2022 оны интерьерийн хамгийн том трендүүд
Тав тухтай хэв маяг 2022 онд ч зонхилно
Интерьер дизайнерууд хэрэглэгчдийн тав тухтай байдлыг чухалчилдаг хандлага нь 2022 онд ч гэсэн үргэлжлэх төлөвтэй байна. “Хэрэглэгчид дулаан мэдрэмж төрүүлсэн, сэтгэл зүйг нь тогтвортой байлгах дизайныг мэргэжилтнүүдээс шаардаж байгаа нь одоо ч, ирээдүйд ч хэвээр байх болно” хэмээн Лос Анжелес хотын Maison Trouvaille интерьер дизайны компанийн үүсгэн байгуулагч Эрик Гарсиа онцолжээ. Мөн гэрийг зөвхөн хооллож, унтаж, толгой хорогдох газар гэх явцуу утгаар ойлгохоо больж, энэ нь мөн таны ажлын байр нь, спорт заал, хичээлийн танхим зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй орон зай болдгийг санах хэрэгтэй. Тиймдээ ч хүмүүс гэрийнхээ бүхий л булан, тохойг зөвхөн сайхан тохижуулахаас гадна амьдралд хэрэгцээтэй байлгахыг хүсдэг болсон юм. Энэхүү хэрэгцээн дээр тулгуурлан гэр ахуйн цахилгаан барааны компаниуд ч хүртэл бүтээгдэхүүнийхээ дизайн дээр онцгой ач холбогдол өгдөг болжээ.
Байгалийн элементүүд
“Урьд урьдынхаасаа илүү гэртээ цагийг өнгөрөөдөг болсон энэ үед хүмүүсийн байгальтай холбогдох хүсэл нь ундарсаар байна. Тиймээс бид энэ жил чулуу, шавар, мод зэрэг материалуудыг түлхүү ашиглаж зочны өрөөний тавилгаас эхлэн ариун цэврийн өрөөгөө эдгээр материалуудаар тохижуулна. Мөн аварга том хар чидун модноос эхлэн Өмнөдийн замбагат модыг декор болгон ашиглана. Миний хувьд гэрт байрлах зэрлэг, төгс бус элементүүд нь орчныг сүнслэг, амьд болгодог нь таалагддаг” хэмээн Roman and Williams интерьер дизайны компанийн үүсгэн байгуулагч Робин Стэндфер хэлжээ.
Бор өнгөний төрөл бүрийн туяанууд
Саяхныг хүртэл интерьерийн салбарт олон өнгөний зохицол, хээ болон пастель өнгөнүүд давамгайлж байсан бол энэ жил хүмүүсийн сонирхол илүү шороон бор, шоколадны гүн бор болон карамель өнгө дээр төвлөрөх болно. 1980, 90-ээд онд тус өнгийг дийлэнхдээ улбар шар тавилга, декоруудтай хослуулдаг байжээ. Харин 2022 онд бор өнгийг илүү гүн саармаг өнгөнүүдтэй зохицуулж, баялаг интерьерийг бүтээхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Долгиотсон хүрээ
2021 оны хамгийн том трендүүдийн нэг болох долгиотсон хүрээтэй тавилга, декорууд энэ жилийн жагсаалтад ч мөн багтжээ. Энэхүү загвар нь минимализм болон максимализмын алтан дундаж хэмээн тодорхойлогддог бөгөөд хэт цулгуй, уйтгартай эсвэл эсрэгээрээ хэт хүнд өнгөтэй, этгээд загваруудад сонирхолгүй хүмүүст гарцаагүй таалагдана.
Венец хэв маягтай гипсэн хана
2022 оны интерьерийн гол чиг хандлагуудын нэг бол эртний хэв маягтай хана юм. Хэрэв та Ким Кардашьян болон Йе нарын гэрийг дотроос нь харсан бол тэдний ханын дизайн Венецийн гипсэн хэв маягтай билээ. “Энэхүү төгс бус, бага зэрэг өө сэвтэй эффект нь байгалийн, зэрлэг мэдрэмжийг төрүүлдэг. Мөн тус хэв маяг нь холоос харахад энгийн атлаа ойртоод үзэхэд маш нарийн, төвөгтэй гадаргуутай байдаг нь надад маш их таалагддаг” хэмээн Ким, Йе хоёрын ханыг урласан интерьер дизайнер Аксель Вервудт онцолжээ.
Өөр төрлийн дизайн болон материалын хоршил
Бусдаас ялгарах, дахин давтагдашгүй зүйлийг бүтээх хүслээс үүдэж төрөл бүрийн интерьерийн стиль болон материалыг хооронд нь зохицуулах эрэлт 2022 онд улам л нэмэгдэх болно. “Энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлэхдээ жижиг деталь дээр анхаараарай. Тухайлбал, орчин үеийн контемпорари дизайнтай гэрт Бразилийн винтэж модон сандлыг байршуулахад тухайн орчинд илүү дулаан уур амьсгал нэмэгдэх болно” хэмээн Эрик Гарсия Vogue сэтгүүлд хэлсэн байна.
Номын декор эргэн ирсэн нь
Номыг зөвхөн номын тавиур дээр тавьж, ширээний декор болгохоос гадна эртний номуудаар ширээ, тавиур, тэр ч байтугай шат хийх тренд интерьер сонирхогчдын дунд дэлгэрчээ. Хүмүүс энэхүү чиг хандлагыг хэрэгжүүлэхэд заавал номонд дурлагч байх албагүй бөгөөд энэ нь хүний мэдрэмжийг илтгэдэг төгс хэрэгсэл гэх талаас нь бодохыг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.
Тусгал тусгал бас дахин тусгал
Бид гэрийнхээ дотоод заслыг диско гэрэл, бүтээлч хүрээтэй толь, гялалзсан хөшиг зэрэг гял цал декоруудаар тохижуулж ирээдүй гэрэл, гэгээтэй байгааг илтгэх болно. Энэхүү тренд нь гэртээ толин тааз суурилуулах хүртлээ өргөжих боломжтойг салбарынхан таамаглаж байна.