Судалгаагаар батлагдсан: Авокадо зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлийг бууруулдаг
Авокадо таныг зүрх судасны өвчнөөс хамгаална
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллэснээр зүрх судасны өвчлөл жил бүр дэлхий даяар 18 сая хүний амийг авч оддог тэргүүлэх өвчний нэг юм. Зөвхөн АНУ-д гэхэд л энэ өвчнөөр 36 секунд тутамд нэг хүн нас бардаг гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдэгдсэн.
Шинэ судалгаагаар долоо хоногт хамгийн багадаа хоёр авокадо иддэг хүмүүсийн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал огт иддэггүй эсвэл маш бага иддэг хүмүүстэй харьцуулахад 21%-иар бага байжээ. Энэ судалгааны үр дүн эрчүүд болон эмэгтэйчүүд дунд ижил хувьтай гарсан бөгөөд авокадог цөцгийн тос, бяслаг, йогурт болон боловсруулсан махны оронд хэрэглэхэд зүрхний шигдээсээр өвдөх магадлалыг бууруулж байжээ. Боловсруулсан мах буюу зайдас, хиам, утсан болон хатаасан мах зэрэг нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмдэг. Учир нь удаан хадгалахын тулд хорт хавдар үүсгэгч бодисууд ашигладаг байна. Хоол тэжээлийн мэргэжилтэн доктор Дэвид Кат хэлэхдээ “Авокадогийн бүрэн ашиг тус нь энэ жимсийг өөрийн өдөр тутмын хэрэглээндээ оруулж эрүүл бус хоол хүнсийг хэрэглээнээсээ хассанаар гарч ирнэ” гэж хэлжээ.
Архаг өвчинд хүргэх эрсдэлтэй хүчин зүйлсийн талаар судлах зорилгоор Америкийн засгийн газраас явуулсан дээрх урт хугацааны судалгаанд нийт 68,000 гаруй эмэгтэй болон 41,000 эрэгтэй хамрагдсан байна. Судалгаа эхлэхэд бүх оролцогчид хорт хавдар, зүрхний титэм судасны эмгэг болон цус харвалттай тулгараагүй байсан бөгөөд судалгаа хийгдсэн нийт 30 жилийн хугацаанд дөрвөн жил тутам хооллолтын асуулгыг бөглөж байжээ.
Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд жин, цусны даралт болон холестериныг хэвийн хэмжээнд байлгаж, чанартай нойр авч, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, архи тамхины хэрэглээг хязгаарлаж, ханасан өөх тос, элсэн чихрийн хэмжээг багасган эрүүл хооллох хэрэгтэй болохыг санаарай.