
Velin Cover Story: Дизайнер Ч.Нямханд буюу Амазонкагийн ярилцлага
Amazonka, the real Wonder Woman
Velin сэтгүүлийн хавар-зун 2024 дугаарын Cover Star Michel & Amazonka брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Ч.Нямханд буюу Амазонкатай хийсэн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр бүрэн эхээр нь хүргэж байна.
Эртний Грекийн домог, туульсанд Амазонуудыг хэзээ ч бууж өгдөггүй, цуцашгүй дайчин, хурц мэргэн, эрэлхэг зоригтой эмэгтэйчүүдээр дүрслэн үзүүлж тэднийг өдгөө ч тоо томшгүй олон оюуны бүтээлд магтан дуулсаар. Үлгэр домог, утга уран зохиолоор оролддоггүй нэгэн ч тэдний төрхийг орчин цагийн дэлгэцийн бүтээлд аль эсвэл номын дэлгүүрийн буланд тавигдсан комикс зохиолын хавтаснаа зурвасхан ч болов харсан нь лавтай. Эрч хүчний ундарга болсон эдгээр баатарлаг эмэгтэйчүүдийн бодит хувилбар нь харин өмнө минь инээмсэглэн сууж байх нь тэр. Сэтгүүлч миний бие төсөөллийнхөө ертөнцөд төөрсөндөө ч биш, ургуулан бодох чадвартаа умбасандаа ч бус харин Michel & Amazonka брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Ч.Нямханд буюу Амазонкаг Velin сэтгүүлийнхээ тав дахь дугаарын “Cover star”-р сонгон ярилцсаныхаа дараа ийн тодорхойлсон бөлгөө.

Хаврын урь орсон нэгэн өглөө гол баатартайгаа уулзахаар эртлэн босож, урланд нь зочилтол ажил ид шажигнаж, ажилчид нь энд тэндгүй бужигнаж байлаа. Урлангаар дүүрэн өлгөөстэй гоёмсог загварууд, булан бүрд өрөөстэй давуунууд харцанд минь онцгойрон тусаж, үйлдвэрийн машины дуу чимээ түчигнэх нь тэдний ажлын өдөр аль хэдийн эхэлж шинэхэн бүтээлдээ шамдан орсныг илтгэнэ. Төд удалгүй юу юугүй амаржих дөхсөн Амазонка мишээсээр намайг угтан авч бидний яриа эхэлсэн юм. Тэрээр тавдугаар сард шинэ гэр бүлийн гишүүнээ өлгийдөн авахаар зэхэж байгаа бөгөөд үүнийхээ хажуугаар түмэн ажлуудаа амжуулж тун чиг завгүй яваа харагдана. Бие давхар эмэгтэй хүнээс ер бусын энерги мэдрэгддэг гэдэг дээ. Үнэхээр ч түүнийг ажиглавал царай нь шингэрч, цаанаа л нэг тайван, дулаан мэдрэмж эргэн тойрондоо цацруулж байлаа. Илүү дутуу зүйлгүй энгийн нэг футболка, жийнс өмссөн нь бас нүүрэндээ будаг огтхон ч хүргээгүй нь гэрэлтсэн арьс, хүүхдэрхүү төрхийг нь улам бүр тодотгох шиг. “Надад өөрийнхөө өмсөх хувцсыг бодоод байх цаг байдаггүй. Нэг хар өмд, нэг хар футболкоо л өмсөөд явж байвал амар. Ер нь өөрөө гангалах дуртай биш. Хүмүүсийг л илүү гоё хувцаслах сонирхолтой доо” гэсээр надад гэр бүл, ажлын арга барил, дотоод ертөнц рүү нь өнгийх боломж олгож, тэр бүр хүмүүсийн мэддэггүй Амазонкатай танилцуулсан юм.
Тэрээр найман настай охин, таван настай хүүгийн ээж бөгөөд гурав дахь хүүхдээ тээж яваа юм. Хүүхэд бол хүний амьдралын хамгийн том бэлэг гэдэгт итгэдэг Амазонка хүүхдүүд нь өдөр бүр аз жаргал, хайраар дүүргэдгийг онцлохын сацуу маш том үүрэг хариуцлага болохыг дурдлаа. Нялх хүүхэд асарч тойглоогүй удсан учраас төрөлтийн тухайд бага зэрэг төсөөрсөн ч дахиад нэг бяцхан хүн энэ ертөнцөд мэндэлнэ гэж бодохоор цаанаасаа л догдлоод байгаа гэнэ. “Жирэмслэхээр бүр шоколад, бялуу гээд янз бүрийн амттан өөрийн эрхгүй идчихээд байх юм. Цаанаасаа л чихэрлэг зүйл идмээр байгаа ч бас хүүхдээ бодоод тэсээд л байна” гэж элдвийг шулганасаар намайг хорхой ааруул, шоколадаар дайлав. Ерөнхийдөө түүний амьдрал их хурдан хэмнэлээр өрнөдөг ч жирэмсэн болсноор бүх зүйл удааширчээ. Хэрвээ өмнө нь ажлын ачаалал өндөртэй, бүхнийг амжуулах гэж цаг нартай уралддаг байсан бол одоо тэр аль болох ачааллаа багасгаж, “болох зүйл болдгоороо болно” гэх үзлээр хандаж байгаа гэв. Өглөө босоод нөхөр хүүхдүүддээ цайг нь уулгаад хичээл сургуульд нь хүргэж өгнө. Ажлаа тараад гэрийнхээ ажлыг хийнэ. Ингэж тэгсээр түүний нэг өдөр бусдын л адил ажил, гэрийн хооронд ээлжилсээр өнгөрдөг байна. Танихгүй хүн бол түүнийг Монголын загварын салбарын томоохон “гүрнийг” удирддаг нөлөө бүхий эмэгтэй хэмээн таамаглахгүй болов уу.


Түүний нөхрийг Дашдаваагийн Баярмөнх гэдэг, Японы хоёр ч компанид ахлах программистаар ажилладаг ухаалаг залуу бий. Хайрынх нь түүхийг сөхвөл хосууд анх арван жилийн өмнө танилцжээ. “Заяаны хань зам дээр”, “Анхны харцаар дурладаг” гэх үгс бодит амьдрал дээр, бүр нэгэн зэрэг биелж болдгийг тэдний хайрын түүхээс харж болно. Амазонкагийн хувьд заяаны хань нь үнэхээр л зам дээр зогсож байсан аж. Нөхөр нь Японд сурч, ажилладаг байхдаа түр Монголд ирэхэд нь гудамжинд таараад шууд л анхны харцаар дурласан гэнэ. “Ерөнхийдөө бүх зүйл маш хурдан болж өрнөсөн. Бүр дотроос л ‘Яг энэ миний хүн мөн байна’ гэсэн мэдрэмж төрөөд их итгэлтэй байсан” гэж санаандгүй учралын дурсамжаасаа хуваалцахдаа нүд нь гэрэлтэж, анх танилцсан тэрхүү мөчдөө очин, дөнгөж сая дурласан бүсгүй мэт болон хувирахад одоо ч түүний дотор хайрын гал нь дүрэлзсэн хэвээр байгаа нь мэдрэгдэв. Харин одоо тэд анх танилцсан үеэ бодвол насан туршдаа хамт байна гэдэг утгаараа бие биеэ илүү ойлгодог, үргэлж ярилцдаг, нэгнээ дэмждэг, тайван, хүлээцтэй болсон хэмээн харилцаагаа тодорхойлсон юм. Чухамдаа түүний хань бол гэр бүлээ хана хэрэм мэт хамгаалж, ар гэрээ бат даадаг, гэргийдээ ямагт хамгийн үнэтэй, ухаалаг зөвлөгөөнүүдийг өгдөг алсын хараатай нэгэн. “Манай хүн намайг их дэмжиж, маш сайн ойлгодог. Гадагшаа ажлаар явах тохиолдолд хоёр хүүхдээ хараад үлдэнэ. Өөрөө ажилтай ч гэсэн бүх юм аа зохицуулна. Гэрийн ажилд ч тусална. Би нөхрөөсөө их зүйлсийг суралцдаг. Ажлаа, уран бүтээлээ амжуулахад нөхөр маань их чухал үүрэг гүйцэтгэсэн дээ” хэмээн бахархалтайгаар ярихад нь энэ олон брэндийг нэгэн зэрэг удирдаж, амжилттай залахад авьяас чадвар, чамгүй ур ухаанаас гадна түшиг тулгуур болох амьдралын найдвартай хань хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон юм. Цаашлаад бүр бүхнийг тэгээс эхэлж, өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр амьдралаа босгосон залуу гэр бүлийн түүхийг сонсож суухдаа би хүний хувь заяа өөрийнх нь гарт оршдогийг бас Монголын маань ирээдүй хангалттай гэгээлэг байгааг дотроо онцлон өөдрөг бодлуудаар цэнэглэгдсэнээ энд заавал тэмдэглэн үлдээе.
"Бүхнийг тэгээс эхэлж, өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр амьдралаа босгосон залуу гэр бүлийн түүхийг сонсож суухдаа би хүний хувь заяа өөрийнх нь гарт оршдогийг бас Монголын маань ирээдүй хангалттай гэгээлэг байгааг дотроо онцлон өөдрөг бодлуудаар цэнэглэгдсэнээ энд заавал тэмдэглэн үлдээе"
Амазонкагийн хувь хүн болоод карьерынх нь замналыг ойлгохын тулд заавал хүүхэд насанд нь очих хэрэгтэй. Гурван охин, нэг хүүтэй айлын отгон хүүхэд болон мэндэлсэн тэрээр нэлээн зожигдуу, бие даасан зан авиртай байсан бөгөөд гэрийнхэн нь ажил, сургуульдаа явсан хойгуур ихэвчлэн гэртээ ганцаараа эсвэл гадаа байж байдаг, өөрөөр хэлбэл дийлэнх миллениалуудын адилаар өөрөө л өсчихсөн гэнэ. Багадаа тэрээр дуучин болно гэж мөрөөддөг, үүнийгээ ч биелүүлэх өгөгдөл нь байсан боловч гэрийнхэн нь урлагийн хүн болохыг нь хүлээн зөвшөөрсөнгүй. Сэтгэл гонсойсон ч өөр ямар мэргэжил сонгож болох тухайгаа сайтар бодож, өөртэйгөө их л ярилцcаны эцэст хүүхэд насныхаа нэгэн дурсамжийг санан хэн болохоо эргэж буцалтгүй шийджээ. “Бага байхад ээж Үйлдвэр комбинатад байдаг нэгэн савхины үйлдвэрээс савхины өөдөс түүгээд, түүгээрээ зүүмэл цүнх, сандлын дэвсгэр оёж хийдэг байсан юм. Би ээжтэй хамт явахдаа гоё гоё өнгийн арьс аваад л барбиндаа хувцас хийнэ. Бусад хүүхдүүдтэй харьцуулахад миний барби хамгийн гоё нь байдаг байлаа” хэмээн гэгээхэн дурсамжаасаа хуваалцах тэрээр энэ цаг мөчид ур дүйтэй гэдгээ мэдэж, гараараа ямар нэг зүйл хийж бүтээдэг хүн болмоор байгаагаа ойлгожээ. Ингээд дизайнер болохыг хүссэн ч бас л төлөвлөснөөр нь болсонгүй. Эгч нь урьтаад дизайнер болчихсон учраас аав ээж нь “Нэг гэр бүлд хоёр дизайнер байх хэрэггүй, гадагшаа явж сур” гэх мэтээр зөвлөж улмаар эцэг эхийнхээ ятгалгаар арван жилээ төгсөөд Хүмүүнлэгийн их сургуульд герман хэлний орчуулагчаар элсчхэв. Гэвч дургүйд хүчгүй гэгчээр шинэхэн оюутан ердөө жил хагас сураад л сургуулиа хаясанд хэн ч гайхаагүй биз ээ. Тухайн үеэ эргэн дурсахдаа “Цаг хугацаагаа дэмий өнгөрөөгөөд байгаа юм шиг санагдаад дур мэдэж сургуулиа хаяж, ёстой л сэтгэлийн дуудлагаараа дизайны сургуульд орчихсон” хэмээн өгүүлсэн юм.

Хэдийгээр Амазонкагийн эцэг эх нь мөрөөдлийнх нь мэргэжлийг анхандаа дэмжээгүй ч амьдралд нь эргээд хэрэг болох өөр нэгэн чухал зүйлийг сургажээ. Тэр нь баргийн хүнд байхааргүй тууштай, шазруун зан байв. “Би ер нь зогсох, өнгөрсөнтэйгөө, алдаатайгаа зууралдах дургүй. Нэг өдөр бүхнийг хаямаар санагдаж байсан ч маргааш нь зүгээр л ажлаа хийгээд явчихдаг. Яах аргагүй ажилдаа дуртай болохоор ямар ч асуудал байсан даваад л гардаг. Юу ч болж байсан урагш алхдаг” гэв. Аливаа брэнд гарааны үедээ бишгүй олон бэрхшээлтэй тулгардаг бичигдээгүй дүрэмтэй загварын салбарын ширүүхэн тулаанд түүний энэ зан чанар “амьд үлдэх” тулгуур, “тунаж үлдэх” түлхэц нь болсон нь гарцаагүй. Тэрээр цааш үргэлжлүүлэн “Брэндээ анх үүсгэн байгуулж байхдаа олон янзын саадтай учирч байсан ч аль болох шийдэл талаас нь харсан тул одоо бодоход нэг их хэцүү зүйл байгаагүй юм шиг л санагддаг. Болгоё, бүтээе гэвэл бүх зүйл болдог шүү дээ” гэх ярианаас нь эцэг эхийнх нь өвлүүлсэн өөдрөг үзэл, тууштай зан чанар ханхлахын сацуу хүн хүсэл зорилго, хүмүүжлийнхээ ачаар ямар их амжилтад хүрдгийг харж болохоор ажээ.
Ерөөс амжилт бүтээлээ чангахан тунхагласан нь илүү үнэлэгддэг өнөө цагт хийсэн бүтээсэн зүйл нь өмнөөс нь дуугарч, хөдөлмөрөөрөө өөрийгөө чимээгүйхэн батлаад явж буй хүнтэй учирна гэдэг өдрийн од шиг ховордсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Дөнгөж л арваадхан жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Michel & Amazonka брэнд өнөөдөр 50 хүний бүрэлдэхүүнтэй, таван тусдаа брэндтэй, өөрсдийн гэсэн үйлдвэртэй загварын өнөр өтгөн айл болон хувирсан нь хөдөлмөрлөхгүйгээр хормын зуур бий болдог амжилт үгүйг батлах мэт. Энэ хүртэлх амжилт бүтээлийнхээ төлөө тэд бүтэн багаараа зорилго нэгтэйгээр шаргуу ажилладаг болохоо ахин дахин онцолсон юм. “Би чинь их чадварлаг захирал эгчтэй. Эгч маань хүний нөөц, гэрээ контрактыг хариуцдаг учраас надад зөвхөн загвараа бодох л ажил үлдэж байгаа юм. Бас их мундаг менежер, ахлахуудтай. Манайхан бүгд хийж байгаа зүйлдээ их утга учиртай ханддаг. Би ч мөн ажлынхнаасаа маш их зүйл суралцдаг. Аль болох бие биеэ ойлгоод зорилгынхоо төлөө хамтдаа ажлаа хийгээд үр дүнг нь мэдрээд явах нь амьдралын бас нэг амт” хэмээн ганцаараа биш чадварлаг баг хамт олныхоо тусламжтайгаар мөрөөдлөө биелүүлж яваагаа тодотголоо.

"Дизайнерын хувиар би зэгзийсэн өндөр, туранхай модельд дуртай. Ийм төрлийн моделиуд миний бүтээлүүдийг илүү тод хүргэж чаддаг юм шиг санагддаг. Plus size моделиудыг үгүйсгэдэггүй ч хүн эрүүл гоё байх хэрэгтэй гэж боддог. Загвар бол хүмүүст гоо сайхан зүйлийг хүргэх учиртай"
Мэдээж хэрэг брэндээ хөгжүүлэх зам үргэлж дардан байгаагүй бөгөөд энэ явцдаа хүссэн загвараа амилуулахын тулд заавал өөрсдийн гэсэн үйлдвэртэй болохгүй бол горьгүй гэдгийг тэд ойлгожээ. “Монголд чанарын түвшинд сэтгэлд нийцэх үйлдвэр ховор байсан. Тиймээс өөрсдөө хажуудаа үйлдвэрээ босгоод шинэ хүмүүс эхнээс нь сургаад авах нь илүү чанартай санагдсан учраас хоёр орчим жилийн өмнөөс үйлдвэртэй болохоор шийдсэн” хэмээн тэрээр ярилаа. Одоо энэхүү үйлдвэртээ тэд үндсэн брэндүүдийнхээ бүтээлүүдийг амилуулахаас гадна МИАТ, МУИС гэхчлэн бусад байгууллагуудын дүрэмт хувцаснуудыг захиалгаар хийж, бүр Олимпын наадамд оролцох монгол тамирчдын өмсгөлүүдийг хүртэл урлаж байна. Хэрвээ та санаж байвал 2020 оны Токиогийн Олимпын наадамд оролцсон монгол тамирчдын өмсгөлийг Michel & Amazonka урласнаар шалгуур өндөртэй нутаг нэгтнүүдийнхээ сэтгэлд сая нэг хүрч магтаалын үгсийг харамгүй сонссон. Тухайн үед улсаа төлөөлж буй тамирчдынхаа гангарааг зурагтаар хараад бахархаад барахгүй байснаа санан, энэхүү эрхэм ажлыг зөвхөн Michel & Amazonka л хийж чадах байсан хэмээн бодлогоширсон хүний тоо зөвхөн надаар хязгаарлагдаагүй байх. Угаас дэлхийн тавцанд өөрсдийнхөө бүтээлийг толилуулна гэдэг бахархах зүйл ихтэй ч бас асар өндөр хариуцлага дагуулах нь гарцаагүй. “Анх бид Олимпын хувцсыг хийх эрх аваад маш их зүйлд суралцсан. Нэг зуу гаруй тамирчны хувцсыг хийсэн учраас их ачаалалтай ажилласны сацуу олон хүний шүүмжийг ч давхар хүлээж авсан. Одоо бол харин бид илүү туршлагатай болчихсон гэж харж байна” хэмээн өөдрөгөөр ярих тэрээр энэ жил Парисын зуны Олимпод оролцох тамирчдын хувцсыг дахин урлахаар болсноо мөн яг одоо ажилдаа шамдан орсноо дурдсан юм. Түүнээс шинэ загвар бүтээх ажлын үйл явцын талаар сонирхтол “Шинэ загвар маш гоё болсон учраас их догдолж байна. Эскиз гарчихсан, яг одоогоор эхний загвар бүтээх дээрээ явж байгаа буюу загвараа босгож байна. Хэрвээ ‘Ок’ болчихвол үйлдвэрлэлээ эхэлнэ” хэмээгээд ерөнхийдөө олон улсад эх орноо төлөөлөөд очсон тамирчид Michel & Amazonka өмссөн байхыг харах маш бахархалтай санагддагаас гадна брэндийн хувьд ч мөн Олимпын хувцсыг хийснээр их олон хүнд хүрснийг онцлон тэмдэглэсэн юм.

Одоогоос яг хоёр жилийн өмнө Velin сэтгүүлийн анхны дугаарт өгсөн ярилцлагадаа тэрээр охин брэндүүд буюу “line”-уудыг гаргахаар зэхэж буйгаа дурдаж байсныг уншигчид маань маш сайн мэдэх учиртай. Тухайн үед зорилго төдий байсан энэ ажил нь эрчээ авч одоо тэрээр үндсэн Michel & Amazonka брэндээ хөгжүүлэхийн зэрэгцээ ноолууран болон сүлжмэл загваруудаар дагнасан Michel & Amazonka Cashmere & Wool, хүүхдийн хувцасны Mishka Zonka, мөн залууст зориулсан basic загваруудаас бүрдэх MA Studio, үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягт оруулсан Deel гэсэн хэд хэдэн шинэ line-г хариуцан тун чиг завгүй ажиллаж явна. Ингэж брэндүүдээ тусад нь гаргаснаар илүү цэгцтэй болохоос гадна өөрсдийн гэсэн онцлог хэв маягаа улам бүр тодотгоно гэдэгт тэрээр итгэж байна. “Цаашид бид line-уудаа бие даан хөгжүүлж, илүү чанартай болгох, зөвхөн Монголд гэлтгүй гаднын зах зээлийг чиглэх зорилготой. Гэхдээ хамгийн гол нь зүгээр л аз жаргалтайгаар урдах ажлаа сайн хийхэд бусад зүйлс аяндаа болно доо” гэж ажлын үйл явц, ирээдүйн зорилгоосоо хуваалцлаа.
Бүтээлч ажил хийдэг хүмүүсийг анхааралтай сонжвол их сонин содон дүгнэлтүүдэд хүрч болдог шиг Амазонкаг ч мөн ажвал бодолд нь маш олон янзын шинэ санаанууд үргэлж эргэлдэж, дотроос нь гайхамшиг солонгорч байдаг калейдоскоп лугаа адил аж. Орой унтахдаа, өглөө эрт аль эсвэл зүүдэндээ гээд хаана ч, хэзээ ч гэнэтхэн л шинэ санаа түүнд төрдөг. Яг л суут эрдэмтэн Дмитрий Менделеев үелэх системийнхээ бүтцийг зүүдэндээ харсан шиг авьяаслаг дизайнер маань ч заримдаа цоо шинэ загвараа зүүдэндээ маш тод харчихдаг гэнэ. Энэ тохиолдолд тэрээр биедээ үргэлж жижиг дэвтэр ойр байлгаж, шинэ санаа төрмөгц тэр дор нь буулгаад авдаг байна. Тэрхүү санаануудаас нь урган гарсан чимхлүүр деталь, романтик уур амьсгал, эмэгтэйлэг силуэтээр баялаг Michel & Amazonka-гийн сэтгэл татам загваруудад ч бид нүдээ унагаад удаж буй. Ингэхдээ мөн үе үе үндэсний, хатдын, шашны сэдэвтэй үзэсгэлэн төгөлдөр бүтээлүүд үзэгдэж нүд болоод сэтгэл баясгах нь бий. Энэ бүх гоо үзэсгэлэнг бүтээх урам зоригоо харин тэрээр их олон зүйлээс авдаг гэнэ. “Би дэлхийд болж буй үйл явдлууд, орчин тойрон гэхчлэн маш олон зүйлсээс санаа авч, 24/7 судалгаа хийдэг. Дизайнер хүнд аливаа юмсыг харах өнцөг байх ёстой гэж боддог. Учир нь юунаас ч шинэ санаа төрж болно шүү дээ. Бас бид монгол дизайнер учраас монгол хэв маяг, ондоошлоо гээж болохгүй гэдэгт итгэдэг. Харин энэхүү үндэсний хэв маягаа орчин үе рүү хэрхэн буулгаж болох вэ гэж үргэлж анхаардаг” хэмээн ярихад нь контемпорари загвартай атлаа үндэсний хэв маягаа хадгалсан гоёмсог бүтээлүүд нь төсөөлөгдөж, урласан хүнийх нь соёл уламжлалаа эрхэмлэх сэтгэл нь мэдрэгдэж байлаа.
Бидний яриа аажмаар ажил амьдралын тэнцвэр лүү чиглэж ажлаас бусдыг умартвал өөрийгөө алдахад хүрнэ гэдэгтэй тэрээр надтай санал нэгдлээ. “Надад нэг зарчим бий. Бүх юм тэнцвэртэй байх хэрэгтэй (“balance” гэсэн шивээсээ харуулав. редакцын тэмдэглэл). Жишээ нь ажлын цагтаа яс юмаа хийчхээд гэртээ хариад гэр бүлдээ цагаа зарцуулах хэрэгтэй. Дээрээс нь хүн хоббиндоо цаг зарцуулах ёстой юм билээ. Хөгжим бол миний хобби” гэх тал талын авьяастай тэрээр үүнийхээ төлөө бас нэгэн сонирхолтой зүйл туршсан нь DJ сургалт байв. “DJ хийнэ гэдэг амар ажил биш юм байна лээ. Цаг хугацаа шаардана, их юм сонсоно. Тэр олон хөгжмөөс өөрт таалагдсан beat-г олоод хүмүүсийг хөгжөөнө гэдэг хүн бүрийн хийдэг зүйл биш байх. Миний хувьд зүгээр л сурчихсан байхад илүүдэхгүй гэж бодсон. Ер нь DJ гэхээсээ илүүтэй хамтлагтайгаа дуулах, дуу зохиохыг илүү сонирхож байгаа” гэв. Мэдэх нэг нь мэднэ гэдэгчлэн түүний харьяалагддаг Starfish хамтлаг бол час хийсэн цөөн хэдэн дуутай ч бараг культ болсон статусаа олон жилийн турш хадгалж буй Монголын ховорхон хамтлагуудын нэг. Амазонка анх хамтлагтай болох, дуулах мөрөөдөлдөө хөтлөгдөн сонирхол нэгт хүмүүстэй нэгдээд Starfish-ийг 2006 онд байгуулалцаж байжээ. Сонирхолтой нь тэр тайзан дээр гарахаараа амьдрал дээр байгаагаасаа тэс өөр хүн болчихдог гэнэ. Дуулахдаа өөрийн гэсэн ертөнц дотроо орчихсон байхыг нь өнгөрсөн жилийн Playtime-ын тайзнаа тоглоход нь үзэж, яг л урлагийн тэнгэр гэнэтхэн ивээв үү гэлтэй хувьсаж байхыг нь харан зогссон хүний хувьд үүнийг нь ч гэрчилнэ. Санаснаа заавал биелүүлдэг, шаргуу зантай тэрээр одоо дуулахын зэрэгцээ давхар гитар тоглож сурч байгаа гэнэ. “Тайзан дээр гарах мэдрэмж юутай ч зүйрлэшгүй гоё болохоор хөгжмөө хэзээ ч орхиж болохгүй, заавал үүндээ цаг гаргах ёстой гэж боддог. Гитараа чөлөөтэй тоглож сураад хөгжим зохиох сонирхолтой байгаа. Цаг гаргаад хичээвэл чадна гэдгээ мэдэж байна”. Түүнчлэн Starfish хамтлагаараа тун удахгүй сонсогчидтойгоо шинэхэн бүтээлүүдээр уулзахыг ч мөн амлалаа. “Бид Playtime-д орох гээд сарын турш бэлдэх явцдаа хоёр шинэ дуу хийсэн. Already Gone, Daruma гэдэг энэ хоёр дуугаа бичүүлж байгаа. Дууны үг дээр би өөрөө ажилладаг болохоор жаахан цаг орж байна” гэж сонсогчдодоо ч бас сайхан мэдээ дуулгасан юм.
Хэрэв түүний хувь хүнийх нь зан чанарыг тодорхойлбол төгс төгөлдөр лүү тэмүүлэгч гэвэл зохилтой. Ямарваа нэг зүйлийг үргэлж төгс хийхийг эрмэлздэг тэрээр өөртөө ч бас өндөр шаардлага тавьдаг нэгэн. “Эмэгтэй хүн төрснийхөө дараа бие болоод сэтгэлээ эргээд сэргээхийн тулд дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох зэргээр амьдралын хэв маягаа өөрчилж, ер нь л маш их хөдөлмөр, цаг хугацааг зарцуулдаг. Би энэ төрөлтийн дараа өөртөө анхаарч яг өөрийн хүсдэг эмэгтэй хүнээ бий болгоно доо. Тэгээд өөрийнхөө урласан гоё гоё хувцаснуудаа өмсөөд reel хийнэ гэж боддог” хэмээн эмэгтэй хүн ажил, гэр бүл гээд бүхнийг амжуулахын зэрэгцээ хэзээд өөрийгөө хайрлаж, үргэлж өөртөө анхаарал тавьж байх хэрэгтэйг сануулав. Харин амралтаа хэрхэн зохицуулж байгаа тухайд “Би ер нь ажлаа хийж амардаг. Зүгээр хэвтээд байхаар ерөөсөө амарсан болдоггүй. Гэр орон, ажил гээд бүх зүйлсээ цэгцэлчхээд, чөлөөт цаг гарахаар дуртай киногоо үзэж, хөгжмөө тоглож, зураг зурдаг. Хөгжим ер нь бодол санаа цэгцэлнэ, сэтгэлзүйг эдгээнэ, уйтгар гунигт автуулна, аз жаргалтай болгоно. Гоё шүү дээ” гэв. Бүр хааяа нэг кино үздэг тэрээр Квентин Тарантино, Уэс Андерсон нарын бүтээлд, япон кинонд нугасгүй ч хуучны Холливүүдийн, тэр дундаа “Алтан үеийн” кинонууд сэтгэлийг нь бүрэн эзэмджээ. “Жинхэнэ гоо үзэсгэлэн тэр үед л байсан байх” хэмээн бишрэх Амазонка хэзээ ч хуучиршгүй мөнхийн сонгодог эдгээр бүтээлүүдэд дүрслэгдсэн эмэгтэйлэг дүр төрхөөс санаа авч, загварууддаа ч бас тусгадаг болохоо дурдсан юм. Ерөөс түүний гоо зүй бүхэлдээ үзэсгэлэн төгөлдөр бөгөөд өөрөө ч перфекционист нэгэн гэдэг нь урласан загваруудынх нь нарийн деталь, оёдол, эсгүүрээс авхуулаад моделийн сонголтоос нь хүртэл мэдрэгддэг. “Дизайнерын хувиар би зэгзийсэн өндөр, туранхай модельд дуртай. Ийм төрлийн моделиуд миний бүтээлүүдийг илүү тод хүргэж чаддаг юм шиг санагддаг. Plus size моделиудыг үгүйсгэдэггүй ч хүн эрүүл гоё байх хэрэгтэй гэж боддог. Загвар бол хүмүүст гоо сайхан зүйлийг хүргэх учиртай” гэж орчин үеийн загварын ертөнцийн гоо сайхны стандартын тухайд өөрийн баримталдаг зарчмаас цухас дурдлаа.
"Би яг өөрийнхөө хүссэн мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна. Яг одоогоороо, тухайн цаг мөчдөө байх дуртай"
Харин хувцас загварын хувьд хэрэглээний бус, хэт авангард зүйлсэд төдийлөн сонирхолтой биш аж. Аливаа загвар хэрэглээ болж, сэтгэл ханамж өгөх нь чухал гэж тэрээр боддог бөгөөд эс бөгөөс дэлхий дээр хог болоод үлдэнэ гэж бодохоор хүч хөдөлмөр, материалын хувьд хайран санагддаг гэлээ. “Хувцас чанартай байх ёстой. Манай ээжийн нэг Европ брэндийн цув байдаг юм. Дээр үед 600 төгрөгөөр авч байсан гэсэн. Одоо болтол надад байдаг. Манай загварууд яг үүн шиг л эдэлгээтэй, олон жилийн настай байгаасай гэж би хүсдэг. Нэг хувцсаа ганцхан өмсөөд далд хийх нь хайран шүү дээ. Тийм ч учраас бид шинэ жил, цагаан сар гэлтгүй дараа нь олон янзын хувцастай хослуулаад өмсөх боломжтой загварууд урладаг” хэмээн дан ганц хийсвэр санаа, үзэмж хөөхгүйгээр чанар хийгээд эдэлгээг чухалчилдгаа онцолсон юм. Урласан бүтээлүүдийнхээ тухай ийнхүү урам зоригтой ярих тэрээр хэдий загвараар дагнаад арван жилийг үдсэн ч дөнгөж одоо л өөрийгөө дизайнер болох гэж байгаа хэмээн тодорхойлж байна. Утгыг нь лавшруулбал “Насны хувьд яг 40 нас хүрээд л сая дизайнер болно гэж бодож байна. Би өөрийгөө үргэлж болоогүй гэж бодон байнга хурцалж, дандаа “өлсгөлөн” байдаг. Залуу сэтгэлгээтэй, нээлттэй байхад энэ ажлаа 50, 60 гарсан ч хийсээр байх болно. Одоо маш олон зүйл хийж байгаа ч яг ид үе маань эхлээгүй гэж бодож байна” хэмээн даруухнаар ярихын сацуу шинэ коллекци урлах үйл явц нь түүнд маш их аз жаргал мэдрүүлдгийг дурдаад бүтээлээ урлахдаа үргэлж дурлаж хийдгээ давхар онцолсон юм. Магадгүй энэ л хандлага нь Michel & Amazonka брэндийн амжилтын бас нэг нууц юм болов уу.

Аз жаргалтай төгсгөлд итгэдэг бичээч би энэхүү ярилцлагаа ч мөн аз жаргалын тухай яриагаар өндөрлөхийг эрмэлзлээ. Амазонкагийн хувьд аз жаргал их энгийн. “Гэр бүл, хамт олон, мэргэжил, хобби маань миний аз жаргал. Би яг өөрийнхөө хүссэн мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна. Яг одоогоороо, тухайн цаг мөчдөө байх дуртай. Би мөн бодлын хүчид итгэдэг. Жаахан байхдаа яг хүссэн зүйлээ бодитоор болж байгаа мэтээр мөрөөддөг байсан. Дуучин болох юм сан гэж мөрөөддөг байсан чинь нэг л мэдэхэд хамтлагтай болчихсон тайзан дээр гарсан. Нэг дизайнерын тухай кино үзчихээд брэндтэй, үйлдвэртэй болох юм сан гээд л мөрөөдөж байтал бас л биелсэн. Мөрөөдөл хоёр биелдэг гэдэг дээ. Нэг нь бодол дотор, нөгөөх нь амьдрал дээр. Харин одоо бол илүү сайжирч, шат ахих тухай мөрөөдөж байна. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй учраас хязгааргүй мөрөөд! Гэхдээ бодитоор төсөөлж, мөрөөдсөнийхөө дараа хамгийн гол нь хийх нь чухал. Мөрөөдөөд л хэвтээд байвал бүтэхгүй” хэмээн зөвлөх хөдөлмөрч, авьяаслаг энэ эмэгтэйн ярианаас угтаа бол амьдрал гэдэг хөлгүй далайд хүн өөрийн чаддаг, хамгийн гол нь сэтгэл зүрхээ зориулсан зүйлээ хийгээд мөрөөдлөө бүтээж, тааваараа тайван сайхан амьдарна гэдэг л жинхэнэ аз жаргал юм байна гэдгийг ойлгож, өөдрөг уур амьсгалаар ярилцлагаа зангидан элдэв зүйлсийг эргэцүүлсээр ажлын зүг мордлоо.