Цэцэрлэгжүүлэлт дэлхийг аварна: IKEA брэндийн ээлжит эко төсөл
Хүн бүхэн цэцэрлэгжүүлэлт хийх боломжтой
Дэлхийн хамгийн том цэцгийн шоуны нэг болох Челси Цэцгийн Шоу ирэх долоо хоногт тохиох гэж байна. Энэхүү шоунд технологи, дизайны алдарт брэндүүд цэцэрлэгжүүлэлтийн дизайн болон шинээр гарсан технологи, багаж хэрэгсэл, чимэглэлүүдийг танилцуулдаг байгаа.
Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан IKEA брэнд алдарт дизайнер Том Диксонтой хамтран "Gardening will save the world" хэмээх дотоод орчны цэцэрлэгжүүлэлтийн төслөө танилцууллаа. Тэд уг төслөөр дамжуулан орчин үеийн технологи болон цэцэрлэгийн аж ахуйг хослуулснаар хотын нөхцөлд хэрхэн эко орчин бүрдүүлэх, эмийн ургамал, хүнсний ногоог тарих цаашлаад хүнсний хог хаягдлыг багасгах боломжтойг харуулахыг зорьжээ. Хоёр хэсэгт хуваагдах павильоны эхний хэсгийг ширэнгэн ойн ургамлуудыг тарьж ургуулан ойд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр тохижуулсан бол хоёр дахь хэсэгт хүнсний ногоог тасалгааны нөхцөлд хялбар аргаар ургуулсан байлаа.
"Байгаль дэлхий асар хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед цэцэрлэгжүүлэлт бол бидэнд байгаа хамгийн том давуу тал. Хэдий бид мэргэжлийн цэцэрлэгчид биш ч техникийн дэвшил, мэдлэгийн тусламжтайгаар хүн бүхэн цэцэрлэгжүүлэлт хийх боломжтойг харуулахыг зорилоо" хэмээн дизайнер Том Диксон төслийн тухай тайлбарласан юм.