Rolls-Royce ирээдүйн машиныг танилцууллаа
Жолоочийн оронд хиймэл оюун ухаан
Rolls-Royce VisionNext 100-103EX загвар дээр Жайлс Тэйлороор ахлуулсан дизайны баг ажиллажээ. "Ирээдүйд Rolls-Royce-ын эзэмшигчид улсын тэргүүн, дэлхийн удирдагчид, бизнес эрхлэгчид, супер одууд гээд одоогийнх шиг нөлөө бүхий хүмүүс байх болно. Тэдний нэр алдар, байр сууринаас шалтгаалан амьдрал нь дэлхийн хэмжээний үйл явдал, уулзалтуудаар дүүрэн байна. Тиймээс миний бодлоор Rolls-Royce VisionNext 100 энэ хүмүүсийн амьдралд чухал байр суурь эзлэх байх. Тэднийг олон нийтийн өмнө гарч ирэхийн өмнө энэхүү машин нь замын турш тав тухтай байдлаар хангаж, жинхэнэ тансаг байдлыг мэдрэн, ганцаараа байх боломж олгоно" хэмээн Тэйлор нээлтийн үеэр хэлжээ.
Ирээдүйн Rolls-Royce нь одоо танилцуулж буй загвараар дөрөө болон жолооны хүрдгүй, өөрийгөө бүрэн удирддаг автомашин байх юм. 103EX загварын жолооч болон хувийн туслах нь "Spirit of Ecstasy" (Машины хамар дээр орших чимэглэл) болон үлдэх нь байна.
Энэхүү автомашин нь Rolls-Royce-ын орчин үеийн загваруудтай ижил хэмжээтэй буюу уртаараа 5,9 м бөгөөд 1,6 м өндөртэй гарна. Харин 103EX загварын дотоод заслыг гар аргаар хийсэн хар модон хавтангаар чимэглэжээ. Мөн жирийн суудлуудын оронд торгон бүрээстэй тансаг буйдан суурилуулж өгчээ. Машины бүхээгний урд хэсэгт OLED дэлгэцийг байршуулсан ба энэхүү дэлгэц нь унтрах үедээ тунгалаг болдог гэнэ. Энэхүү автомашинд нэг л хаалга бий ба машины хаалга нээгдэхэд шилэн дээвэр нь зэрэг нээгдэх болно.
Хүмүүс энэхүү Rolls-Royce-ын ирээдүйн машинтай ирэх намар "Paris Motor Show" авто үзэсгэлэн дээр танилцах боломжтой. Эцэст нь хэлэхэд тус компаний төлөөлөгчид энэхүү автомашиныг 2040 оноос үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байгаа юм байна.