Хайх

Стресс тайлах амьсгалын дасгалууд

Стресс тайлах амьсгалын дасгалууд

Байгалийн амьсгалах чадварынхаа тусламжтай хэрхэн стрессээ багасгаж болохыг мэргэжилтэн зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Хүссэн хүсээгүй стресс бол бидний өдөр тутмын амьдралын нэгэн томоохон хэсэг юм. Эрдэмтдийн баталснаар богино хугацааны стресс нь эд эсийн гадны нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх чадамжийг ихэсгэснээр залуу насыг уртасгадаг хэдий ч архаг хэлбэрийн, удаан хугацааны стресс нь дархлаа сулруулж, өвчин тусах магадлалыг өндөрсгөж, ер нь л олон асуудлын эх үүсвэр болдог билээ.

Гэхдээ стресстэй тэмцэнэ гэдэг яг л салхитай тэмцэж буйн адил энерги шаардсан, үр дүнгүй асуудал тул тэмцэхийн оронд стресстэйгээ эв найрамдалтай оршин тогтнож сурах нь илүү чухал юм. Өөрөөр хэлбэл стресстэй үеийг аль болох сэтгэл зүйн болоод бие махбодын хувьд хохирол багатай, тайван давж туулахыг сурах хэрэгтэй.

Стрессийн сөрөг нөлөөг багасгах хамгийн түгээмэл аргуудын нэг бол амьсгалын дасгал юм. Амьсгалын дасгал хийж сурснаар сэтгэл санаагаа "одоо бөгөөд энд" байдалд авчирж, илүү төвлөрөх болно. Мөн тархины үйл ажиллагаа идэвхжиж, ой тогтоол болоод дархлаа ч хүртэл сайжирна.

Ийм ч учраас бид мэргэжлийн амьсгалын дасгалжуулагч Алина Шпакын зөвлөгөөний дагуу дараах гурван дасгалыг хүргэж байна.

 

 

Бие халаалт

  1. Хоёр алгаа хооронд нь дулаан мэдрэмж автлаа үрнэ.
  2. Дараагаар нь чихэндээ гараараа массаж хийнэ. Ингэхдээ чихний омгоос дээш чиглэл руу массаж хийвэл арьс болоод булчин чангарна. Уг үйлдлийг гурван удаа давтаарай.
  3. Гарын алгаа хуйхандаа тавьж хуруунуудаараа үснийхээ угаас атган, үсээ үл ялиг дээш татна. Уг үйлдлийг толгойн бүх хэсэгт гурван удаа давтан хийгээрэй.

 

 

Энерги нэмэгдүүлэх дасгал

Өдрийг өөдрөг, эрч хүчтэй эхлүүлэхэд, ядаргаа тайлахад тусална.

  1. Энэ дасгалын туршид амьсгалахдаа хоёр тоолох хугацаанд амьсгалаа хамраараа авч, зургаа тоолох хугацаанд амаараа гаргана.
  2. Дасгалыг эхлэхдээ хөлөө мөрийн хэмжээнд авч зогсоно. Дараа нь өвдгөө тэгш өнцөгтэй болгон нугалж, ташаагаа газартай параллель байхаар суулт хийнэ.
  3. Босохдоо амьсгал авч, суухдаа амьсгалаа гаргана.
  4. Энэ дасгалыг 10 удаа давтан хийгээрэй.

 

 

Амьсгалын болон сунгалтын дасгал

Биеийн булчинг чангалах, эсвэл шаардлагатай тохиолдолд эсрэгээрээ суллах, булчингийн зангилаа тайлах зориулалттай дасгал.

  1. Шалан дээр хоёр хөлөө чадах хэмжээндээ хоёр тийш нь болгож сууна. Энэ үед өвдөг шулуун, хөлийн ул тэгш өнцгөөр нугаларсан байна.
  2. Гараа шулуун байдлаар дээш өргөнө.
  3. Амьсгалаа дөрөв тоолох хугацаанд гаргах зуураа гараа доош буулгаж, биеийнхээ корпусаар доош тонгойно.
  4. Амьсгалаа хоёр тоолох хугацаанд авах зуураа анхны байрлалд очно.
  5. Уг дасгалыг дор хаяж 10 удаа давтан хийхийг зөвлөж байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх