Хайх

Хүнсний соданы олон талт хэрэглээ

Хүнсний соданы олон талт хэрэглээ

Бүгдийг чадагч

Text: Buro.Mongolia


“Натрийн бикарбонат” буюу бидний хэлж заншсанаар “Xүнсний сода” нь натрийн катион (Na+) болон бикарбонат анион (HCO3-) гэсэн найрлагаас бүтдэг нэгэн төрлийн давс юм. Сода нь хүчилтэй урвалд орон нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулснаар талх, нарийн боов хийх явцад хөөлгөх үүргийг гүйцэтгэдэг. Гэвч энэ бүтээгдэхүүний ид шид ганц хөөлгөгчөөр зогсохгүй, мөн гэр ахуйн болоод эрүүл мэндийн олон асуудлыг шийдэхэд үргэлж хэрэглэгддэг гэдгийг та сайн мэдэх биз ээ. Жишээлбэл, Массачусетсийн Их Сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн туршилтаар жимс, ногооны гадаргууд агуулагддаг пестицидийг соданы уусмалаар угаахад 95.6% хүртэл арилгасан байна. Энэ мэтчилэн өдөр тутамд хэрэгтэй олон ашиг тусыг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна.

Ам зайлах

Содатай усаар амаа зайлахад шүд угаах явцад орхигдсон олон жижиг хэсгүүд цэвэрлэгддэг учраас амны хөндийн ариун цэвэрт нэн тустай. Мөн шүлсэн дэх pH-ийн түвшнийг нэмэгдүүлж бактерийн өсөлтөд саад хийдэг. Ханиад томуу хүрсэн үедээ болон гаднаас гэртээ орж ирэх үедээ содатай усаар амаа зайлснаар маш хямд, энгийн аргаар олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Хүнсний содатай ам зайлагчийг гэрийн аргаар хийхийг хүсвэл 2гр (жижиг цайны халбаганы ½) содыг, 120гр (тал аяга) бүлээн устай холин өдөр тутамдаа хэрэглэж болно.

Агаар цэвэршүүлэх

Гадуур зарагддаг агаар цэвэршүүлэгчдийн дийлэнх нь сурталчилгаа шигээ байж чаддаггүй. Тэдгээр нь ихэнхдээ агаарыг цэвэршүүлэх замаар олон төрлийн үнэрийг дарахын оронд зүгээр л өөр нэгэн үнэртүүлэгч молекулыг ялгаруулж байдаг. Харин хүнсний сода нь үйлдвэрлэлийн химийн бодис агуулаагүй, үнэрийн тоосонцрыг саармагжуулдаг тул баталгаатай, аюулгүй хувилбар юм.

Гэрийн аргаар агаар цэвэршүүлэгч хийхэд шилэн сав, 74гр сода, 10-15 дусал эфирийн тос, даавуу болон уяа байхад хангалттай. Сода болон эфирийн тосоо шилэн савандаа хийж холиод, даавуу эсвэл цаасаараа хучин, түүнийгээ утсаар бэхлээд хүссэн өрөөндөө тавиарай. 

Хөлсний үнэр дарах

Хүний хөлс ямар ч үнэргүй гэдгийг мэдэх үү? Хөлрөх гэдэг бол физиологийн энгийн үзэгдэл, харин ялгарч буй хөлсийг арьсан дээрх нянгууд задалснаар эвгүй үнэр ялгарч эхэлдэг. Хэдийгээр судалгаагаар бүрэн батлагдаагүй ч сода нь хүчиллэг байдлыг бууруулах замаар суганы эвгүй үнэрийг дарахад ашиглагдсаар ирсэн. Дангаар нь шууд сугандаа түрхэх, аль эсвэл бага зэргийн эрдэнэ шишийн цардуул, наргил модны самрын тос зэрэгтэй хольж хэрэглэж болно.

Шүд цайруулах

Хүнсний сода бол гэрийн аргаар шүд цайруулдаг алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг. Хэд хэдэн судалгаагаар сода агуулсан шүдний оо нь шүдийг цайруулах болон бохирдлыг арилгах тал дээр сода агуулаагүй шүдний ооноос хамаагүй илүү үр дүн гаргажээ. Сода нь нян бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна шүдэн дээр толбо үүсгэдэг молекулуудыг зогсоох зүлгүүрийн шинж чанартай байдагтай холбоотой.

Гал тогоо цэвэрлэх

Хүнсний содаг цагаан цуу эсвэл нимбэгийн шүүстэй хольж, дээр нь ус нэмэн гал тогооны тавцангуудыг арчихад гайхалтай цэвэрлэгдэхээс гадна хөгц, бактери зэрэг хортой бичил биетний өсөлтийг хянахад тусалдаг. Ганц тавцан гэлтгүй шарах шүүгээ, богино долгионы зуух, кофены өнгөр тогтсон аяга, түлэгдсэн сав суулгыг ч цэвэрлэж болно. Мөн аяга дүүрэн содаг хөргөгч дотор байрлуулснаар хугацаа нь дууссан эсвэл хэт хурц үнэртэй бүтээгдэхүүнээс үүссэн үнэрийг дарахад тусалдаг.

Жимс ногоо угаах

Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл олон хүний санааг зовоодог. Пестицид нь үр тариаг шавж, нян, мэрэгч, хогийн ургамлаас хамгаалахад ашиглагддаг ч хүний эрүүл мэндэд олон хортой нөлөө үзүүлдэг химийн нэгдэл юм. Одоогоор дэлхий дахинд 1000 гаруй төрлийн пестицид хэрэглэгдэж байна.

Жимсний гадна хальсыг арилгаж хэрэглэх нь пестицидийг үгүй хийх хамгийн найдвартай арга хэдий ч ингэснээр эслэг, витамин, эрдэс бодис зэрэг хамгийн чухал шим тэжээлийг авч чадахгүй гэсэн үг. Нэгэн судалгаагаар алимыг содатай усанд хийн 12-15 минут байлгахад хальсан дээрх пестицидийг бараг л бүрэн арилгасан байжээ. Гэвч энэ зөвхөн хальсан дээр ил тогтсон пестицидийг л арилгах болохоос дотор нь нэвтэрч орсон тохиолдолд ямар ч нөлөө байхгүй гэдгийн санах хэрэгтэй.

Мөнгөн эдлэл өнгөлөх

Хөнгөн цагаан сав дотор 1 аяга буцалсан ус, 1 халбага хүнсний сода, тал аяга цагаан цуу хийн хольж дотор нь мөнгөн эдлэлээ хийхэд толбо болон бохирдлыг маш түргэн хугацаанд арилгадаг. Мөнгөн эдлэл нь хөнгөн цагаан болон содатай химийн урвалд орох ба ингэснээр мөнгөн эдлэлийн толбо, бохирдлыг хөнгөн цагаан сав өөртөө шилжүүлэн авдаг байна.

Хувцас цайруулах

Xувцас цайруулах хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга бол угаалгын нунтаг дээрээ тал аяга (110гр) сода нэмж хийх юм. Учир нь сода дотроо шүлт агуулдаг ба энэ нь хувцсан дээр тогтсон толбо, бохирдлыг маш сайн арилган, өнгийг сэргээдэг. Хувцаснаас гадна хивсэн дээрх толбыг ч маш үр дүнтэйгээр арилгадаг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх