Streetstyle төрхүүд: "Beige" өнгийн пиджакийг хэрхэн загварчлах вэ
“Color-blocking”
“Color-blocking” буюу олон өнгөнүүдийг зэрэгцүүлж өмсөх нь төрх бүрдүүлэлтийн техникүүдээс хамгийн өнгөлөг атлаа эрсдэлтэй нь. Учир нь зохицуулж өмсөхөд багагүй цаг болон өнгөний зохилдлогын мэдрэмж шаарддаг тул бүтэлгүйтэх нь их. Гэвч айх хэрэггүй. Учир нь зоригтой алхам хийхэд beige өнгийн пиджак туслах бөгөөд энэ улирлын онцлох өнгөнүүд болох номин ногоон, улбар шар, хөх ягаан болон тоорын өнгөнүүдтэй сайхан зохицох болно.
Толгойн оройноос хөлийн ул хүртлээ “beige”
Beige өнгийн монохром төрх бол хэзээ ч хуучрахгүй классик сонголт билээ. Өөр өөр туяанууд болон харилцан адилгүй материалуудыг сонгодог нь тус техникийн онцлог шинж чанар юм. Тухайлбал, цайвар, тод, завсрын beige өнгийн сатин, ноос, сүлжмэл болон ноолууран эдлэлийг хооронд нь хослуулан өмсөж болно. Аксессуарын хувьд өнгө дагуу байлгаж болох ч хар эсвэл неон өнгийн цүнх болон нарны шил таны төрхийг илүү сонирхолтой харагдуулна.
Хээтэй загвар
Хавар, намар, зуны улирлуудад бүтээлч болон тод хээтэй хувцсанд өөрийн эрхгүй татагддаг. Тусгаарлалтын горим сунжирсныг ч хэлэх үү бид хотын гудамжаар өнгөлөг хувцаслаад алхах хүслээр дүүрсэн байна. Тус хүслийг биелүүлэх зорилгоор beige пиджакаа классик сонголтод тооцогддог бөмбөлгөн эсвэл шоотой хээтэй өмдтэй хослуулаарай. Түүнчлэн хээтэй сорочкан цамц, алтлаг өнгийн аксесуарууд, гялалзсан материалтай цүнхийг нэмснээр илүү өнгөлөг төрх бүрдүүлэх боломжтой.
Хар брюкэн өмд
Леггинс санагдуулам хар өнгийн, бие барьсан, брюкэн өмднүүд өнгөрсөн хавар тренд болж, энэ жил ч мөн зонхилох төлөвтэй байна. Тус өмдийг өргөн мөртэй beige пиджактай эсвэл илүү бүтээлч өнгө аястай хайчилбар, цоолбортой пиджактай хослуулахыг зөвлөж байна.
Савхин материал
Савхиар урласан хүрэм, тренч, пиджак, өмд, цүнхнүүдийг загварын орднууд болон инфлюэнсерүүдийн Instagram хаяг, сошиал медиа дээрээс харж болно. Хэдэн улирал дамнан чиг хандлагыг тогтоож буй савхиар бүхэлдээ хар өнгийн “Matrix” төрх бүрдүүлэх нь яг одоо давамгайлж байна. Харин савхин материалыг оролцуулан илүү классик төрх бүрдүүлэхийг хүсвэл beige өнгийн пиджакаа хүрэн бор өнгийн өргөн өмд эсвэл богино, хар шорттой хослуулаарай.
Жийнсэн өмд
Ямар ч тохиолдолд, юутай ч хослуулсан бурууддаггүй хувцас бол жийнсэн өмд. Өргөн, бариу, хар, цайвар гээд ямар нэг чиг хандлагад баригдалгүй beige өнгийн пиджакаа жийнстэй хослуулцгаая. Ингэхдээ аксесуарын сонголт дээрээ ач холбогдол өгөхийг зөвлөе. Том нарны шил, алтлаг зүүлт, сонирхолтой хэлбэрийн ээмэг сонгох нь төрхийг нэгэн хэвийн харагдахаас аварна. Гэхдээ та даруухан байдлыг илүүд үздэг бол өнгөлөг, гялалзсан гоёл чимэглэлээс татгалзах бүрэн боломжтой юм.