Жизель Бюндхен зөвлөж байна: Сэтгэл санааг тайвшруулах амьсгалын дасгал
Сэтгэл санааг тайвшруулж, стрессээс ангижруулах амьсгалын дасгал
Эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолтын дэглэмээрээ алдартай загвар өмсөгчдийн нэг болох Жизель Бюндхен өөрийн Instagram хуудсаараа дамжуулан тайвшруулж, стрессээс ангижруулах амьсгалын дасгал заалаа. "Энэхүү амьсгалын дасгал сэтгэл зовнил, стрессийг арилгахын зэрэгцээ оюун санааг тань цэгцлэн тайвшруулах болно" хэмээн тэрээр тодорхойлсон ба уг дасгал нь иог, бясалгалаар хичээллэгсэдийн дунд "Нади Шодхана Пранаяма" буюу суваг цэвэрлэх амьсгалын дасгал гэдэг нэршлээрээ алдартай ажээ.
Дасгалыг хийхдээ өөрт тухтай байдлаар завилан суун биеэ суллаж, гурван удаа гүнзгий амьсгаа авна. Ингэсний дараа гараа духны голд байрлуулан хурууны үзүүрээр зүүн болон баруун хамрын нүхээ ээлжлэн дарж амьсгална. Баруун хамрын нүхээр амьсгал авбал зүүн нүхээр гаргах бол зүүн нүхээр амьсгал авсан үедээ баруун хамрын нүхээр амьсгаагаа гаргана. Ингэснээр надис буюу сувгуудаар энерги чөлөөтэй урсан мэдрэлийн системийг сэргээж, бодол санааг тань тайвшруулах ажээ. Уг амьсгалын дасгалыг их ажлын дараа, унтахын өмнө гээд хэзээ ч хийхэд тохиромжтой ба хэдэн ч минутын турш хийх боломжтой байна.
Жизель Бюндхен уг амьсгалын дасгалыг жилийн турш хийсэн ба эерэг үр дүнтэй дасгал гэдгийг онцлон хэлсэн юм.