Style Diary: Uudee's Swashbuckling Dandies хамтлагийн Үүдээгийн өнгөлөг ертөнц
Загварын шинэ булан
Хувцаслалт, загварын мэдрэмжээрээ үргэлж олны анхаарлыг татаж, хараа булаадаг хүмүүс бидний эргэн тойронд олон бий. Тэгвэл тэдгээр хүмүүсийн стиль, хувцаслалтын тухай цомхон яриа өрнүүлэх Style Diary хэмээх шинэ буланг эхлүүлж байна. Энэхүү булангаараа бид уншигчдадаа аль болох бодит байдлыг хүргэхийг зорих бөгөөд ярилцлагын зочин бүр толинд селфи хийн өөрийн бүрдүүлсэн төрхөө танилцуулах юм.
Style Diary булангийн маань анхны дугаарын зочноор Uudee's Swashbuckling Dandies хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин, гитарчин Үүдээ (@thepurplei) уригдсан билээ. Uudee's Swashbuckling Dandies хамтлаг сэтгэл хөдөлгөсөн өвөрмөц уран бүтээлүүдээрээ танигдсан бол харин Үүдээг бид загварлаг, өвөрмөц стильтэй нэгэн гэдгээр нь мэдэх билээ. Тухайлбал, түүний 2019 оны Playtime наадамд өмссөн цамц нь тус наадмын 20 жилийн ойд зориулсан "ROAD TO 20" үзэсгэлэнд дэлгэгдэж байсан гээд Үүдээгийн загварын мэдрэмжийг салбарынхан онцолсон байдаг билээ. Хэдий тэрээр “амьд хөгжмийн хүн” ч бүрдүүлсэн төрхүүд дунд нь street хэв маягтай хүрэм, дээл, өргөн жийнс гээд олон төрлийн загвар багтдаг нь түүнийг тодорхой хэв маягт баригдаагүй нэгэн гэдгийг илэрхийлнэ. Ингээд Үүдээгийн өнгөлөг ертөнцийг хамтдаа сонирхоцгооё.
Өөрийнхөө хувцаслалтыг тодорхойлбол?
Эклетик, өнгөлөг, тааварлашгүй, хувирамтгай, мөн практикт ойр. Заримдаа стилиэ бүрдүүлэхдээ өөрийгөө ямар нэгэн дүрээр төсөөлдөг. Ингэх нь надад хүссэнээрээ хувцаслах эрх чөлөө олгож, тодорхой нэг хэвд баригдалгүйгээр өөр өөр төрх бүрдүүлэхэд тусалдаг. Жишээлбэл, нэг өдөр трапец жийнс өмслөө гэхэд өөр нэг өдөр савхин бариу өмд, богино топ гээд л. Хэрэв тухайн өдөр надад тэр мэдрэмж нь л төрөх юм бол би загварын ямар ч эрин үеийн, ямар ч өнгийн, ямар ч төрхийг бүрдүүлж мэднэ. Заримдаа би мөн хүмүүсийн анхаарлыг татах гэж гангалах дуртай. Харин заримдаа цаг агаараас шалтгаалан тав тухаа бодолцож амьдралд ойр хувцаслахыг илүүд үздэг. Өмссөн бүхэн минь биеийн маань нэг хэсэг, дотоод ертөнцийн минь илэрхийлэл. Гэхдээ би гэдэг хүн ямар нэгэн хэв маяг, өнгө, аль эсвэл биеийн галбиртаа баригдан өөрийгөө хайрцаглахыг хүсдэггүй.
Хувцаслалтын бүтээлч сэдэл, урам зоригоо хаанаас авдаг вэ?
Дуу хөгжим. Цаг агаар. Түүхэн эрин үеүд. Соёлын хөдөлгөөнүүд. Хотын үдэш. Рок одод, тэр дундаа Алекс Тёрнер, Жимми Пэйж. 90-ээд оны супер моделиуд. Тухайн орчин. Миний бодлоор хүний стиль үргэлж хөгжиж, тэлж, эсвэл эсрэгээрээ минимализм руу чиглэн нарийсаж байдаг (үнэндээ энэ нь ч мөн тэлж байгаагийн нэг илрэл). Стиль хэзээ ч нэг байрандаа үлддэггүй, хүний амьдралд хандах хандлага болон амьдрах урлагтай зэрэгцэн өөрчлөгдөж байдаг. Өдөр бүр өөрөөр хувцаслаж, өөр сонголтууд хийх нь маш зугаатай. Хувцаснуудыг хооронд нь хольж, шинэ хоршлууд үүсгэх нь миний сонирхлыг үргэлж бадраасаар байдаг.
Ажил мэргэжил тань хувцаслалтад хэр их нөлөөлдөг бэ?
Маш их нөлөөлдөг. Заримдаа тоглолтод юу өмсөхөө эртнээс төлөвлөдөг ч ихэнхдээ тоглолттой өдрөө дөхүүлэн хэрхэн хувцаслахаа зөнгөөрөө мэдрээд юу өмсөхөө шийддэг. Түүнчлэн үргэлж бусдын хүлээлтэд байна гэдэг хоёр үзүүртэй зүү мэт боловч цэмцгэр, эсвэл бүр хачин жигтэй гээд хүссэнээрээ хувцаслах боломжийг олгодог ажилдаа үнэхээр дуртай.
Хувцасны шүүгээгээ бүрдүүлэхдээ юуг анхаарч, чухалчилдаг вэ?
Надад хараахан байхгүй зүйлс. Учир нь би цаг үргэлж дараагийн шинэ зүйлийг эрэлхийлдэг, adidas-ын тодорхой загварын кет, "cuban" өсгийтэй хар лакан түрийтэй гутал, трапец өмд, гялалзсан материалтай цамц гээд өөр өөрийн гэсэн характертай, нууцлаг детальтай, миний стилистик цар хүрээнд өнгө нэмж өгдөг загваруудыг хайдаг. Яагаад ч юм би сорочкан цамц тийм ч их өмсдөггүй. Бусдаар бол шүүгээ маань олон төрлийн загварыг хамардаг.