулзаж амжилгүй бурхан болсон. Гадаадад сурч, ажилладаг хүмүүст ийм зовлон хамгийн хэцүү тусдаг байх. Тэр хэцүү үеийг даван туулах гэж эрмэлзэж байхдаа би хүн мэргэжил эзэмших хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хэдийгээр би хоёр, гурван жил их ажиллаж, хуримтлал үүсгэсэн ч нийгэмд ямар ч байр суурьгүй, ээжийг минь эдгээхэд туслах танил надад байсангүй. Тиймээс би мэдлэг боловсролтой, мундаг явах ёстой юм байна гэж шийдээд, өдөр хоногийг зүгээр өнгөрөөж байснаа дуусгаж, нэгэнт суралцаж байсан загвар зохион бүтээгч мэргэжлээрээ Японд нийгмийн байр суурь олж авья гэж зорьсон.
Шинэ санаа гаргаж ирэх нь магадгүй тийм ч хэцүү зүйл биш. Харин үүнийгээ хэрхэн удаан хугацаанд оршин тогтнуулж чадах вэ гэдэг амжилтын хамгийн гол шалгуур юм.Японы амьдрал завгүй, байнгын л хөдөлгөөнд оршдог гэдгийг бид мэддэг. Тэгвэл та одоо өөрийн эрч хүчээ хэрхэн нөхөж, сэргээж байна вэ?
Амралтын өдрөөр монгол найз нартайгаа уулзаж ярьж суух дуртай. Ямар ч утгагүй зүйлс ярьж байлаа ч энэ нь надад амралт болдог. Сүүлийн үед Японы хотуудаар, ялангуяа эртний дурсгалт газруудаар явж, байгалийн тансаг үзэмжийг нь биширч, тэндээс шинэ санаа олдог болсон. Мөн халуун рашаанд очих дуртай. Сонирхолтой түүх ярихад би нэг шөнө намайг хар нохой хазчихаад тавихгүй байна гэж зүүдлэв ээ. Хэд хоногийн дараа бизнес уулзалтанд орохоос өмнө ажлаа түр мартагнаж, тархиа амраах санаатай номын сан орох гээд явж байтал нохойны дэлгүүр тааралдлаа. Тэнд нэг дув дугуй цагаан нүдтэй хайр хүргэсэн нохойг хараад шууд л авчихсан. Магадгүй зүүд маань нөлөөлсөн байх. Одоо стрессийг минь тайлдаг ганц зүйл бол нохой болсон. Дараа нь нохойдоо хань болгох гэж дахиж нэгийг авсан. Тэгэж л би хүмүүс нохойнд яагаад тийм хайртай, их тэжээх дуртай байдгийг ойлгосон.
Таны Япон дахь нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?
Ер нь их завгүй, роботын амьдралтай байдаг шүү. (Инээв) Шөнийн гурав, дөрвөн цагт л унтдаг. Оюутан байх үеэсээ эхлээд л бараг зургаан жилийн турш өдөрт дөрвөн цаг орчим унтаж хэвшсэн.
Хэрэв таны ярилцлагыг уншиж байгаа хүмүүсээс Японд загварын чиглэлээр сурмаар санагдсан хүн гарвал та юу гэж зөвлөх вэ?
Мэдээж япон хэлтэй байх хэрэгтэй. Мөн хүний зөвлөгөө тийм ч чухал биш. Загварын чиглэлийн олон өөр сургууль байгаа болохоор хүний заасан сургуулийг биш өөртөө тохирохыг хайж олоорой.
Та одоо Япон руу буцчихаад, загварын шоуныхаа өмнө ирнэ гэсэн. Юу бэлдэж байна вэ?
Энэ намар, аравдугаар сард хавар, зун 2017 загварын шоугаа би Монголдоо хийж, нэг ёсны тайлангаа тавина. Ямар бүтээл туурвидагаа үзүүлэхээс гадна хүмүүст өмсөж үзэх боломж гаргаж, кимоно хэрхэн хийгддэг бүх үйл явцыг нь дэлгэх болно. Мөн кимоно гэж юу болохыг хүмүүст танилцуулах зорилгоор Японы кимоногийн нийгэмлэгтэй хамтарсан үзэсгэлэнг гаргана. Үзэсгэлэнгийн үеэр мөн цайны ёслол давхар болох юм. Өөрөөр хэлбэл дан ганц загварын шоу биш соёлын өвүүдийг нэг дор танилцуулж, хүмүүс төрөл бүрийн мэдлэг өгөх сайхан арга хэмжээ болно.