Витамин Д, Омега-3 болон дасгал хөдөлгөөн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг
Судалгаагаар батлагдсан
Саяхан хэвлэгдсэн шинэхэн судалгаагаар Витамин Д, Омега 3-ын нэмэлтээр ууж гэртээ хөнгөн дасгал хөдөлгөөн хийх нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 61 хувь хүртэл бууруулдаг болох нь батлагджээ. Судалгааг гурван жилийн хугацаанд Швейцар, Франц, Герман, Австри, Португал зэрэг таван улсын 70-аас дээш насны 2,157 хүнийг хамруулан хийсэн байна. Судлаачид энэхүү энгийн бөгөөд хямд арга нь дэлхийн хоёр дах том алуурчинтай тэмцэхэд тусална гэдэгт итгэж байгаа тухайгаа дурдсан. Хорт хавдраар жил бүр дэлхий дахинд 10 гаруй сая хүн нас бардаг бөгөөд нас ахих тусам энэхүү өвчлөлд өртөх магадлал нэмэгддэг билээ.
Хорт хавдар гэж юу вэ?
Хорт хавдар гэдэг нь биеийн аль ч хэсгийг өвчлүүлж болох олон тооны өвчлөлийн ерөнхий нэр юм. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүснэ. Ингэж хэвийн хэмжээнээс хэтэрсэн хэвийн бус эсүүд хурдтай үржиж биеийн бусад хэсэгт цусаар тархдаг. Энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл буюу метастаз гэж нэрлэнэ. Өргөн тархсан үсэрхийлэл нь нас баралтын гол шалтгаан болдог. Эрт эмчийн үзлэгт орон оношлуулж, арга хэмжээ авч чадвал нас барах эрсдэл буурахаас гадна эмчлэгдэх бүрэн боломжтой. Жишээлбэл, эрт илрүүлж чадвал бүдүүн гэдэсний хавдрын 10 тохиолдол тутмын ес нь эмчлэгдэх боломжтой байдаг.
Дэлхий дахинд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын өвчлөлүүд (2020 оны байдлаар)
- Хөх (2.2 сая тохиолдол)
- Уушги (2.2 сая тохиолдол)
- Бүдүүн/шулуун гэдэс (1.9 сая тохиолдол)
- Түрүү булчирхай (1.4сая тохиолдол)
- Арьс (1.2 сая тохиолдол)
- Ходоод (1 сая тохиолдол)
Хорт хавдар үүсгэгч хүчин зүйлс:
Механик хорт хавдар үүсгэгч: хэт ягаан туяа, ионжуулагч цацраг гэх мэт
Химийн хорт хавдар үүсгэгч: асбест (asbestos), тамхи, архи, афлатоксин, хүнцэл гэх мэт
Биологийн хорт хавдар үүсгэгч: зарим вирус, бактери, шимэгч хорхойн халдвар гэх мэт
Яагаад заавал Витамин Д, Омега 3 болон дасгал хөдөлгөөн гэж?
Витамин Д нь эсийн өсөлт, ялгарлыг хариуцдаг хэд хэдэн генийг зохицуулж хорт хавдрын эсийн хурдацтай үржлийг саатуулдаг. Гэвч судалгааны ерөнхий дүгнэлтээр витамин Д нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд ямар нэгэн ач холбогдолгүй бөгөөд харин үхлийн аюултай хүнд шатны хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг гэж гарсан байна.
Омега 3 нь эсийн үржил, үрэвсэл, ангиогенез буюу шинэ судас үүсэхийг дарах замаар хорт хавдар үүсгэгч хүчин зүйлсэд саад хийж байдаг. Омега 3-ыг нэмэлтээр уухаас гадна загасны тос, загасны мах, чиа үр, хушга зэргээс авах боломжтой.
Дасгал хөдөлгөөн нь дархлааг дэмжихээс гадна үрэвслийг бууруулдаг. Тогтмол дасгал хөдөлгөөн xийх нь хэд хэдэн хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.
Судалгаанд оролцсон хүмүүсийг нийт найман бүлэгт хуваан судалсан бөгөөд өдөр бүр Витамин Д-г 2000 олон улсын нэгжээр (IU), Омега 3-ыг 1 граммаар ууж үүний зэрэгцээ хөнгөн дасгал хөдөлгөөн хослуулан хийж байсан хүмүүст үр дүн хамгийн өндөр гарсан байна.