Шинэ Rolls-Royce Dawn
Чимээгүй онгойдог дээвэртэй
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэдэг Rolls-Royce компани анх 2015 оны Франкфуртын автомашины үзэсгэлэн дээр Rolls-Royce Dawn нэртэй загвараа танилцуулсан билээ. Энэхүү дөрвөн хүний суудалтай, дээвэр нь онгойгддог машин нь орчин үеийн технологи болон чамин тансаг байдлыг дээд зэргээр мэдрүүлэхээр бүтээгджээ.
Техникийн үзүүлэлтийн хувьд Rolls-Royce Dawn нь 6,6 литрийн багтаамжтай V12 хос турбо хөдөлгүүртэй бөгөөд 563 морины хүчтэй. Тиймээс тэр 4,9 секундэд 100 км цагийн хурд авах чадвартай ба дээд хурд нь 250 км/цаг хүрнэ. Энэхүү тансаг хүлэг нь 2560 кг жинтэй бөгөөд 100 км зам туулахад 14,2 л бензин зарцуулах гэнэ.
Rolls-Royce Dawn-ы дотоод засалд хамгийн сайн чанарын арьсан бүрээс хийсэн ба илүү их зайтай, дөрвөн хүн чөлөөтэй зэрэгцэн сууж явах боломжтой гэх зэргээр тав тухыг бүхий л талаар хангаж өгчээ. Гэхдээ энэхүү загварын хамгийн их анхаарал татсан зүйл бол дээвэр юм. Дээвэр нь онгойдог ихэнх машинууд маш их дуу чимээтэй байдаг. Тэгвэл Rolls-Royce Dawn загварт ийм зүйл тохиолдохгүй. Машины дээвэр нээгдэж, хаагдахдаа ямар нэг шуугиан гаргахгүй аж. Түүнчлэн, машины бүхээгт хөдөлгүүрийн эсвэл салхины дуу чимээ сонсогдохгүй тул хөвж яваа мэт маш тав тухтай явах болно.
Энэхүү тансаг зэрэглэлийн хүлэг нь 340,000 долларын үнэтэйгээр худалдаанд гарчээ.