Грэмми 2022: Улаан хивсний ёслол
Дуу, хөгжмийн ертөнцийн хамгийн хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг болох Грэмми наадам Лас Вегас хотын MGM Grand Garden Arena цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн ёслол дээр хүрэлцэн ирсэн зочид нүд гялбам глэм, шийдэмгий төрхүүдийг бүрдүүлжээ. Түүнчлэн тэд Грэммигийн улаан хивсэн дээр өөрсдийн төрхөөрөө дамжуулан хувь хүний онцлог болоод нийгэмд тавигдаж буй асуудлыг хөндөхөө мартсангүй. Тодруулбал, Lil Nas X, Билли Портер нар өмссөн хослол болон даашинзаараа дамжуулан хүйсгүй загварыг харуулсан бол дуучин Мика Ньютон Украины ард иргэдийг дэмжин тус улсын далбааны өнгө болох цэнхэр-шар өнгийн туузыг энгэртээ зүүсэн байв. Наадмын эрэгтэй зочдын хувьд твид, саатай, сонгодог хар, шүрэн чимэглэлтэй гээд төрөл бүрийн хослолуудыг харуулсан юм. Харин Грэммигийн тайзыг үзүүлбэрээрээ доргиосон Билли Айлиш Rick Owens-ын даашинз сонгон хар өнгийн монохром төрх бүрдүүлсэн бол Оливия Родриго Vivienne Westwood загварын ордны ягаан саатай деталь бүхий макси даашинз өмсөж, харин BTS хамтлагийн гишүүд Louis Vuitton ордны намрын цуглуулгад багтсан хослолоор төрхөө бүрдүүлжээ.
64 дэх Грэмми наадмыг өмнө жилийн адил Тревор Ноа хөтлөн явуулж Оливия Родриго, Билли Айлиш, Lil Nas X, Жэк Харлоу болон Брэнди Карлайл уран бүтээлчид, мөн Brothers Osborne дуо болон BTS хамтлаг нар үзүүлбэрээ толилуулах юм.