Хайх

Аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгүүд

Аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгүүд

Аутизмыг таниулах сар

Text: Buro.Mongolia


Autism spectrum disorder (ASD) буюу Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) гэдэг нь бусадтай харилцаж нийгмийн харилцаанд орох болоод тархинд ирэх мэдээллийг бүрэн хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг эмгэг юм. Хүүхдэд aутизмын шинж тэмдэг эрт илэрдэг бөгөөд эмч нар 18 сараас хоёр насны хооронд оношлох боломжтой болдог. АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) 44 хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй байх боломжтой ба хөвгүүдэд охидоос дөрөв дахин илүү илэрч байна гэж мэдээлжээ. Аутизм нь өргөн хүрээний эмгэг тул аутизмтай хүн бүр өөр өөр байдгаараа онцлогтой. Гэвч аль ч төрлийн аутизмтай хүнд "Хэл яриа ба харилцааны бэрхшээл" "Нийгмийн харилцааны бэрхшээл" "Туйлширмал ба баригдмал сэтгэлгээний бэрхшээл" эдгээр гурван бэрхшээл заавал байдаг.


Аутизмын анхны шинж тэмдгүүд

6-12 сартай хүүхдэд илэрч болох аутизмын шинж тэмдэг:

Аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгүүд (фото 1)
  • Нүүрний хувиралгүй
  • Хүний нүд рүү хардаггүй
  • Нэг зүйл рүү удаан ширтдэг
  • Ээжийгээ хараад инээхгүй, шулганахгүй
  • Дуу чимээнд хариу өгөхгүй. Жишээ нь, нэрээр нь дуудахаар харахгүй, чимээ гарч байгаа зүг рүү харахгүй гэх мэт
  • Тэврүүлж биедээ хүргүүлэх дургүй
  • Хүүхдийн тоглоомыг сонирхохгүй
  • Гараа сунгах гэх мэт дохио зангаа ашиглахгүй

Нэгээс хоёр настай хүүхдэд илэрч болох аутизмын шинж тэмдэг:

Аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгүүд (фото 2)
  • “Тийм” “Үгүй” “Баяртай” “Сайн уу” гэх мэт энгийн дохио зангаа мэддэггүй
  • Сонирхож байгаа эсвэл авмаар байгаа зүйлсээ илэрхийлж чаддаггүй. 14-өөс 16 сартай ихэнх хүүхэд өөрт нь таалагдаж байгаа зүйлээ ээж аавдаа илэрхийлэх чадвартай болсон байдаг
  • 16 сартайдаа нэг үетэй үг хэрэглэж чадахгүй 24 сартайдаа холбоо үг ашиглаж мэдэхгүй байх
  • Зөвхөн хөлийн хуруун дээрээ алхах эсвэл бүр огт алхахгүй байх
  • 15-аас 24 сартайдаа үг яриа болон нийгэмтэй харилцах ур чадвараа алдаж эхэлдэг. Өмнө нь цөөн үг хэлдэг, бусад хүмүүсийг сонирхдог байсан бол тэгэхээ больж эхэлнэ
  • Хүмүүсийг зөвхөн өөрийн хүссэнээрээ байлгахыг хичээнэ

Хоёр болон түүнээс дээш настай хүүхдэд илэрч болох аутизмын шинж тэмдэг:

Аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдгүүд (фото 3)
  • Үг ярианы хоцрогдолтой
  • Бусадтай хамт тоглох дуртай биш
  • Бусдыг ойлгож өрөвдөх чадвар муу
  • Хүмүүсийн хэлж байгаа зүйлийг бүрэн ойлгохгүйгээр гэнэт уйлах, инээх, хашхирах зэрэг зохисгүй хариу үзүүлдэг
  • Дуу, тоо, үсэг эсвэл тодорхой нэг сэдвийн талаар механикаар цээжилдэг
  • Нэг удаад зөвхөн нэг зүйл дээр л төвлөрөх чадвартай
  • Давтамжтай хөдөлгөөн болон үйлдэл хийдэг. Жишээ нь, хаалга нээж хаах, товчлуур дээр ахин дахин дарах гэх мэт
  • Заримдаа өөрийгөө гэмтээх үйлдлүүд ч хийдэг. Юм мөргөх, гараа хазах гэх мэт
  • Маш мэдрэмтгий эмзэг байх
  • Аутизмтай олон хүүхэд унтах эмгэгтэй байдаг. Шөнө олон сэрдэг эсвэл унтаж чаддаггүй

Аутизм бол өвчин биш эмгэг учраас аутизмтай гэж оношлогдсон хүн насан туршдаа аутизмтай л байна. Аутизмыг эмчлэх эмэн эмчилгээ гэж байхгүй. Харин аутизмтай хүний гэр бүл,найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгчид нь нийгмийн амьдралд оролцож хэл ярианы хөгжлийг сайжруулахад туслах маягаар шинж тэмдгийг багасгаж өөрт байгаа чадамжаа бүрэн ашиглахад нь туслах маш чухал.


Эцэг эхчүүд ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй вэ?

Хэрвээ таны хүүхэд аутизмтай эсвэл аутизмын шинж тэмдэг илэрвэл шаардлагатай асаргаа сургалтыг нэн даруй эхлүүлэх нь зөв. Хүүхдээ хэр эрт оношилгоо, сургалтад хамруулна төдий чинээ сайн үр дүн гарна. 

Аутизмыг сайн ойлго. Интернет сайн ухаж, туршлагатай эцэг эхчүүдтэй холбогдож заавар зөвлөгөө авч өөрийнхөө чадах хэмжээнд учир шалтгаанаас эхлүүлээд хэрхэн эмчлэх хүртэлх бүх үе шатуудад оролцоотой байж мэдээлэл цуглуул. 

Хүүхдийнхээ мэргэжилтэн бол. Таны хүүхэд юунд уурлаж бухимдаж байна, юунд баярлаж байна, яавал тайвширч бас гуниглаж байна гэх мэт хүүхдийнхээ үйлдэл болгоныг ойлгодог болбол та цаашдаа үүсэх асуудлуудаас урьдчилан сэргийлж эсвэл хурдан шийдвэрлэх боломжтой болно.

Хүлээн зөвшөөр. Миний хүүхэд яагаад бусдаас өөр талаар бодож түүний алдаж байгаа боломжуудад харамсаж суухын оронд жижиг амжилт өөрчлөлтөд ч баярлаж, бусадтай харьцуулахаа зогсоож, бүхий л хайраа зориулах нь хамгийн том туслалцаа байх болно.  

Тууштай бай. АХЭ-тэй хүүхдүүд нэг тодорхой орчинд сурсан зүйлээ өөр газар очоод хэрэгжүүлэхэд хэцүү байдаг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдэдээ сурсан зүйлээ олон өөр газар ашиглаж сурахыг заахын тулд хүүхдийн эмч болон багш нар тэдэнд юу зааж, ямар арга барил хэрэглэж байгааг анзааран гэртээ ч мөн тэдгээр арга барилуудыг хэрэгжүүлэхийг бодоорой. 

Харин доорх зөвлөмжүүд хүүхэдтэйгээ хялбархнаар ойлголцож өдөр тутмын амьдралыг тодорхой, ойлгомжтой байлгаж хөнгөвчлөхөд тусална. 

Цагийн хуваарьтай болох. АХЭ-тэй хүүхдүүд цагийн хуваариар юм хийхдээ маш сайн. Мэдээж ийм хуваарьтай болохын тулд тууштай байх чухал. Өдөр бүр ижил цагаар сургуульдаа явах, хооллох, унтах гэх мэт. Энэ хуваарьдаа аль болох өөрчлөлт оруулахгүй байхыг хичээгээрэй. Зайлшгүй чухал ажлаар өөрчлөлт оруулах шаардлагатай бол урьдчилан сануулж бэлдэх хэрэгтэй.  

Гэрээ аюулгүй бүс болгох. Гэртээ хүүхэд тань амарч, аюулгүй байх хувийн орон зай бүрдүүлж өгөөрэй. Мөн түргэн уурлаж өөрийгөө гэмтээх зан үйл их гаргадаг бол түүнийг гэмтээж магадгүй зүйлсийг шалгаж гэрийнхээ аюулгүй байдлыг хангаарай. 

Ярихгүйгээр ойлголцож сурах. Аутизмтай хүмүүсийн 25-30% нь хэл яриа огт ашигладаггүй. АХЭ-тэй хүүхэдтэй харилцах хэцүү байж болох ч түүний харц, дуу хоолойн өнгө, биеийн хэлэмж үргэлж тантай харилцаж байдаг. Ядрах, өлсөх эсвэл ямар нэгэн зүйл хүсэх үедээ ямар дуу чимээ, нүүрний хувирал үзүүлж байгааг сайн ажиглаж түүний хэлд суралцаарай. 

Эмчилгээний төлөвлөгөө гарга. Маш олон зөвлөгөө, эмчилгээний аргууд байдаг. Энэ бүхнээс яг өөрийн хүүхдийн зан араншин, дуртай дургүй зүйлс дээр тулгуурлан зөвхөн түүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргаарай. 

13 настай Аутизмтай япон хүүгийн бичсэн “Аутизмтай би яагаад үсэрдэг вэ?” номыг эцэг эхчүүдэд уншихыг санал болгож байна. 


Багш сурган хүмүүжүүлэгч болон найз нөхөд хэрхэн туслах вэ?

Эцэг эхтэй нягт холбоотой ажиллах. Ингэснээр багш нар аутизмтай хүүхдийн талаар илүү их мэдээлэлтэй болж тухайн хүүхдэд тохирох сурах арга барил, давуу тал, одоогийн байгаа түвшин болоод юун дээр анхаарч ажиллах ёстой талаар мэдээлэлтэй болно. 

Заах арга барилд маш сайн суралцах. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдсэн билээ. Гэвч багш нарт тусгай сургалт явагдадгүй учраас арга зүй маш дутмаг байдаг. Энэ тал дээр улсаас тодорхой ажлууд зохион байгуулж эхэлж байгаа ч багш нар өөрсдөө бие дааж шаардлагатай арга барилд суралцаад үзээрэй. 

Анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах. Ангидаа зөөлөн өнгө хэрэглэж ханан дээр хэт их зүйл наахгүй байх нь тэдний мэдрэхүй хэт ачаалахаас сэргийлж чадна. Учир нь аутизмтай хүүхэд хурц тод өнгө, үнэр, чанга дуу чимээнд анхаарал нь их сарнидаг. 

Сонголт хийлгэх. Тулган шаардахгүйгээр сонголт хийх боломж өгөх нь хүүхдийн өөрийгөө үнэлэх, хариуцлагатай байх, асуудал шийдвэрлэх ур чадваруудыг хөгжүүлж байдаг. 

Тэвчээртэй бас тууштай байх. Аутизмтай хүүхэд хүн хоорондын харилцааны утга учрыг сайн ойлгодоггүй учраас харилцан ярианд буруу оролцох, санаагаа зөв илэрхийлж чадахгүй байх, дууны хэмжээгээ тохируулаагүйгээс гэнэт чанга ярих, инээх зэрэг маш олон төрлийн зан авир гаргах боломжтой учраас эргэн тойрны хүмүүс маш тэвчээртэй байж тууштай харилцах хэрэгтэй.  

Хэрвээ танд аутизмтай найз байдаг бол бусад хүмүүст аутизмын талаар зөвөөр ойлгуулж өөр найзуудтай болоход нь ч бас туслаарай. Аутизмтай хүн яриа өдөх, бусадтай найзлах гэж оролдох зэрэгт эвээ олохгүй байх магадлалтай. Энэ бүхэнд яг хажуугаас нь дэмжиж нийгмийн амьдралд хөл тавихад нь тусалж чадах хүн эцэг эх, эмч, багш сурган хүмүүжүүлэгчээс гадна найз нөхөд нь байдаг. 

Багш нарт зориулсан гарын авлага

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх