Хайх

ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ?

Мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөж байна

Text: Д.Марал


Хүн бүрийн хувьд анхааралтай байдлаа тогтмол хадгалж, үүний хажуугаар мөн хэт эрч хүчтэй, хөдөлгөөнтэй зан авираа тогтмол захирах нь боломжгүй зүйл билээ. Гэвч энэхүү асуудал нь зарим хүмүүсийн хувьд маш ноцтой эмгэг болж, амьдралынх нь туршид сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол олон бий. Жил бүрийн аравдугаар сар ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг (АДХХЭ) дэлхий нийтэд таниулах сараар тооцогддог билээ. 2015 онд хийгдсэн бүрэн хэмжээний судалгааны дагуу дэлхийн өнцөг булан бүрийн 18 ба түүнээс доош насны хүүхдүүдийн 7.2% нь тус эмгэгтэй болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл тухайн үед 18 нас хүртэлх ойролцоогоор 129 сая хүүхэд анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй байсан гэсэн үг юм. Түүнчлэн АНУ-ын Сэтгэцийн Нийгэмлэгийн DSM-IV ангиллын дагуу насанд хүрэгчдийн дунд явуулсан шинжилгээний үр дүнд тэдний 3.4% нь уг эмгэгтэй болох нь батлагдсан байна.

ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 1)

Энэ удаад мэргэжлийн сэтгэл зүйч, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа тус эмгэгийн шинж тэмдгүүд болон ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар BURO.-гийн уншигчдад зориулан ярилаа.


Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж яг юу вэ?

Манай улсад уг өвчний олон улсын ICD-X 10-р тогтоомжийг баримталдаг бөгөөд үүний дагуу АДХХЭ-г “Хүүхэд ба өсвөр насанд эхэлж үүсдэг төрх үйлийн болон сэтгэл хөдлөлийн эмгэг”-т хамааруулж үздэг.

ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 2)

Хүүхэд насанд голчлон эхлэх боловч насанд хүрэгчдэд бас тохиолддог энэхүү эмгэг нь хүний үйлдэл хөдөлгөөн, биеэ авч явах байдлаар тод илэрдэг. Гэхдээ сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд болгон ийм эмгэгтэй гэсэн үг биш. Хүмүүс ямар нэгэн мэдээлэл авахаараа шууд онош тавьчих гээд байдаг. Оношийг сэтгэцийн эмч, клиникийн сэтгэл зүйч, суралцахуйн бэрхшээлээр мэргэшсэн мэргэжилтнүүд тавьж болно. Ингэхдээ хүүхдэд илэрч буй шинжүүдийг асуумжаар илрүүлэх, сэтгэл зүйн тест ашиглах, мөн тухайн хүүхдийг маш сайн мэддэг хүмүүсээс мэдээлэл авдаг. Эцэг эх, ах эгчээс гадна ангийн багшаас ч мэдээлэл авах үе бий.


Хүүхдэд дараах шинжүүдээс илэрвэл АДХХЭ гэж үзэх үндэстэй:

  • Анхаарал удаан төвлөрч чадахгүй байх. Гэхдээ хүүхдийн нас нэмэгдэх тусам анхаарал төвлөрөх хугацаа аажим нэмэгдэж байдаг.
  • Анхаарлаас үүдэлтэй алдаа. Жишээ нь хүний хэлснийг анзаарахгүй байх, эд зүйлсээ олохгүй байх, болгоомжгүй хөдөлгөөнтэй байх гэх мэт.
  • Эмх цэгц муутай, хайнга байх.
  • Дуу чимээгүй орчинд хүртэл тайван сууж чадахгүй байх, түгших, сандрах.
  • Ямар нэг зүйлээр оролдох, хүний юм зөвшөөрөлгүй авах, гар хөл тогтворгүй байнга хөдөлгөөнтэй байх.
  • Хүний яриаг тасалдуулах, тэвчээртэй хүлээж чадахгүй байх.
  • Сурах, бусадтай харилцах, ажил хийхэд бэрхшээлтэй байх.
  • Анхаарал төвлөрөхгүй, эсвэл хөдөлгөөн тогтворгүй байдал доод тал нь зургаан сарын турш үргэлжилсэн байх.
  • Шинж тэмдгүүд хоёр өөр орчинд илэрсэн байх (гэртээ болон ангидаа, эсвэл гадаа хүүхдүүдтэй тоглож байх үедээ, дугуйлан дээрээ гэх мэт). 
  • 12 наснаас өмнө шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байх. 

Эдгээр шинжүүд нь АДХХЭ-ийн хэлбэрээс хамаараад анхаарлын дутмагшил, эсвэл хөдөлгөөнтөх зэрэг аль нэг нь илүү түлхүү илрэх, эсвэл зэрэгцэн илэрч болно.

АДХХЭ оношлогддог дундаж нас нь 6-7 нас гэх боловч хоёр ой гарантайгаас ч ажиглагддаг. Мөн хөвгүүдэд илүү их тохиолддог болох нь судалгаагаар тогтоогдсон билээ. Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэг нь хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд ч илэрч болдог.

Тэгвэл насанд хүрсэн хүмүүст ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

Хүүхдийн хувьд АДХХЭ хөдөлгөөнөөр голчлон илэрч байгаа бол насанд хүрэгчдийн хувьд бухимдах, сэтгэл хөдлөл тогтворгүй байдлаар түлхүү илэрдэг. Насанд хүрсэн хүнд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байх, ямарваа нэгэн даалгавар гүйцэтгэхэд бэрхшээлтэй тулгарах, хариуцлагагүй байх, хүмүүстэй харилцаа тогтооход хэцүү санагдах тохиолдолд энэхүү эмгэг илэрч байна гэж үзэж болно. Гэхдээ сэтгэцийн асуудал нарийн төвөгтэй гэдгийг санаарай. Энэ шинжүүдийн ард өөр өвчин, сэтгэлзүйн асуудал байж болно.

Насанд хүрэгчдэд хэрэв энэхүү эмгэг илэрдэг бол ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байх, донтох, зам тээврийн осолд эсвэл ямар нэгэн зөрчилд орох нь түгээмэл байдаг.

ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 3)

АДХХЭ ямар шалтгаанаар үүсдэг вэ?

ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 4)

Яг ямар шалтгаанаар бий болсныг нарийн тогтоолгох бол эмчилгээ, засал хийлгэснээр илүү тодорхой болно. АДХХЭ бий болоход нөлөөлдөг шалтгаануудыг одоо ч хүртэл судалсаар байгаа. Тухайлбал, удамшил, эхийн жирэмсний явц, төрөлт, архаг хууч өвчин, тархины үйл ажиллагаа, нейрохимийн процесс, амьдралын буруу хэв маяг гэх мэт олон хүчин зүйлтэй холбон судалгаа явуулж байгаа билээ.

Мөн зарим судлаачдын үзэж буйгаар хүүхдүүдэд хэт олон цагаар зурагт үзэх, чихэрлэг зүйл их идэх, гэр бүлийн зөрчилтэй, тайван бус байдал, сэтгэцийн гэмтэл зэрэг нь энэ эмгэгийн шинж тэмдгүүдийг ихэсгэдэг байна.

Ямар мэргэжилтэнд хандах хэрэгтэй вэ?

Хэрэв та өөрийгөө аль эсвэл хүүхдээ АДХХЭ-тэй байж болзошгүй гэж бодож байгаа бол, мөн энэ нь таны болон хүүхдийн өдөр тутмын амьдрал, сурч боловсрох, бусадтай харилцах явцад саад болоод байгаа бол дээр дурдсанчлан сэтгэцийн эмч болон клиникийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй юм. Санаа зовомтгой, сэтгэл түгшилт өндөртэй эцэг эхчүүд зүгээр байгаа хүүхдээ үгэнд орохгүй байна гээд, эсвэл зарим сургуулийн багш нар сахилгагүй санагдсан хүүхдээ эрүүл гэсэн бичиг авчир гээд явуулдаг тохиолдол цөөнгүй байна. Уг эмгэгийг тусгай асуумж болон сэтгэл зүйн оношилгооны мэргэжлийн аргачлалаар илрүүлдэг.

ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 5)

Уг эмгэгийг хэрхэн эмчилдэг вэ?

АДХХЭ-ийг эмчлэх аргууд улс орон бүрт өөр байдаг. Шаардлагатай тохиолдолд сэтгэцийн болон мэдрэлийн эмч нар эмэн эмчилгээ бичиж өгнө. Түүнээс гадна нейропсихологийн коррекцийн аргуудыг ашигладаг. Манайд энэ талын мэргэжилтнүүд цөөн байгаа нь харамсалтай.

ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 6)

Энэ эмгэгийн үед эцэг эх болон багш нартай хамтран ажиллах хэрэгтэй болдог. Хамгийн энгийн бөгөөд ойр арга бол хүүхэдтэй хэрхэн харьцах вэ гэдгээс эхэлнэ. АДХХЭ-тэй хүүхдүүдийн оронд эцэг эхчүүд өөрсдийгөө төсөөлөөд үзээрэй. Байнга бүтэлгүйтнэ, юм унагаана, санамсаргүй эвдэнэ, загнуулна, эцэг эх сэтгэл хөдлөл ихтэй бол шийтгэнэ, гар хүрнэ. Хүүхэд өөрийгөө өөрчлөх гээд хичээсэн ч энэ нь маш хэцүү. Яагаад гэвэл тархинд явагдаж буй процессоос хамааран өөрийн үйлдлийг зохицуулах боломж маш бага. Томоотой бай гэж хэлэхээр шууд үгэнд ороод байх хэмжээний хялбар асуудал биш юм шүү.

Гэхдээ энэ эмгэгийн үед илрэх шинж тэмдгүүд насанд хүрэх үед аяндаа багасдаг тохиолдлууд цөөнгүй бий.

Эцэг эхчүүдийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх вэ?

  • Юуны өмнө тэвчээртэй, тайван хандах нь чухал байдаг. Хүүхдээ байнга зэмлэсээр байгаад зан төрхийн өөрчлөлттэй болгочих гээд байдаг тал бий. Хүн бүрт өөрийгөө хамгаалах механизм байдаг. Загнуулахгүйн тулд худлаа хэлнэ, айсандаа гадуур тэнэдэг болно гэх мэт.
  • Жаахан ч болов хичээж, юм хийхээр оролдох үед нь анзаарч урамшуулж байх хэрэгтэй. Урамшуулагдсан зан байдал давтагдах магадлал өндөр.
  • АДХХЭ-тэй хүүхдүүд амархан ядаргаанд ордог. Үүнээс болоод нойргүйдэх, улам төвлөрч чадахгүй байх, түгших зэрэг давхар асуудлууд үүсдэг.
  • Эцэг эхчүүд энэ асуудлаар багштай нь зөвлөж, хамтарч ажиллах нь үр дүнтэй. Харамсалтай нь зарим багш нар болон эцэг эхчүүд өөрсдөө ч төлөвшөөгүй, загнах буруутгахаас өөр арга барилгүй болсон байдаг.
  • Хүүхдийн ваннд ус хийж байгаад тоглуулах (гараараа ус алгадах), зөөлөн матрасан дээр тоглуулах, үсрүүлэх, намуухан ая сонсгож байх, агаар салхинд гаргах, эрт унтуулж байхаас гадна ядаргаанаас сэргийлэх Монгол уламжлалт аргуудыг хэрэглэж болно.
  • Компьютерын тоглоом, адал явдал, дайн байлдаантай кино үзүүлэхгүй байх.
  • Хүүхдийн сонирхол аль чиглэлд түлхүү илэрч байгааг судалж, сонирхдог зүйлээр нь дамжуулан ажиллах нь зүйтэй.
  • Анхаарал шаардсан тоглоом санал болгох (ширээний теннис, хөлбөмбөг г.м.).
  • Эрэгтэй хүүхдийн хувьд спортын аль нэг төрлөөр хичээллүүлэх нь сайн үр дүнтэй байна.

Багш, сурган хүмүүжүүлэгчдийн авах арга хэмжээ

  • Хүүхдийг шийтгэх, тайван бус орчинд байлгах нь зан төрхийн өөрчлөлттэй болгоход хүргэдэг гэдгийг санаж байх.
  • Хичээл дээр анхаарал сарниулах хүчин зүйлсийг аль болох бага байлгахад анхаарах.
  • Тод өнгөтэй зураг болон бүдүүвч зэрэг нүдэнд харагдах, энгийн хэрэглэгдэхүүн ашиглах. Тодруулбал, санамсаргүй анхаарлыг ашиглах.
  • Ёжилж загнахгүй байх, ялангуяа олон хүүхдийн дунд загнах нь тус болохоосоо илүү ус болдог.
  • “Суу”, “битгий гүйгээд бай” гэх мэтээр огцом анхааруулах байдлаар шаардлага тавихгүй байх.
  • Хүүхэд биеэ зөв авч, хичээж байгаа үед нь магтаж байх.
ADHD: Анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн талаар бид юу мэдэх хэрэгтэй вэ? (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх