Притцкерийн шагналыг олонд танигдаагүй гурван испани архитектор хүртлээ
Архитектурын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал
Притцкерийн 2017 оны шагналыг каталонийн RCR Arquitectes компанийн гурван архитектор хүртлээ.
Энэ нь өмнөхөөсөө эрс өөр шийдвэр байсан гэж хэлж болно. Учир нь шүүгчид энэхүү архитектурын салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг өмнө нь ихэвчлэн дуурийн театр, концепци галерей зэрэг алдартай барилгуудыг бүтээж, олон нийтэд танигдсан, "од" архитекторуудад өгдөг байсан юм. Тэгвэл Рафаэль Аранда, Карме Пигем, Рамон Вилалта нарын урын санд ийм хэмжээний бүтээлүүд байхгүй. Испанийн зүүн хойд нутгаас гаралтай архитекторууд өөрсдийн амьдардаг газарт зориулж бүтээлээ хийдэг онцлогтой.
Аранда, Пигем, Вилалта нар RCR Arquitectes компанийг 1988 онд Испанийн Олот гэдэг хотод үүсгэн байгуулжээ. Энэ хугацаанд архитекторууд өөрсдийн ажилладаг хүрээндээ маш олон төслийг хэрэгжүүлсэн юм. Тэдний архитектурын бүтээлүүд орон нутгийн байгальтай гайхалтай зохицдог бөгөөд ашиглаж буй материалаа маш анхааралтай хандаж сонгосны үр дүнд гэрэл, сүүдэр, үндэс суурь ба хөнгөн байдлаар "тоглож" чаддаг байна.
"Материалын зөв сонголт тухайн барилгад хүч чадал болон энгийн байдлыг нэмдэг гэдгийг тэд харуулж байна. Эдгээр уран бүтээлчид архитектурыг яруу найргийн түвшинд аваачиж, цаг хугацаанд захирагддаггүй төслүүдийг бүтээсэн. Тэдний барилгууд нэгэн зэрэг өнгөрсөнд хүндлэл үзүүлж, одоо цагийн тусгал болж, ирээдүй рүү харж байгаа юм" гэж австралийн архитектор, Притцкерийн шагналын шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүн Гленн Меркатт ярьжээ.
Мөн Притцкерийн шагналт архитекторуудын бусад бүтээлүүдээс дурдвал "El Petit Comte" хүүхдийн цэцэрлэг, Жирона хотоос холгүй орших "Bell-Lloc" дарсны үйлдвэр, Риполь дахь "La Lira" театрын олон нийтийн талбай, "La Cuisine" урлагийн төв, Францын Негрепелис ба Родэ хотуудад байрлах "Soulages" музейн барилгуудыг онцолж болно.