Санал асуулга: Кендалл Женнер vs Жижи Хадид
Сонголтоо хийх цаг ирлээ
Орчин үеийн загварын ертөнцийг эдгээр хоёр загвар өмсөгчгүйгээр төсөөлөх боломжгүй. "Инста-бүсгүйн эрин үе" гэх хөдөлгөөнийг эхлүүлсэн Кендалл Женнер ба Жижи Хадид нар загварын ертөнцийн дүр төрхийг өөрчилж, өөрсдийн гэсэн ул мөрийг уг салбарын түүхэнд үлдээж байна. Дор бүрээ амжилттай карьер бүтээж чадсан үзэсгэлэнт хоёр бүсгүйг дэлхийн олон мянган хүн Instagram-д дагаж, хувцаслалтын стилийг нь биширч, мөн хувь хүн талаас нь хүндэлж явдаг нь гарцаагүй юм. Аль нэгийг нь онцлох хэцүү ч, бид уншигчиддаа хүндхэн асуулт тавихаар шийдлээ. Та #КендаллынБаг уу эсвэл #ЖижигийнБаг уу?
Сонголтоо хийхэд тань туслах үүднээс бид загвар өмсөгчдийн талаарх товч мэдээллийг хүргэлээ.
Өөрийн саналаа нийтлэлийн хамгийн доод хэсэгт өгнө үү.
Товч намтар
Жижи Хадидын жинхэнэ нэр Желена Нура Хадид болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрээр 1995 оны дөрөвдүгээр сарын 23-нд Лос-Анжелес хотноо үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Мохамед Хадид болон загвар өмсөгч Йоланда Хадид нарын ууган охин болон төрсөн. Жижи дунд сургуульдаа гар бөмбөгийн багийн ахлагч байхын зэрэгцээ уралдаант төрлийн морь унагч байсан юм. Дунд сургуулиа төгссөний дараагаар тэрээр Нью-Йорк хот руу нүүн шилжиж, 2013 оноос The New School их сургуульд эрүүгийн сэтгэл зүйн чиглэлээр суралцаж эхэлсэн. Гэхдээ одоогийн байдлаар тэрээр загварын карьертаа анхаарал хандуулах зорилгоор сургуулиасаа тур завсарлага авсан байгаа. Жижи Хадид анх хоёр настай байхдаа Baby Guess брэндэд зориулан зургаа даруулснаар загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн байдаг.
Кендалл Николь Женнер 1995 оны арваннэгдүгээр сарын 3-нд Олимпын алтан медальтан, хөнгөн атлетикийн тамирчин Брюс Женнер (одоогийн нэр нь Кейтлин Женнер) болон реалити шоуны од Крис Женнер нарын гэр бүлд төрсөн. Тэрээр "Keeping Up With The Kardashians" реалити шоунд багаасаа оролцож, олны нүдэн дээр өссөн гэхэд хилсдэхгүй юм. Кендалл 14 насандаа Wilhelmina Models загварын агентлагтай гэрээ байгуулснаар загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн байдаг. Женнер одоогийн байдлаар их сургуулийн боловсролын програм эхлүүлээгүй байна.
Загварын карьер
Кендалл ба Жижи хоёрын загварын карьер ижил түвшинд явж байгаа гэж хэлж болно. Тэд хоёулаа дэлхийн хамгийн алдартай дизайнеруудын тайз дээгүүр алхаж, загварын улирал бүр маш завгүй хуваарьтай ажилладаг. Алдарт брэндүүд тэднийг нүүр царайгаараа сонгож, тэдэнтэй тусгай төслүүд дээр тогтмол хамтардаг. Орчин үеийн хамгийн нөлөө бүхий загвар өмсөгчид гэгддэг эдгээр хоёр бүсгүй нь хоёулаа Victoria's secret загварын шоунд алхах эрхээ авч, тоолшгүй олон сэтгүүлийн нүүрийг чимсэн байгаа.
Загвар өмсөгчийн ажлын хажуугаар Жижи Хадид American Music Awards 2016 арга хэмжээний хөтлөгч хийж, мөн Tommy Hilfiger брэндтэй хамтран капсул цуглуулга гаргаад амжсан. Харин Кендалл Женнерийн хувьд тэрээр ухаалаг утсанд зориулсан апп гаргаж, Love сэтгүүлийн зураг авалтан дээр мэргэжлийн зурагчнаар ажиллаж, мөн дүү Кайлигийн хамтаар Topshop-д зориулсан капсул цуглуулга гаргасан байгаа.
Vogue сэтгүүлийн нүүр дээр гарсан тоо
2017 оны тавдугаар сарын байдлаар:
Кендалл Женнер - 14
Жижи Хадид - 17
Энэ нь зөвхөн АНУ биш, харин бүх улс орнуудын Vogue сэтгүүлийг хамруулсан тоо болохыг анхаарна уу.
Хувцаслалтын стиль
Бидний өмнө нийтлэж байсанчлан саяхныг хүртэл Кендалл Женнер ба Жижи Хадидын хувцаслалтыг стилист Моника Роуз хариуцаж ирсэн. Хэрвээ Кендалл дөрөвдүгээр сард шинэ стилисттэй гэрээ байгуулсан бол, Жижи Моникатай хамтарч байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Орчин үеийн загварын шүтээн болсон эдгээр хоёр бүсгүй ерөнхийдөө хоорондоо төстэй хувцаслаж, спорт хувцасны хэв маягийг гудамжны уур амьсгалд оруулдгаараа алдартай. Гэхдээ загвар өмсөгчдийн стилийг нарийн түвшинд харьцуулж үзвэл Кендалл илүү зоригтой бас тачаангуй төрх бүрдүүлж, харин Жижи биед эвтэйхэн байдлыг эрхэмлэж, энгийн атлаа загварлаг хувцаслах нь элбэг байдаг. Кендаллыг өндөр оноотой даашинз, хагас гэрэлтэх материал ба ирвэсний хээтэй хүрэм тодорхойлох бол, Жижиг хоолойтой ноосон цамц, жийнсэн өмд ба богино топ илэрхийлнэ.
Найз залуучууд
Одоогийн байдлаар Жижи Хадид дуучин Зейн Маликтай найзалж буйг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Энэхүү өхөөрдөм хос нь 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн одоог хүртэл гал халуун хайрандаа умбаж байна. Харин Кендалл Женнерийн хувийн амьдрал үргэлж маш нууцлаг байдаг. Юутай ч загвар өмсөгч бүсгүй хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан Met Gala үдэшлэг дээр дуучин A$AP Rocky-гийн хамтаар зурганд өртсөнөөр, шинэхэн хосын цуурхал эхлүүлсэн байгаа. Гэхдээ Кендалл одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Санал өгөх