Аутизмыг таниулах дөрөвдүгээр сар: Аутизмын хүрээний эмгэгийн талаар өгүүлэх шилдэг кинонууд
Кино бол маш өргөн сэдвүүдийг хамарсан олон төрлийн мэдээлэл агуулдаг нэг төрлийн эх сурвалж билээ. Тэгвэл Аутизмыг таниулах дөрөвдүгээр сарыг тохиолдуулан уг эмгэгийн талаар илүү их мэдэж, аутизмтай хүний туршлагаас ойлгох хаалгыг нээж өгөх дэлгэцийн бүтээлүүдийг танилцуулж байна.
«Rain man», 1988
Уг кино нь Оскарын шилдэг кино, шилдэг кино зохиол (эх зохиол), шилдэг кино найруулагч төрлүүдэд ялалт байгуулж киноны гол дүр болох Рэймонд Бэббитын дүрийг бүтээсэн жүжигчин Дастин Хоффман шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байжээ. Тэрбээр аутизмын хүрээний эмгэгтэй хүний дүрийг маш бодитой бүтээсэнд тооцогддог. Учир нь Хоффман болон кино зохиолч Бэрри Морроу нар аутизмтай эрдэмтэн Ким Пиктэй хамтдаа өдрийг өнгөрүүлж түүний алхаа гишгээ, үйлдлээс нь санаа авч дүрээ илүү үнэмшилтэй болгож байжээ.
«What's Eating Gilbert Grape», 1993
Киноны агуулгад гол дүр болох Гилберт Грейп өөрийн өсвөр насны аутизмтай дүү Арнигийн асран хамгаалагч болж байгаа талаар өгүүлдэг. Том ах нь дүүгээ хүрээлэн буй орчин, хөл хөдөлгөөнтэй нийгмээс хамгаалахын тулд бүхий л чадлаараа хичээдэг. Аутизмтай дүүгийн дүрд жүжигчин Леонардо Ди Каприо тоглосон бөгөөд энэхүү дүрээрээ тэрбээр анх удаа Оскарт нэр дэвшиж байсан. Ди Каприо дүрийнхээ бэлтгэлийн хүрээнд өсвөр насны аутизмтай хүүхдүүдийн асрамжийн газраар зочилж ажиглалт хийсэн гэдэг. Түүнчлэн тус кино нь аутизмтай хүүхэдтэй гэр бүлд ямар асуудлууд тулгарч болдгийг харуулснаараа онцлог билээ.
«Temple Grandin», 2010
Тус киног аутизмын хүрээний эмгэгтэй, хүнлэг мал аж ахуйн чиглэлээр нээлт хийсэн хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн Тэмпл Грандины бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн билээ. Эрдэмтний дүрд жүжигчин Клэр Дэйнс тоглосон бөгөөд тэрбээр «Emmy» наадмаас гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан. Энэхүү киноны тусламжтай аутизмтай эрдэмтэн Тэмпл Грандин өөрийн салбартаа өндөр амжилт гаргаж олны хүлээлтийг эвдсэний сацуу аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалагч талаасаа нийгэмд танигдаж чадсан юм.
«Fly away», 2011
Тус киноны найруулагч Жанет Грилло «Autism: The Musical» нэртэй аутизмтай таван хүүхдийн талаар өгүүлдэг баримтат киног толилуулж, туршлага хуримтлуулсны дараа тус сэдвийн хүрээнд «Fly away» нэртэй киноны ажилдаа орж байжээ. Бүтээлийн агуулгад эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулснаар аутизмтай охиноо бие даан өсгөх болсон ээж болон эмгэгээс шалтгаалсан асуудлуудын талаар гардаг. Охины дүрд жүжигчин Эшли Рикардс тоглосон бол ээжийн дүрийг Бет Бродерик бүтээжээ.
«Atypical», 2017
Энэхүү бүтээлд аутизмтай өсвөр насны хүүгийн талаар өгүүлдэг. Кино шүүмжлэгчид, үзэгчдээс дүрээ бүрэн илэрхийлж чадаагүй, жүжиглэлт тааруу байсан гэх шүүмжүүдийг багагүй сонссон ч аутизмтай хүүхдийн өсвөр насанд гардаг хүндрэлүүд, болзоо болон хайр дурлал зэрэг ховорхон сөхөгддөг асуудлуудыг хөндсөн нь «Atypical» киноны онцлох зүйл билээ.